Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн наймдугаар сарын 30-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгаврууд өглөө. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хороо хариуцсан мэргэжилтэн Н.Доржпүрэв танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг 08 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд хороо тус бүрт амжилттай зохион байгуулж 1-19 дүгээр хорооны 4000 гаруй иргэнийг хамруулсан байна. “Хөл газрын ургамалтай/зэрлэг/ тэмцэх аян”-ы хүрээнд дүүргийн хэмжээнд 8500м2 талбайг цэвэрлэн, хог хаягдлыг тээвэрлэн устгалд оруулжээ. Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 19 дүгээр хороонд мал бүхий айл өрх, иргэдэд гоц халдварт өвчин гарсан тохиолдолд болон гарахаас урьдчилан сэргийлж ажиллах талаар зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэх өдөрлөгийг зохион байгуулсан байна. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтсүүд хамтран 1, 2, 6-дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж мэдэгдэл хүргүүлэн, цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх талаар сануулга өгч гарын үсэг зуруулан, баримтжуулж ажилласан байна.
Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой комисстой хамтран мал бүхий айл өрхийн иргэдтэй уулзаж заавар зөвлөмж өгч ажиллах, ажлын тайлан, албан хэрэг хөтлөлт, албан бичиг боловсруулалт шийдвэрлэлтэд гарч буй алдаа дутагдлыг арилгахад анхаарч ажиллахыг онцоллоо.
Мөн дүүргийн 25 жилийн ойн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарч ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд “Дулаалгын аян”-ыг өрнүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн хур хогийг цэвэрлэх аяныг хэрэгжүүлэх, түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх, татан буулгах ажилд чиг үүргийн дагуу ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.
Эх сурвалж: ЧД