“Лантуун дохио” ТББ болон “Маамуу” хүүхэд хөгжлийн төвийн санаачилгаар “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг барьж байгуулах ажлыг жилийн өмнөөс хэрэгжүүлжээ.
Баянхошууны Зүүн салаанд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-аас уг цогцолборын барилгын ажил эхэлсэн бөгөөд өдгөө хоёр давхар хоёр барилгын ажил бүрэн дууссан, гаднах засвар, тохижилтын ажил хийгдэж байгаа юм.
Барилгын нээлтийн ажлыг ирэх есдүгээр сарын 15-нд нээлттэй хаалганы өдөр байдлаар гурав хоног хийхээр төлөвлөөд байгаа аж.
Мянга, мянган хүний тусламж, хандиваар босч буй энэ төвийг барьж байгуулахад “Олон хүний сэтгэл, итгэл шингэсэн нь өөрөө ид шид юм” хэмээн “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэлсэн юм.
Түүнтэй хамт Ид шидийн орноор нь түр аялснаа та бүхэнд танилцуулж байна.
Мөн уг цогцолбор нь дараах таван эко шийдлээр бүтсэн гэдгийг онцолж байлаа.
- Хоёр барилга нь нарны энергиэр эрчим хүчээ хангахаас гадна, ойр хавийнхаа айлд тог нийлүүлэх хүчин чадалтай.
- Цахилгаан зуухаар халдаг учир утаа гаргахгүй.
- Бага оврын цэвэрлэх байгууламжтай учир хөрсний бохирдолд санаа зовох асуудалгүй.
- Зам талбай бүгд налуу учраас тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүүхдүүд явахад амар.
- Хог хаягдлаа ангилан ялгана.
Холбоотой мэдээ