Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаад ирсэн Ч.Сосормаатай ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй бөгөөд хойшид хийж, хэрэгжүүлэх олон санаа өвөрлөн иржээ.
-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу?
-Сайн, сайн байна уу. Яг ямар сэдвээр ярилцах билээ, хоёулаа?
-Тантай ярилцах олон сэдэв байна. Бразилаас тээж ирсэн шинэ содон санаа, туршлага, Элчин сайдын албыг эмэгтэй хүн үүрэхийн жаргал зовлон, Риогийн олимп, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлууд, Улс төрийн намын болон төрийн албаны хууль, нийгэм, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал гээд өргөн сэдвээр ярилцаж болохоор байна.
-Энэ удаад хоёулаа улс төрийн хүрээний яриагаа түр үлдээе. Би эх орондоо ирээд удаагүй байна. Улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явцыг гаднаас нь ажигласнаас дунд нь орж мэдрэх зав гараагүй болохоор тэр хүрээнд яриа өрнүүлэхээ азная.
-Таныг Бразилд Монгол Улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд тус улсад зуны олимп тохиосон. Тиймээс эхлээд олимпийн наадмын сонин хачин хийгээд сургамжийн талаар ярилцъя.
-Бразил улсад Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд маань зуны олимпийн XXXI наадам тохиосон нь миний хувьд нэр төрийн хэрэг болсон. Манай Элчин сайдын яам олимпийн хотхонд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Бразил улсын хувьд улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын хувьд маш хүнд үед зуны олимпийг амжилттай зохион байгуулсан. Тухайн үед Бразилд улс төрийн хямрал гүнзгий явагдаж байсан. Ерөнхийлөгч Дильма Руссеффт итгэл үзүүлэх эсэхээ парламент нь хэлэлцэж, олимпын наадмын өмнөхөн ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Олимпийн наадмаас хэдхэн хоногийн өмнө ийм үйл явдал болсон нь улс төрийн нөхцөл байдлыг хурцадмал болгосон. Эдийн засгийн хувьд сайнгүй цаг үе тохиосон. 2016 оны зуны олимп зохион байгуулах эрхийн төлөө Бразилийн Рио-де-Жанейро хот 2008 онд Испанийн Мадрид, Японы Токио, АНУ-ын Чикаго хотуудтай өрсөлдөж байх үед тус улс улс төр, эдийн засгийн хувьд хүндрэлгүй, тайван таатай байсан. Харин найман жилийн дараа эдийн засгийн хувьд хямралд орчихсон байснаас Бразилийн зарим нэг хүмүүс “Бидний татварын мөнгөөр олимп зохиох нь шударга биш” гэж эсэргүүцэн жагсаж байсан. Тухайн үед дэлхийн бусад улс орнуудад террорист халдлагууд гарч байсан нь болгоомжлол төрүүлж байлаа. Мөн тус улсад зика вирусийн халдвар түгж, түгшүүр нэмсэн. Гэсэн ч Бразилийн Засгийн газар маш сайн ажиллаж, ард түмэн нь үүргээ нэр төртэй биелүүлж, олимпийн наадмыг үнэхээр сайхан зохион байгуулсан.
Олимпийн өмнөх таагүй нөхцөл байдлаас болж, тамирчдаа энх тунх, эрүүл саруул, эрсдэлгүй олимпт оролцуулах үүднээс бид 1000 км-ын алсаас Рио-де-Жанейро хотод очиж байсан. Манай тамирчид олимпоос 14 хоногийн өмнө олимпийн хотхонд очиж бэлтгэл хийсэн. Ингэж орчиндоо дасаж дадсан нь тамирчдад дэм болсон гэж боддог юм. Монголын тамирчид аливаад дасан зохицох чадвар сайтай, тэсвэр тэвчээртэйг харж бахархсан. Олимп гэдэг үнэхээр гайхамшигт наадмаас медаль өвөртөлж ирнэ гэдэг ямар бэрх хэрэг болохыг нүдээр харж биширсэн.
-Олимпоос төрсөн сургамж юу байв?
-Бидэнд эв нэгдэл маш чухал гэдгийг наадмын үеэр анзаарсан. Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын газрын хооронд үйл ажиллагаагаа уялдуулж чадахгүй, үл ойлголцсон байдал ажиглагдаж байсан. Спортын холбоод ч дотроо маш их зөрчилтэй байдаг тухай хэвлэлээр мэдээлэх нь бий. Энэ үл ойлголцол, зөрчил маргаантай байдал тамирчдад, дасгалжуулагчдад сөргөөр нөлөөлдөг юм шиг санагдсан. Тэгэхээр спортын салбарын байгууллагууд, спортын холбоод эв нэгдэл, хамтын манлайлалдаа анхаарна уу гэж хэлмээр байна.
Спортод хөрөнгө оруулж буй цөөхөн хүн бий. Ерөнхийлөгч Х.Баттулга, сумогийн их аварга Д.Дагвадорж, ‘Ажнай’ группийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нарын хүмүүс их спортод элэгтэй хандаж, ивээн тэтгэдэгт талархах ёстой. Гэхдээ бид спортын холбоодын санхүүжилтийн тогтолцоог хараат бус болгох хэрэгтэй санагдсан. Тэгэхгүй бол их спортыг улс төрийн болоод хэн нэг хүний нөлөөллөөс гаргаж чадахгүй юм байна. Бразилд бол энэ асуудлыг татварын хуультайгаа уялдуулсан байдаг. Спортын аль нэг клубт хандив өгсөн хүнд татварын хөнгөлөлт үзүүлдэг байх жишээтэй. Ингэж спортын клубүүд нь нээлттэйгээр санхүүжилт олж, ардчилсан удирдлага руу шилжсэн байдаг. Ардчилсан засаглалын сонгодог хэлбэрийг хэрэгжүүлснээр эв нэгдэл бий болдог юм байна. Эв нэгдэл бий болохгүй бол их олимпт амжилт гаргахгүй.
Бас нэг анхаарах зүйл бол тамирчдын сэтгэл зүйн бэлтгэл. Манай тамирчид хүч чадлаар бол дутахгүй. Эрүүл агаарт өссөн, бие томтой, тэсвэр тэвчээртэй. Харин сэтгэл зүйн бэлтгэл жаахан дутмаг байгаа нь анзаарагдсан.Тиймээс спортын сэтгэл зүйч, нийгмийн ажилтныг ажиллуулах ёстой юм билээ. Нөгөөтэйгүүр, гадаадын улс орнууд спортын дэд бүтцийг иж бүрэн хөгжүүлсэн байдаг юм байна. Спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэхгүй бол тамирчдаа сэтгэл зүйн дарамтад оруулчих вий дээ гэсэн бодол төрсөн.
-Бразил улс одоо улс төр, эдийн засгийн хүндрэлээсээ гарч чадсан уу. Хүндрэлийг хэрхэн гатлав, эх орондоо нутагшуулчихаар туршлага юу байв?
-Бразилийг дэлхийн долоо дахь эдийн засаг гэж зүгээр ч нэг хэлээгүй. 207 сая хүн амтай, хүн ам, газар нутгийн хэмжээгээр дэлхийд айргийн тавд багтдаг, эдийн засгаараа долоод жагсдаг улс. Манай Элчин сайдын яам зөвхөн Бразил төдийгүй Аргентин, Чили, Колумби, Уругвай, Перу гэхчилэн эдийн засаг нь эрчимтэй сэргэж байгаа, хөгжиж буй орнуудын асуудлыг хамтатган эрхэлж байсан. Тэр дундаа мэдээж Бразилийг илүүтэй анхаарч ажилласан. Бразил хөдөө аж ахуй аж үйлдвэрлэл нь өндөр төвшинд хөгжсөн тив улс. Эдийн засгийн хүндрэлээ тун удахгүй амжилттай даван гарна гэдэгт итгэлтэй байна. Учир нь тус улс байгалийн баялаг арвинтай. Төмрийн хүдэр, хийгээр дэлхийд тэргүүлдэг, хөдөө аж ахуйг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлсэн, аж үйлдвэржсэн орон шүү дээ.
Энэ бүхнээс гадна Бразил хамгийн том бэрхшээлээ даван туулсан. Сүүлийн 10 гаруй жил Бразилийн нэртэй улстөрчид, бизнесийн бүлэглэлүүдийн сүлбэлдсэн авлигын хэргийг илчилж чадсан. “Машин угаалга” гэх мөрдөн шалгах ажиллагаа богино хугацаанд амжилт авчирч, авлигыг халж болно гэдгийг дэлхийд таниулж байгаа орон. Тус улсын авлигын эсрэг ажиллагаа 2014 оноос эхэлсэн байдаг. Энэ хугацаанд 232 хүнийг сэжигтнээр татан шалгаж, 160 хүнийг хорьж, 10 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг царцаан, улс төрчдийн оффшор данснаас мөнгийг нь татан, улсын орлого болгож чадсан.
“Машин угаалга” ажиллагаанаас үүдэн тус улсын Конгрессийн хоёр танхимын дарга огцорч, сая сая бразилчуудын бахархал болж байсан Ерөнхийлөгч асан Лула да Сильва 9.5 жилийн ял сонссон. Хараат бус шүүх засаглал нийгэмд шударга ёсыг тогтоож, ардчиллыг сахин манаж чаддаг гэдгийг харуулсан амжилтын эзэн бол шүүгч Серхио Моро /Sergio Moro/.
-“Машин угаалга” ажиллагаа 2014 оноос эхэлсэн гэхээр авлигыг богино хугацаанд халж болдог байх нь ээ?
-Үнэхээр гайхалтай түүхэн үйл явдлын гэрч болсон. Асар богино хугацаанд авлигын асар том сүлжээг илрүүлж, таслан зогсооно гэж төсөөлөөгүй. Цагдаа, шүүх, прокурорын баг хамтарч ажиллахад авлига хол явахгүй гэдэг нь харагдсан. Эл хэрэг анх Бразилын төрийн өмчит компаниас эхэлсэн байдаг. Хэрэг илрүүлэхэд маш их бэрхшээл тулгарсан ч шударга ёсыг тогтоож байгаа шүүхээ ч, шүүгчээ ч ард түмэн хамгаалаад эхэлдэг юм билээ. Шүүгч Серхио Моро зоригтой, шударга, зарчимч. Тэр үхлээс ч айгаагүй. Бүгдийг донсолгосон шүүгч залуу одоо Бразилийн ард түмний хайртай хүү болсон.
Монголд авлига улиг болчихлоо. Авлигыг халж болно гэдэгт итгэхээ ч больчихсон. Тэгвэл олон жилээр ужгирсан, нэр хүндтэй улстөрч, бизнесменүүдийг хамарсан авлигыг, бусармаг хэргийг илрүүлж болдог гэдгийг Бразил улс бэлхнээ харууллаа. Тиймээс би авлигыг халсан Бразилийн туршлагыг нүдээр харсан хүний хувьд жишээ татаж, нийтлэл болгон бичиж байна. Цаашид Бразил улс хурдтайгаар хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь улс орны хөгжилд хамгийн их саад болдог хорт хавдраа аваад хаячихлаа шүү дээ.
-Та хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эв санааны эдийн засаг” гэсэн шинэ нэр томъёог олон удаа дурдсан байсан. Энэ талаараа манай уншигчдад товчхон тайлбарлана уу?
-Эв санааны эдийн засаг гэдэг иргэд хүсэл зоригоороо эвлэлдэн нэгдэж, эдийн засаг, нийгэм, соёлын хэрэгцээгээ хангахын тулд хамтын удирдлага, хяналтыг хэрэгжүүлэн хөдөлмөрөөрөө хоршин ажиллах тогтолцоог хэлж буй юм. Эв санааны эдийн засгийн хэлбэр нь хоршоолол, нөхөрлөл, бүлэг, холбоо гээд янз бүр. Монголд социализмын үед төрөөс удирдан хамтрал, коммун, нэгдэл гэгчийг байгуулахдаа иргэдийн эв санааны энэхүү ардчилсан нийгэмлэгийн амин сүнсийг устгачихсан. Тэр амин сүнс бол иргэд төрөөс үл хамааран өөрсдийгөө удирдаж, баялгаа бүтээн байгуулж, үр ашгийг нь хүн бүр шударгаар тэгш хүртэж чадна гэсэн итгэл үнэмшил байсан юм. Харамсалтай нь үзэл суртлаар удирдуулсан, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист төр нь дээрээс заан зааварлаж, социалист хоршоолсон загвараар иргэдийг төр засагтаа үйлчилдэг эрэг шураг мэт болгочихсон хэрэг.
Тийм ч болоод тэр үү, өнөө хүртэл хоршоолол гэх үгийн нэр хүнд тааруу. Уул үг нь хоршин нэгдэх гэсэн утгатай ч хоршоолол гэхээр дампуурал мэт ойлгох хүмүүс ч бий.
Яг үнэндээ бол нийгмийн баялаг хэдхэн хүний гарт төвлөрсөн эдийн засгийн дарангуйллын эсрэг, баян ядуугийн ялгаа, нийгмээс тусгаарлагдан ялгаварлагдан гадуурхагдахын эсрэг тэмцлээс хоршоолсон хөдөлгөөн үүссэн түүхтэй. Орчин үед үндэстэн дамнасан хоршооллын толгой группүүд ч төрөн гарсаар байна. Тэд хувийн компанитай адилхан ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хэдий ч нэг хүн биш нийт гишүүд нь өмчилдгөөрөө ялгаатай. Ашгаа ч нийтээрээ хүртэнэ л гэсэн үг.
-Яг энэ чиглэлээр та Монголд юу хийх вэ?
-Ирэх аравдугаар сард Бразилийн хоршооллын холбооны ерөнхийлөгч нь төлөөлөгчдийн хамт Монгол Улсад ирнэ. Аравдугаар сарын 25,26-нд олон улсын хоршоологчдын туршлага солилцох хурал манай улсад болно. Уг хуралд Бразилаас гадна Япон, БНСУ зэрэг хэд хэдэн орны төлөөлөгчид ирнэ. Олон улсын хурлыг амжилттай зохион байгуулах нь миний хамгийн эхний зорилго болоод байна.
Цаашдаа эв санааны эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн оролцоотой төсөвтэй болох зэрэг олон сайхан туршлагыг эх орондоо нутагшуулах ажилд шамдан орно. МСҮТ-ийг мэргэжлийн холбоодод шилжүүлж буй туршлагыг нэвтрүүлэхээр ажиллана.
-Ярилцсанд баярлалаа. Шинэ санаа, шинэлэг ажил болгонд тань амжилт хүсье.