Исламын шашны хаж мөргөлөө үйлдэхээр олон улсаас хоёр сая гаруй хүн Саудын Арабт цуглажээ. Саудын Арабын эрх баригчид 2015 онд шахцалдаан гарснаас 2300 орчим хүн амь үрэгдсэн хэрэг давтагдахаас сэрэмжилж байна. Ирантай дипломат маргаанаас үүдэн мөргөлчдийн аялалд саад учирчээ. Ираны талаас иргэдийн аюулгүй байдалд баталгаа гаргахыг Саудын Арабаас шаардаж байгаа аж. 2015 онд гарсан шахцалдааны үеэр Ираны 464 амь үрэгджээ. Мөргөлийн үеэр террорист халдлага гарахаас сэргийлэн Саудын Арабын албаныхан 100 мянга гаруй цэрэг, цагдаагийн алба хаагчдыг хамгаалалтад гаргасан байна.
Саудын Араб шийт номлогчийг цаазаар авсныг Иран эсэргүүцэж, хоёр орны харилцаа муудсан юм. Үүний зэрэгцээ Саудын Араб тэргүүтэй булангийн орнууд Катарыг исламын хэт даврагчдыг дэмжсэн хэмээн буруутгаж, агаар, тэнгисийн хилээ хааж, хориг тавьсан билээ.
Б.ТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse