Сүүлийн арваад жил Хойд Солонгос дэлхийн анхаарлын төвд, ялангуяа барууны хэвлэлийн бай болж ирлээ. Хойдуудыг хүн төрөлхтөний аюул гэж дэлхийн олон орон харж байна. БНАСАУ-ын цөмийн пуужингийн байнгын туршилт, лидерийнх нь заналхийлэл дэлхийг түгшээж буй. Ким Чен Уныг урьдчилан таамаглахын аргагүй, харгис лидер гэж барууныхан бичдэг. Иргэд нь өлсгөлөн ядууралд автаж, ганц хүний дарангуйлалд зовж яваа ард түмэн гэлцэх нь бий.
Энэ мэт Хойд Солонгосын домог дуулианыг “тарих” барууны хэвлэлийн төсөөллөөс байдал эрс өөр гэнэ.
Домог 1: Хойд Солонгосыг ардаа том армитай дарангуйлагч удирдаж байна
Бодит байдал: Хойд Солонгосын удирдлагуудын дотор ч зөрөлдөөн бий. Барууныхан тус орныг нэгдмэл цул армийн дэмжлэгтэй хүчирхэг дарангуйлагч удирддаг, тиймээс тэрслүү санааг шууд л харгислан дардаг гэдэг. Энэ нь бодит байдал дээр огт өөр гэж Лондоны их сургуулийн Дорнын ба Африкийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Хейзел Смит ярьж байна.
Хойд Солонгосыг зөвхөн Ким удирддаггүй. Тус орны тэргүүнд улс төр, цэрэг, эдийн засгийн асуудлыг шийддэг гэр бүлийн овгийнхон байгаа. Гэр бүлийн овгууд нь хоорондоо зөрчилдөөнтэй гэж шинжээч хэлж байна. Тэдний нэг хэсэг нь мөнгө санхүүгээ атгаж байна.
Домог 2: Хойд Солонгос дэлхийг сүйтгэхэд бэлэн
Бодит байдал: Хойд Солонгосын элитүүд үнэн хэрэгтээ цөмийн бөмбөгтэй болохыг хүсч, үүнийгээс өөрсдийн аюулгүй байдлын баталгаа болгож байгаа.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хойд Солонгосыг “хорлонт тэнхлэг” гэж нэрлээд зогсохгүй, дэлхийг нураах хүсэлдээ баригдсан улс орон гэж бичдэг.
Гэтэл цөмийн зэвсэг нь улс орныхоо өнөөгийн дэглэмийг хамгаалах баталгаа юм. “Балчир” Ким нь Саддам Хуссейн, Мауммар Каддафи нарын замаар орох хүсэлгүй учраас цөмийн пуужингаа бүтээн туршиж байна.
Домог 3: Урьдчилсан цохилт Хойд Солонгосыг зогсооно
Бодит байдал: Ямар ч довтолгоон ноцтой үр дагавартай, асар их хохиролд хүргэнэ.
АНУ, Япон, Өмнөд Солонгосын хувьд хэрэв Хойд Солонгост урьдчилсан цохилт өгвөл тэд ямар хариу өгөх вэ гэдэг том асуудал болсон. Хэрэв АНУ цохилт өгвөл Хойд Солонгос пуужин, цөмийн зэвсгийн нөөц, агаарын болон усан цэргийн хүчээ ашиглана. Гэхдээ Хойд Солонгос цохилтод бэлэн. Тиймээс хэн эхэлсэн нь хамаагүй, хэрэв дайн гарвал дэлхийд их сүйрэл дагуулна.
Домог 4: Хойд Солонгос Европт химийн хорт бодистой пуужингаар цохилт хийнэ
Бодит байдал: Японы Ерөнхий сайд Шинзо Абе Хойд Солонгост хорт бодистой пуужин бий гэж саяхан мэдэгдсэн. Ийм бодисыг Сирид хэрэглэсэн бөгөөд асар их хохирол дагуулсныг хэвлэлүүд бичсэн.
Өмнөд Солонгос нь Японы адил Хойд Солонгосын “домог”-уудыг зорилготойгоор хөөрөгдөж, хэрэв тус улс довтолбол холбоотнууд нь туслах ёстой хэмээн шаардаж байгаа.
Барууны хэвлэлээр Хойд Солонгосын пуужин Лондон, Лос-Анжелес эсвэл Вашингтон хотыг устгах чадвартай гэж бичиж байгаа ч шинжээчдийн хэлснээр энэ нь зөвхөн айдсыг дэвэргэж байгаа хэрэг ажээ.
Домог 5: Хойд Солонгос өмнөдийгөө устгахыг хүснэ
Бодит байдал: Хойд Солонгос өмнөдийг эсвэл эсрэгээр Өмнөд Солонгос нь умардыгаа захирахыг хүсч байна.
Хоёр улсын Засгийн газар Солонгосын хойгийн цор ганцаар захирахыг хүсдэг. Өмнөд Солонгос хойд хөршөө “дарангуйлагчийн дэглэмээс” “чөлөөлөхийг” хүсч байна. Гэхдээ энэ бүхэнд нэг үнэн бий. Тэр нь солонгосчууд үнэн хэрэгтээ нэг ард түмэн ба аль ч тал нь мах цусны тасархайгаа хөнөөнө гэж бодохгүй нь лав.
Ш.МЯГМАР