Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Концесс тойрсон шоу

АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн концессын асуудлыг онилж, хэвлэлийн хурал зарлаж, сайд нарыг шүүмжлэн хэсэгтээ шоудаад амжив.

Сөрөг хүчнийхний өрдөж байсан концессын асуудлыг МАН-ын зарим гишүүд өлгөж аваад өвөр зуураа хэрүүлийн алим шидэлцэж эхэлсэн.

АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн, Топор ба түүний нөхөд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа концесстой холбоотой асуудлыг зориудаар дэвэргэх гэж оролдож байгаа нь улс төрийн явцуу эрх ашиг нуугдаж байгааг бэлхнээ харуулж байна.

Яг үнэндээ урьд хожид үзэгдээгүй цоо шинэ зүйлийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар гаргаад ирсэн юм биш. Онцолж, цоллоод байгаа 7 концессын гэрээний 6-г нь Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулжээ.  Ингэхдээ концесс эзэмшигчийг нь огт солиогүй, мөнгөн дүнг ерөөсөө нэмэгдүүлээгүй, харин ч бууруулсан юм байна.

Өмнөх Засгийн газрын үед Их хурал, аймаг, нийслэлийн шийдвэрээр 100 гаруй концессын гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ олонхийг нь Хятадын хөрөнгө оруулалттай компанид өгсөн. Концессын гэрээг 100-аар нь байгуулж байхад бүлх залгисан мэт чимээгүй байсан улстөрчид 6, 7 концессын гэрээнд эвэртэй туулай үзсэн мэт аашлахын учир юу вэ.

Хэл ам таталсан концессын гэрээг байгуулах эрх олгосон цаг хугацааны дарааллыг харахад тэгтлээ сүржигнээд байх зүйл байхгүй нь харагдаж байна.

Тодруулбал,

  • Сонгино сум хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн хатуу хучилттай замын төслийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 213 дугаар тогтоолоор,
  • Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын хатуу хучилттай замын төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор,
  • Сант сум, Орхон сум чиглэлийн хатуу хучилттай замыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын 296 дугаар тогтоолоор,
  • Оюутолгой цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төслийг Н.Алтанхуягийн Засгийн газар 2013 онд шугамын чиглэлийг Оюутолгой-Цагаан сурварга болгон өөрчилж, 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газрын 87 дугаар тогтоолоор,
  • Чойрын дэд станцын өргөтгөл, шинэчлэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор,
  • Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлгийг барилга, дэд бүтцийн төслийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор тус тус эрх олгох шийдвэрийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн нь гаргаж байжээ.

Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед тэрбум, тэрбумаар нь мөнгө цацаад гэрээ байгуулчихсан юм биш. Өмнөх Засгийн газруудын үед хууль ёсны дагуу ном журмаараа хийгдсэн гэрээ болж таарах нь.

Тэгээд ч Хятадын компаниуд концессын гэрээгээр ажиллаж байхад таг чимээгүй суусан мөртлөө үндэсний хэдэн компани ажиллах гэхээр улс төрийн зорилгоор үсчиж дайрдаг муухай монгол зангаасаа хэзээ салах вэ.

“Би л биш бол чи биш” гэж тогоондоо өрсөлддөг атаархуу аашаас болж үндэсний компани,тэдний цаана байгаа мянга, мянган ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгааг түмнээ төлөөлөхөөр Их хуралд суусан эрхэм түшээд хайхрахгүй байгаа нь харамсалтай.

Зарим улстөрчид маргаашийн албан тушаал, сандал ширээний төлөө концессын гэрээгээр шоудаж байхад үндэсний компанийн ажилчид өнөөдрийн аж амьдрал, үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө ажиллаж байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ. Товчхондоо бол одоогийн хөндөгдөөд байгаа концессын асуудал улстөрчдийн хувьд Засаг огцруулах шалтаг, албан тушаалд хүрэхдээ ашиглах өгөөш төдий болчихоод байна.

Концессын гэрээг шүүмжлэгчид хөдөө нутаг хөгжилтэй залгахыг, эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэхийг, эгэл жирийн монгол хүн ажилтай, орлоготой байхыг, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эдийн засгаа сайжруулахыг эсэргүүцээд байгаа хэрэг үү.

Улстөрчид л зурагтаар Монгол хүн орлоготой, Монгол компани ажилтай байх ёстой гэж хашгираад байдаггүй билүү.

Х.Санчир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж