Зарим сургууль есдүгээр сарын 10-наас хичээлээ эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Зарим сургууль есдүгээр сарын 10-наас хичээлээ эхлүүлнэ

Зарим сургууль есдүгээр сарын 10-наас хичээлээ эхлүүлнэ

-Сургууль, цэцэрлэгүүд хичээлийн бэлтгэлээ хангасан уу гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага шалгажээ-

2017-2018 оны хичээлийн жил эхлэхэд ердөө хоёрхон хоног үлджээ. Хичээлийн шинэ жил хаяанд ирчихээд байхад багш сурган хүмүүжүүлэгчид цалин мөнгөө нэмэхийг шаардан жагсаж байгаа нь эцэг эхчүүдэд эргэлзээ төрүүлэх болов. Ингэхэд хичээл есдүгээр сарын 1-нд эхлэх үү гэж асуух ч хүн байна. Чухам тиймээс энэ асуултын хариу болгож, мэргэжлийн хяналтын байгууллагаас цэцэрлэг, сургуулиудын бэлтгэл ажлыг шалгажээ. Одоогийн байдлаар ерөнхий боловсролын 20 сургууль, 55 цэцэрлэг шалгалтад хамрагдаад байгаа бөгөөд шалгалт үргэлжилж буй юм байна. Сургууль, цэцэрлэгүүдийн багшийн хүрэлцээ хангамж, сургалтын гарын авлага, тоглоом наадгай, хамран сургах хүүхдийн тоо, хамрагдсан хувь, анги дүүргэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургах, элсэлт,  дотуур байр, сургалтын орчны эрүүл ахуй, барилга байгууламжийн урсгал их засвар, хүнсний чанар, хүүхдийн  үдийн цай зэрэг бүхий л асуудлыг багтаан шалгахад нийт 235 зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчлийн 175-ыг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Товчдоо бол сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажил 90 хувьтай хангагдсан гэсэн дүгнэлтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2017.08.30/ мэдээллээ.

Нийслэлд цэцэрлэггүй зургаа, сургуульгүй 35 хороо байна

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105 сургууль хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлнэ. Эдгээр сургуулийн бага ангид 139226, дунд ангид 72940, ахлах ангид 37427, нийт 249593 хүүхэд суралцах юм. Харин цэцэрлэгийн хувьд төрийн өмчийн 216, төрийн бус өмчийн 407 буюу нийт 623 цэцэрлэгт 146295 хүүхэд хамрагдаж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 77.6 хувь нь цэцэрлэгт хүмүүжих юм байна.

Одоогийн байдлаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 цэцэрлэг, 12 сургууль, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар есөн цэцэрлэг, хоёр сургуульд өргөтгөл хийж байна. Үүнээс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын суурь хийгдсэн, 2018 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн бол 126 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн аваагүй байгаа ажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 228 дугаар цэцэрлэг, 104 сургуулийн өргөтгөлийн барилга, 42 дугаар сургуулийн спорт заалны хана шалны засварын ажил удаашралтай байна.

Улаанбаатар хотын төрийн өмчийн цэцэрлэггүй зургаан хороо, төрийн өмчийн сургуульгүй 35 хороо байгаа нь сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлтийг ихэсгэж, гурван ээлжээр хичээллэхэд хүргэж байгааг мэргэжлийн хяналтын байцаагч нар онцоллоо. Энэ хичээлийн жилд 118, 134 дугаар сургууль, ‘Эрдмийн өргөө’, ‘Голомт’ цогцолбор сургуулиуд гурван ээлжээр хичээллэх юм байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн байранд хичээлийн ширээ сандал байхгүй, 14 дүгээр сургуулийн /монгол/ хичээлийн байрны засвар дуусаагүй, 133 дугаар сургуулийн барилга нь баригдсан боловч улсын комисс хүлээж аваагүй шалтгааны улмаас есдүгээр сарын 10-наас хичээл сургалтын ажил эхлэхээр байгаа гэнэ.

Багшлах эрхгүй багш нар мэр сэр бий

Шалгалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгүүд шаардлагатай 245  багшийнхаа судалгааг холбогдох газарт хүргүүлэн, ажиллах эрхийн шалгалтад орсон багш нараас сонгон шалгаруулалт хийж авсан гэдгээ тайлбарлажээ. Гэвч зарим сургуульд багшлах эрхгүй багш нар мэр сэр байсаар байна. Өнөөдрийн байдлаар ‘Эрдмийн оргил’ цогцолбор сургуульд багшлах эрхгүй дөрвөн багш байгаа бол 119 дүгээр сургуульд багшлах эрхгүй хоёр багш байгаа ажээ. Харин 5, 11, 24, 84 дүгээр сургуулиудад бага ангийн эрэгтэй багш, технологи, математикийн мэргэжлийн багш нар дутмаг байна. Эдгээр сургууль багш шалгаруулж авахаар сонгон шалгаруулалт зарлаад байгаа аж.

Ном сурах бичгийн хангалт 1-5 дугаар ангид төрөөс 100 хувь, 6-12 дугаар ангийнхан худалдан авдаг. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид Цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор 10, 11 дүгээр ангийн сурах бичгүүд хэвлэгдэж гараагүй агуулгын хүрээнд суралцахуйн удирдамж гаргасныг ашиглаж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж