Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Монгол Улс хооронд Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны олон талт хөтөлбөрийн байнгын хяналтын аргачлалын тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2012 онд байгуулсан билээ. Энэхүү санамж бичгээр хүлээсэн үүргийнхээ дагуу, Монгол Улс нь иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын түвшинг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тогтоосон болон түүнээс дээш түвшинд хадгалж байгаа гэдгээ бататгах зорилгоор 2017 оны наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 04-ний өдрүүдэд ICAO ICVM буюу Үл тохирлыг хэрхэн залруулсныг баталгаажуулах үзлэг шалгалтад хамрагдаж байна. Энэхүү шалгалт нь 2010 онд хийсэн Аудитаар илэрсэн үл тохирлуудыг арилгах арга хэмжээний хэрэгжилтийг бодитоор шалгаж, бататгах үзлэг юм.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аюулгүй ажиллагааны олон талт хөтөлбөрийн байнгын хяналтын аргачлал (USOAP CMA) хөтөлбөр нь гишүүн орнуудынхаа иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын үйл ажиллагааны гүйцэтгэлийг шалгах, мөн олон улсын иргэний нисэхийн тулгуур баримт бичиг болох Чикагогийн конвенцийн нийт хавсралтууд /ANNEX/ болон аюулгүй ажиллагаатай холбоотой стандарт, зөвлөмжүүдийн хэрэгжилтэд аудит шалгалтыг хийх, эсхүл хөндлөнгийн хяналт тавих замаар нисэхийн аюулгүй ажиллагааг дэлхий нийтээр хангуулах зорилготой.
Энэхүү хяналтын хүрээнд аудитын 8 чиглэл бүрт зориулсан протокол асуултуудаар тухайн гишүүн улсын аюулгүй ажиллагаатай холбоотой олон улсын стандарт, зөвлөмж, холбогдох журмын хэрэгжилт, түүнд тавьж байгаа төрийн хяналт, аюулгүй ажиллагааны түвшинг хянан дүгнэдэг байна.
Баталгаажуулах үзлэг шалгалтын Багийн ахлагчаар ноён Николас Ралло, гишүүдээр ноён Жероме Патоуреаих, Лен Викс нар ажиллаж байна.
Эх сурвалж: ИНЕГ
Холбоотой мэдээ