Морингийн даваанд 860 өрх хорионд оржээ

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Морингийн даваанд 860 өрх хорионд оржээ

Морингийн даваанд 860 өрх хорионд оржээ

Гэртээ харьж чадахгүй найзындаа дөрөв хонож байгаагаа Хан-Уул дүүргийн Х хорооны иргэн Ч.Мөнхдалай хэлэв. Энэ сарын 26-ны өдөр гадуур ажил хөөцөлдөж яваад гэртээ харих гэтэл хорио цээр тогтоочихсон байжээ. Хоёр хүүхдэдээ арай гэж чихэр, жигнэмэг дамжуулж өгснөө ч хэллээ.

Хан-Уул дүүргийн Х хорооны нутаг Морингийн даваанд малын шүлхий өвчин гарсан тул энэ сарын 26-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Мөн баруун аймгаас мал, мах нийслэлд оруулж ирэхийг хоригложээ.

Морингийн даваанд 860 гаруй айл өрхийн 2300 гаруй иргэн амьдардаг. Хорио тогтоосноос хойш дөрөв хоногт байдал ямар байгааг сурвалжлахаар Морингийн давааг тусгаарласан хязгаарлалтын бүсийг зорьсон юм.

Хязгаарлалтын бүсийн гадна талд ар гэрийнхэндээ хүнсний материал өгөхөөр ирсэн иргэн цөөнгүй байлаа. Харин хорио тогтоосон бүсэд Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, дүүргийн эрүүл мэндийн төв, цагдаа зэрэг албаны ажилчид хяналт, шалгалтаа үргэлжлүүлсээр байна.

Хориглолтод орсон иргэд гэртээ харьж, ар гэрийнхэнтэйгээ уулзаж, хувцас хунараа солих хэрэгтэй байгаагаа учирлав. Хорио тогтоосон бүсэд нэг орсон бол гарах боломжгүй, хорио цээрийн дэглэмийг цуцалтал тэндээ байна гэдгийг албаны хүмүүс тэдэнд сануулж байсан юм.

“Шүлхийгээс болж нэг хүн амь насаа алдсан” гэсэн цуурхал Морингийн давааны айлуудад таржээ. Энэ нь худал мэдээлэл гэдгийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Цогтоо хэллээ. Хэвтэрт байсан 95 настай хөгшин нас барсныг иргэд шүлхийгээр өнгөрсөн гэж цуурцгаасан аж.

“Морингийн гэр хорооллыг тойрсон 12 км-ийн радиуст 16 хорио цээрийн бүс тогтоосон. Голомтын бүсээс гарах хөдөлгөөний хэсэгт ариутгалын багаж өгсөн. Шаардлагатай гэсэн тохиолдолд зарим иргэнийг хорио цээрийн бүсээс эмнэлгийн магадалгаагаар гаргаж байна” гэв. Тухайлбал, эрүүл мэндийн эмчилгээ авах зайлшгүй шаардлагатай төрөх дөхсөн, цус харвасан иргэдийг ариутгал хийгээд гаргаж байлаа.

Шүлхий туссан хоёр үхрийг Дундговь аймгийн Адаацаг сумаас авч ирсэн. Тухайн айлын 14 үхэрнээс шинжилгээ авч шүлхий туссан хоёр үхрийг устгалд оруулжээ. Одоогоор нэг үхэрт өвчний сэжиг илэрсэн тул ажиглалт хийж буйгаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын Хан-Уул дүүрэг дэх мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч М.Цэвэлмаа дуулгав.

Шүлхийдсэн хоёр үхэр малын вакцинд хамрагдаагүй байсан гэнэ. Малчдын хайхрамжгүй, хэнэггүй, харамч зан малын халдварт өвчин гарах үндэс болж байгааг албаны хүмүүс ярьж байлаа. Малаа вакцинд хамруулахгүйгээсээ болж эдийн засгийн хохирол амсч байгааг ч хэлэв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан “Он гарснаас хойш шүлхий өвчний гаралт нэмэгдэж байна. Малчид малдаа мал эмнэлгийн чиглэлийн эмчилгээгээ цаг тухайд нь хийлгэхгүй байна. Мөн малын шилжилт хөдөлгөөн замбараагүй байгаагаас болж шүлхий, цэцэг өвчний тархалт нэмэгдэж байна. Одоогоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон. Хэрэглэгчид малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийг нь шалгуулахыг шаардах хэрэгтэй” гэлээ.

Хорио цээрийн дэглэмд буй айл өрхүүдэд бэлэн мөнгөний хомсдол үүсээд байгаагийн улмаас явуулын бэлэн мөнгөний машин өнөөдрөөс иржээ. Хуулийн дагуу хорио цээрийн дэглэмийг 28 хоногийн турш тогтооно. Иймээс ирэх сарын 22 хүртэл дэглэм үргэлжлэх аж. Хэрэв шаардлагатай бол энэ хугацааг сунгаж болох юм байна.

Гэрэл зургийг Н.Батмөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж