Цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй, санамсар болгоомжгүй байдал даамжирсанаас үүдэлтэй гал түймрийн дийлэнх нь гэр хороололд гарснаас нийт хохирлын хэмжээ 280 гаруй сая төгрөгт хүрчээ.
Оны өмнөхөн аймгийн “Есөн-Эрдэнэ” захын барааны хэсэгт гал түймэр гарсан бөгөөд галын шалтгаан нь одоогоор тодорхой бус байгаа аж. 2009 онд тус захад мөн л гал түймэр гарч 50 гаруй сая төгрөгийн хохирол учирч байжээ. “Сүүлийн үед хөдөө орон нутагт гал түймэр гарах хандлага нэмэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болоод байгаа”-г албаныхан онцолж байна. Мөн Баянлиг суманд цахилгааны аюулгүй байдал алдагдсаны улмаас хоёр давхар зочид буудал шатсан бол Заг суманд гагнуур хийхдээ сэрэмж алдсанаас сургуулийн нэг танхим, дээвэр шатсан хэрэг гарчээ. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг сар бүр зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн онд таван сумыг үзлэгт хамруулсан байна.