1997 оны наймдугаар сарын 31. Одоогоос яг 20 жилийн өмнөх энэ өдөр Диана гүнж хорвоог орхин оджээ.
“Ард түмний гүнж” хэмээн нэрлэгддэг Диана хэмээх бүсгүйг дэлхий нийт энэ өдрүүдэд дурсан санаж байна. Гэхдээ Диана чухам хэн байв? Тэр амьдралдаа ямар замыг туулсан бэ гэдэг нь өнөөг хүртэл оньсого хэвээр байгаа юм.
Саяхан цахим сүлжээнд Диана гүнжийн туулж өнгөрүүлсэн амьдралынх нь тухай олон шинэ баримтууд ил болсон. Эдгээр баримтуудад үндэслэн “Диана: амьдрал ба өв” баримтат кино бүтээсэн нь өнөөдөр олон нийтийн хүртээл болно. Мөн хунтайж Уильям болон Харри нар ээжийнхээ тухай анх удаа ярилцлага өгсөн нь баримтат кинонд багтаж байгаа аж.
Диана гүнжийн түүх бол жинхэнэ үнсгэлжингийн түүх гэмээр. Хүүхэд асрагчаар ажилладаг байсан бүсгүй гэнэтхэн жинхэнэ хунтайжийн гэргий болов. Гэвч хосууд үлгэрт гардаг шиг аз жаргалтай, урт удаан амьдарч чадаагүй юм. Үзэсгэлэнтэй, найрсаг зантай, сэтгэл татам Диана Их Британийн хааны ордны хатуу уламжлалтай эвлэрч, протоколын дагуу амьдрах шаардлагатай болсон нь мэдээж. Эмгэнэлт хувь тавиланг туулсан гүнж энгийн хүмүүсийн зүрх сэтгэлд “Ард түмний хайртай гүнж” хэмээн өргөмжлөгдсөөр иржээ.
Диана Спенсер хүүхэд байхдаа тийм ч сурлага сайтан байгаагүй ажээ. Балетчин болохыг хүсдэг байсан ч хэт өндөр байсан тул мөрөөдлөө орхисон гэдэг. Тэр 178 см өндөртэй байсан. Хожим нь, Диана ирээдүйд хэрэгтэй мэргэжил гэхээсээ илүүтэй өөрийн дуртай мэргэжлийг сонгожээ. Тэр хүүхэд асарч, үдэшлэг зохион байгуулдаг байв.
Яг энэ үед хааны гэр бүл хунтайж Чарльзийн сүйт бүсгүйн “дүрд тоглох” бүсгүйг идэвхтэй хайж байлаа. Харин Диана болон Чарльзийг нийлүүлэхэд тэдний эмээ нар их үүрэг гүйцэтгэжээ. Учир нь тэд хөрш айлын танилууд байсан гэдэг. Диана хэрэгтэй цагтаа, хэрэгтэй газартаа байж таарсан нь энэ бүх "үлгэр"-ийг бодит болгох боломж олдсон гэж болно. Залуус хэд хэдэн удаа санаандгүй тааралдаж, удалгүй хэвлэлийнхэн хунтайж Чарльзийг "Сүйт бүсгүйтэй боллоо" хэмээн шуугих болжээ. Чарльзийн эцэг хүүдээ Дианагийн нэр хүндийг үргэлж хамгаалж байхыг захидаг байсан гэдэг. Хунтайж Чарльз эцгийнхээ захиасыг тушаал хэмээн хүлээн авч, Дианад гэрлэх санал тавьжээ.
Хосууд 1981 оны долдугаар сарын 29-нд хурмаа хийв. XX зууны түүхэнд тодоор бичигдсэн энэ хурим тийм ч төгс байгаагүй тухай Диана гүнж тэмдэглэлдээ бичсэн байдаг. Тухайлбал, Диана хунтайж Чарльзийн албан ёсны нэрийг хольж орхисон удаатай. Тэр Чарльз Филипп Артур Жорж гэж хэлэх ёстой байсан ч Филипп Чарльз Артур Жорж гэж хэлжээ. Харин хунтайж Чарльз хуримын тангараг өргөхдөө “Байгаа бүхнээ зөвхөн чамтай хувааж амьдрахаа тангараглаж байна” гэж хэлэх ёстой байсан ч “Чамд байгаа бүхнийг зөвхөн чамтай хувааж амьдрах болно” гэж андуурч хэлсэн. Энэ мэтчилэн тэдний хуримын ёслол алдаатай болжээ. Хуримын ёслолын ажиллагаанаас хойш хоёр долоо хоногийн дараа Диана “Бал сарын аяллаар сайн унтаж авлаа” хэмээн тэмдэглэлдээ бичиж байсан гэдэг.
Хосууд Уильям болон Харри гэсэн хоёр хүүтэй. Хааны гэр бүлд амьдарч байхдаа хөвгүүдтэйгээ хамт өнгөрүүлсэн мөч хамгийн аз жаргалтай байсан талаар Диана дурсдаг байсан. Диана хөвгүүдээ энгийн хүүхдүүдийн адил өсгөхийг хичээдэг байв. Тэд ‘Мак дональдс’ гэж юу болохыг мэддэг байсан төдийгүй хүүхдийн соёл, амралтын төвүүдэд цагийг өнгөрүүлэх дуртай байжээ. Диана хөвгүүдээ сургуулиас нь тармагц өөрөө авахыг хичээдэг байсан гэдэг.
Харамсалтай нь, тэдний хамтын амьдрал удаан үргэлжилж чадаагүй юм. 13 насны зөрүүтэй тэд аажмаар хөндийрчээ. Чарльз бол язгууртан. Тэр маш чанартай дээд боловсрол эзэмшсэн, эрдэм боловсролтой хүн. Харин Дианагийн хувьд эсрэгээрээ, түүний унших дуртай ном нь “Хааны сүйт бүсгүй” байв. Тэр нөхрөө эр хүн гэж огт анзаардаггүй байсан нь Чарльзийг Камилла руу түлхэх нэг шалтаг болсон гэгддэг. Камилла бол Чарльзтай есөн жил үерхсэн найз бүсгүй нь. Энэ үед Диана гүнж морин спортын хичээл заадаг байсан, багш Жеймс Жьюиттэй нэр холбогдсон юм. Мөн түүнийг бие хамгаалагч Барри Маннакид дурласан гэж ярьдаг. Тэдний харилцаа ил болмогц, бие хамгаалагчийг ажлаас нь халж, гурав хоногийн дараа хөнөөсөн түүхтэй.
Нэг удаа Диана ярилцлага өгч байхдаа ‘Миний амьдралд ард түмэн хэт их оролцож байна’ гэж ярьж байжээ. Энэ ярилцлагад түүний амьдралд хааны гэр бүлийнхний оролцоо хэт их байснаас гадна, Чарльз өөр бүсгүйтэй болсон гэдэг утга санаа агуулагдаж байв. Гэхдээ асуудал үүнд байгаагүй. Гүнж хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хэт их оролцож байгаа нь хааны гэр бүлд таалагдаагүй ажээ.
Хааны ордон Дианагийн энэ үйлдэлд ундууцаж байсан ч энгийн ард түмэн түүнийг шүтэн биширч байв. Тэр асрамжийн газарт зочилж, ДОХ-ын эсрэг тэмцэлд хандив өргөж, олон нийтийг сайн үйлсийн аянд оролцохыг уриалдаг байлаа. Энэ үйлдлийнх нь төлөө түүнийг “Ард түмний гүнж” хэмээн өргөмжилдөг болсон юм.
Диана, Чарльз нар 1996 онд албан ёсоор саллаа. Хааны гэр бүл Дианад 17 сая фунт төлсөн бөгөөд хүүхдээ хүмүүжүүлэх эрхийг нь үлджээ. Гэхдээ тэд Дианагаас хааны гэр бүлийн гишүүний хэргэм зэргийг нь хураасан юм. Энэ үед Диана маш их шаналсан гэдэг. Бяцхан хунтайж Уильям уйлж буй ээжийгээ тэврэн “Битгий уйл, ээж ээ. Бүх зүйл сайхан болно” гэж хэлж байсан удаатай. Мөн тэр том болсныхоо дараа ээждээ хааны гэр бүлийнх нь хэргэм зэргийг сэргээж өгнө гэж өөртөө амласан байжээ. Харамсалтай нь, бяцхан хунтайжийн амлалт талаар болсон юм.
Их Британийн албан ёсны гүнж байхаа больсныхоо дараа Диана тайван амгалан амьдрал хүлээж байсан нь талаар болов. Түүнийг ямар хувцас өмссөн, хэнтэй уулзаж, ямар арга хэмжээнд явж байна гэхчлэн хэвлэлийнхэн алхам бүрийг нь танддаг байв.
Гэхдээ тэр нэг өдөр буюу 1997 оны наймдугаар сарын 31-нд Диана Парисын төвд авто замын осолд орж, үүрд явсан билээ. Хатан хаан Элизавета II түүнийг нас барсантай холбогдуулан телевизээр гүн эмгэнэл илэрхийлсэн байдаг.
Энэ өдрөөс хойш 20 жил өнгөрчээ. Түүний дурсгалыг хүндэтгэж, найруулагч Ник Кент баримтат кино бүтээсэн нь олон нийтийн сонирхлыг маш ихээр татаж байгаа. Баримтат кинонд Диана гүнжийн хөвгүүд, Их Британийн хаан ширээний залгамжлагчид болох Кембрижийн хунтайж Уильям, түүний дүү Харри нар анх удаа ээжийнхээ талаар ярилцлага өгчээ.
Хунтайж Харри “Бид ээжийнхээ тухай анх удаа ярьж байна. Тэр бол биднийг хайраар тэтгэж байсан хүн” гэсэн бол Харин хунтайж Уильям “Тэр үргэлж инээмсэглэж, аз жаргалаар дүүрэн байдаг байсан. Түүнд тохиолдсон золгүй явдал миний хувьд тэсэхийн аргагүй сэтгэлийн гүн шаналал байсан” хэмээжээ.
Киноны найруулагч Ник Кент “Хэзээ ч, хэн ч тэдний өнцгөөр Диана гүнжийн тухай ингэж ярьж байсан удаа байхгүй. Тэд бүхнээс илүү түүнд хайртай, түүнийг мэддэг хүмүүс” гэдгийг тодотгожээ.
Ард түмний хайртай гүнж Дианагийн хөвгүүд ээжийнхээ дурсгалыг хүндэтгэн, Лондонгийн Кенсингтоны ордонд энэ оны дөрөвдүгээр сард Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Тэд ээжийнхээ дурсгалын өмнө 1200 цагаан цэцэг суулгасан юм.
Диана Фрэнсис Спенсер нь Их Британийн хаан ширээг ирээдүйд залгамжлах хөвгүүдийн ээж билээ. Диана гүнжийн тухай олон ном, арав гаруй кино бүтээж байсан. Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүнийг XX зууны хамгийн алдартай эмэгтэй хэмээн нэрлэсэн. Тухайлбал, 2002 онд BBC телевизийн явуулсан судалгааны үр дүнд Их Британийн хамгийн алдартай, агуу хүмүүсийн жагсаалтын гуравт Диана гүнж орсон байдаг. Түүний араас хатан хаан Элизавета II болон бусад хааны гэр бүлийнхэн багтдаг билээ.
Холбоотой мэдээ