Дараалалд зогсож байсан тогоон чинээ гэдэстэй бүсгүйг банкны ажилтан дуудаж, бусад хүнээс урьтаж үйлчлэх боловсон санал тавилаа. Бие давхар эмэгтэй харваас баярлан, нэг хүний дараах дараалалд зогстол тэнд байсан хүмүүс эр, эмгүй түүнтэй барьцаж, шаагилдав. Банкны ажилтан жирэмсэн эхчүүд дараалалгүй үйлчлүүлэх ёстойг сануулж, нүүрээ улайтал учирласан ч өөрийн хэрэг бүтэж байвал бусдын асуудал хамаагүй гэж үздэг харалган голдуу хүмүүс тэнд цугласан байсан нь харамсалтай. “Хүний өмнөөс жирэмсэн болсон юм уу? Дараалалгүй үйлчилдэг юм бол тусгай цонхоороо үйлчил” гэж тал талаас уурсах олны ундууцал ажилтан, бүсгүй хоёрыг дэмий л нэг түнтэгнэж, нулимс унагахад хүргэв.
Монгол хүмүүс наад захын ийм үйлчилгээний соёлгүй, хүнлэг бус харилцаа яс маханд нь шингэчихсэн юм шиг муйхарладаг.
Нэг үеэ бодвол ихэнх банк жирэмсэн эхчүүд, 0-2 насны хүүхэдтэй эхчүүд, өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлсан үйлчилгээний цонх гарган, дараалалгүйгээр үйлчилнэ гэсэн журамтай болж. Гэвч хэрэгжүүлдэг нь ховор, ихэнхдээ бэлгэдлийн чанартай. Тусгай цонх, яг энэ үйлчилгээгээ бусдад чирэгдэл учруулахгүйгээр зохицуулах оролдлого бараг байдаггүй болохоор эхэнд бичсэн шиг “урдуур хойгуур орлоо” гэх явган хэрүүл тасардаггүй байх.
Банк гэлтгүй жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүй үйлчлэх хэлбэрийг үүрэн телефоны операторууд, үйлчилгээний бусад газар хэрэгжүүлдэг байх ёстой.
Дугаар, дараалал харгалзсан, харгалзаагүй тухайн хүн үйлчилгээгээ авах нэг хэрэг ч энэ соёлыг нэвтрүүлэх нь үйлчилгээний хүртээмжээ нэмж байгаа алсын ач холбогдолтой. Дээр нь бид өөрсдөө үйлчлүүлж, хүлээн зөвшөөрч, бусдад хүндэтгэлтэй хандах зөв хандлагатай болно. Жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин настай хүмүүсийг ад шоо үзэх биш.
Бэлгэдлийн чанартай өөр нэг үйлчилгээ үргэлжийн асуудал дагуулж ирсэн нь ариун цэврийн өрөө, нийтийн бие засах газар.
Ихэнх том дэлгүүр, супермаркет, зах, худалдааны төвүүд ариун цэврийн өрөөгөө “дамлах” бичил бизнестэй.
Уг нь бол Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын 4.18-д ‘Худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь иргэд үйлчлүүлэгчдэд бие засах газраар үнэ төлбөргүй үйлчилнэ’ гэхчлэн журамласан байдаг аж.
Гэвч зах, дэлгүүр, эмнэлгүүд ариун цэврийн өрөөгөө арилжаад болохгүй болохоор нь ШӨХТГ-аас 2014 онд худалдааны зах, үйлчилгээний байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж, ариун цэврийн өрөөнд чинь иргэд үнэгүй үйлчлүүлэх ёстой гэдгийг анхааруулж, нэг хэсэг хяналт, шалгалт тавьсан байх.
Хууль чангарвал хулгайчийн арга нарийсна гэгчээр ариун цэврийн өрөөгөөр бизнес хийж болохгүй гэчихсэн чинь одоо ихэнх байгууллага 00-оо байнга түгжээтэй байлгах болжээ. Таг түгжчихээд цэвэрлэгч, үйлчлэгч нь манаач шиг хаалгаа сахиад сууж байдаг үйлчилгээний газар олон.
Олон үйлчлүүлэгчтэй, цаг гаран дараалал хүлээж суух нь олонтаа болжээ. Гэтэл ихэнх банк, нийтэд үйлчилгээ үзүүлдэг газар ариун цэврийн өрөөтэй ч үйлчлүүлэгчдийг орохыг хориглодог.
Эрүүл ахуйн тухай хуульд “Худалдаа үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөтэй байна” гэж 00-ын асуудлыг бүр хуульчилсан байдаг ажээ. Тэгэхээр бид банкнаас 00 өрөө нэхэх эрхтэй гэсэн үг.
Б.БАЯСАХ
Холбоотой мэдээ