Багш нарын жагсаалд 10 мянган багш оролцохоо мэдэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Багш нарын жагсаалд 10 мянган багш оролцохоо мэдэгджээ

Багш нарын жагсаалд 10 мянган багш оролцохоо мэдэгджээ

“Цалин нэмэхийг шаардаж байна”, “Бид хүчтэй” хэмээн эсэргүүцлийн лоозон барьсан багш нар өнөөдөр /2017.08.30/ Сүхбаатарын талбайд жагсаж байна.

Жагсаалд оролцохоор ирсэн багш нар хамт олноороо нэгдэн цалингаа нэмүүлэх-ийг “Шаардаж байна”.

Өнөөдрийн жагсаалд сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн 10 орчим мянган багш нар оролцохоо мэдэгджээ. Одоогоор багш нарын түр хороонд ойролцоогоор 36 мянган багш нэгдэж, цалингаа нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Багш нарын зүгээс ирэх есдүгээр сарын 1-нд хичээлийн нээлтээ хийнэ. Харин есдүгээр сарын 15-наас хичээл хаялт зарлана гэсэн байр суурьтай байгаа ажээ.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга Ж.Батзориг: Багш нарын цалинг нэмэх боломж бий

-Хуулийн хүрээнд тэмцлийн үйл ажиллагаагаа шат дараатайгаар зохион байгуулна. Багш нарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн үйл хийхийг зөвшөөрөхгүй. Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос багшийн цалинг дор хаяж 1 сая 600 мянгад хүргэхийн шаардаж байгаа. Мөн Хөдөлмөр нийгмийн хөгжлийн гурван талт улсын хэлэлцээрийг яаралтай хийж, цалин нэмэх асуудлаар тохиролцоонд хүрэхийг шаардаж байна.

Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийн эхний 10 улсын нэгт ордог. Хүн ам цөөтэй. Мал сүргийн тоо ихтэй гээд улсад боломж бололцоо байгаа. Энэ боломж бололцоог шийдвэр гаргах түвшинд байгаа эрх баригчид зөв тийш нь чиглүүлж чадвал багш нарын цалинг нэмэх боломжтой. Бид дэлхийд 10-т орох хэмжээний байгалийн баялагтай байж заавал буурай хөгжилтэй орны багш нараас бага хэмжээний цалин авах ёстой юм бэ. Өнөөдөр 200 ам.доллар хүрэхгүй цалин авч байгаа багш яаж амьдралынхаа хэрэгцээг хангах юм. Гэтэл хөгжингүй орнуудад багш нар жилийн 40 мянган ам.долларын цалин авч байна.

Багш нарын түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа: Багш нар ажлын таван өдөрт 20-23 цагийн хичээл зааж, ачаалалтай ажилладаг

-Одоогийн байдлаар багш нарын 90 хувь нь цалингийн зээлтэй байна. Бид цалингаа нэмэгдүүлснээр ар гэртээ санаа зовохгүйгээр ажлаа хийж чадна. Өнөөдөр өр зээлдээ баригдсан багш нараас ямар ажлын үр дүн гарах нь ойлгомжтой. Мөн багш нар ажлын таван өдөрт 20-23 цагийн хичээл зааж, ачаалалтай ажилладаг. Багш нарын зүгээс цалин нэмэгдүүлэх шаардлагыг үргэлжлүүлж, зогсохгүй шүү гэдгийг хэлж байгаа. Тийм учраас бидний зүгээс Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд багшилж буй нийт 40 гаруй мянган багш нарын дуу хоолой болж байна.

Нийслэлийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн бага ангийн багш С.Мөнхтуул: Ийм нөхцөлд багш нараас яаж боловсролын чанарыг нэхэх юм бэ?

-Багш нарын цалин амьдралд нь хүрэлцээтэй байсан бол ингэж жагсахгүй. Өнөөдөр төр боловсролоо яаж үнэлж байна вэ? Ингэж бага үнэлэгдэж буй салбарын чанар, амжилт хэзээ ч ахихгүй шүү дээ. Коминизмын үед багш нарын цалин хангамж нэр хүнд ямар өндөр байсан билээ. Одоо дурын хүн багш нарын тухай ярьж, бичиж байна. Энэ бүхэн боловсролын үнэлэмж, нэр хүндтэй шууд холбоотой гэж бодож байна. Бид яг л айлын шоовдор хүүхэд шиг л байна. Манай сургуулийн бага анги гэхэд хамгийн бага нь 45 хүүхэдтэй. Багш нар бага насны тэр олон хүүхдүүдтэй ямар хүнд байдгийг хэн ч мэддэггүй, ойлгодоггүй. Энгийн хүмүүсийн ажил ажлын цагтаа дуусдаг бол бид гэртээ хариад хичээлийн дэвтрээ засна, зурах, наах материалаа гэр бүлийнхэнтэйгээ хамтраад хийнэ. Энэ  мэт асуудлыг зөвхөн багшаас бус багш хүний ар гэрээс асуугаад үзээрэй. Хичээлийн 45 минутад нэг хүүхдэд нэг минут ч зарцуулах боломжгүй ийм нөхцөлд багш нараас яаж боловсролын чанарыг нэхэх юм бэ.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж