Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр /2017.08.30/ хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн шийдвэр гаргалаа. УИХ-ын нэр бүхий 31 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-д өргөн барьсан. Улстөрийн зөвлөлөөс УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжих чиглэл бүхий тогтоол гаргажээ. Уг тогтоолд, УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцож ажиллах нь зөв гэсэн саналд нэгдсэн талаараа дурьджээ.
Засгийн газрыг огцруулах УИХ-ын 31 гишүүн гарын үсэг зурсан бол АН-ын есөн гишүүн ч мөн Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжихээр боллоо. Засгийн газрыг огцруулах асуудалтай холбогдуулан Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдаж байгаа бол АН-ын бүлэг ч мөн хуралдахаар тов гаргаад байгаа юм.
Ардчилсан намын Улстөрийн зөвлөлд аймаг, нийслэлийн намын дарга болон Үндэсний бодлогын хорооноос бүрдсэн 30 гаруй гишүүнтэй юм.
Ш.ЧИМЭГ