Эрх барьж буй хоёр намынхан идэвх зүтгэлтэй гишүүдээ албан тушаалаар шагнадаг нь нууц биш. Айл өрхөөс нэг нь л аль нэг намд гайгүйхэн алба хашчихвал ахан дүүс бүү хэл бэр эгч, баз хүргэнээ хүртэл нэг суудалд суулгаж амждаг. Үүнээс болж яам, агентлагуудад “цус ойртож”, шударга үнэнийг хэлчихдэг, хүний төлөө, ажлын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс нэг бол амаа үдүүлсэн мэт дуугүй явах, эсвэл “сайн дураараа” ажлаа өгөхөөс аргагүйд хүрч байна. Саяхан л гэхэд Ардчилсан намын Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргын албыг хаших болсон. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газарт бүүр ч сонирхолтой үйл явдал өрнөж эхэлжээ. Тус байгууллагын орлогч даргаар ажиллаж буй Ц.Хун гэгч нь өөрийн төрсөн ах Ц.Энхбатыг өөрийнхөө байгууллагын дарга болгохоор хичээн зүтгэж санасандаа хүрч буй сурагтай байна. Дүү нь ахынхаа ачийг хариулах нь хүмүүний ёсон хэдий ч бүхэл бүтэн байгууллагыг ахан дүүсээрээ эзэгнэн ноёлдог нь хаанахын ёс юм бол оо. Ц.Энхбат хэдийгээр Эрүүл мэндийн яаманд газрын дарга, дэд сайдын алба хашиж явсан нэгэн боловч дүүтэйгээ хамт нэг байгууллагыг өөрийн хувийн компани мэт хуваан эзэмших болж буйд олон хүн гайхширч байна.
М.Сура