Япон өрийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Япон өрийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй

“Үндэсний өрийн асуудлыг шийдвэрлэх асуудал дээр улстөрчид зөвшилцөлд хүрэхгүй бол хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах дээрээ тулаад байна” гэж Эдийн засаг, санхүүгийн бодлогын сайд Каору Ёсано “Financial Times”-д хэлсэн байна.

Засгийн газрын хувьд татварын системд өөрчлөлт оруулж, одоо таван хувь байгаа хэрэглээний татварыг нэмэгдүүлэх бодлого боловсруулахаар ажиллаж байгаа юм. Тус улсын Ерөнхий сайд Наото Кан ноён Ёсаног дуудаж, намуудын дунд санхүүгийн бодлогын талаар зөвшилцөл бүтээхэд туслахыг хүссэн байна. Японы санхүүгийн байдлын ирээдүйн талаарх эргэлзээ сүүлийн үед Еврозоны орнуудын өрийн хямралаас болж улам л хүндэрч байгаа юм. Өнгөрсөн онд ноён Кан өсч буй төрийн өрийн эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол Япон улс Грек шиг болох магадлалтай байна гэж сануулж байсан билээ.

Япон улс төсвийн алдагдлыг нөхөх тал дээр асуудалгүй бөгөөд ойрын ирээдүйд өрийн асуудалд орох төлөв байхгүй байгаа. Гэхдээ Ёсано энэ байдал ямар нэг дэмжлэггүйгээр цаашид үргэлжлэхгүй гэж сануулжээ.

“Манай орны санхүү эдийн засгийн байдал хутганы ирэн дээр байна. Японыг хүрээлж буй орчин нэг шөнийн дотор л өөрчлөгдөх эрсдэлтэй” гэж Ёсано хэлэв. 2008 оны санхүүгийн хямралаас хойш Япон улсын төсвийн алдагдал улам муудсан байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж