Бүжгээр хичээллэх нь тархины үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг болохыг Германы эрдэмтэд тогтоосон байна. Энэ судалгааг Германы Магдебург хотын “Нейродегенератив өвчний судалгааны төв”-ийн доктор Рехфельд удирджээ. Тэрбээр бүжгийн дасгал сургуулилт нь ахмадуудын сэтгэцийн болон биеийн эрүүл мэндэд маш сайн нөлөөлж буй нь судалгааны явцад ажиглагдсан гэв.
Тодруулбал, судалгаанд 68 ба түүнээс дээш насны ахмадуудыг хамруулжээ. Жил хагасын туршид тэдний нэг хэсэг нь төрөл бүрийн бүжгээр хичээллэсэн бол нөгөө хэсэг нь дугуй унах, хурдан алхалт зэрэг спортоор хичээллэжээ. Ингэхдээ судлаачид тэдгээр хүмүүсийн тархины насжилтад гарч буй өөрчлөлтийг ажигласан байна.
Үр дүнд нь, зөвхөн бүжгээр хичээллэсэн хүмүүсийн сэтгэцэд гарч буй өөрчлөлт удаашралтай, тархины эрүүл хөгжил ажиглагджээ.
Ц.Уран