Хотын дарга нар бууж өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Хотын дарга нар бууж өгөхгүй

Хотын дарга нар бууж өгөхгүй

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хотын дарга нарын гаргасан шийдвэр иргэдийг багагүй бухимдуулж буй. Учир нь, төв замын долоон уулзвараар зүүн эргэхийг хориглож, замын тэмдэг, тэмдэглээг өөрчилсөнд олон хүн шүүмжлэлтэй хандаж байна. Төв гудамжны түгжрэл саарсан ч, туслах замуудын хөдөлгөөн удааширсан. Тиймээс  зүүн эргэхээ больсон уулзваруудыг хуучин хэвд нь оруулахыг иргэд хотын удирдлагуудаас шаардсаар буй. Өмнө нь хотын төвөөс Сансар орохын тулд хэд хэдэн замаар явж болдог байсан бол одоо 100 айл, Сансарын туннель гэсэн хоёрхон замаар л явахаас аргагүй болсныг жолооч нар хэллээ. Сансарын туннель өдөр шөнөгүй нам түгжирдэг болжээ.

Хичээлийн шинэ жил гээд намрын ачаалалтай зэрэгцээд зүүн эргэхийг хориглосон шийдвэрийн хүрээнд  замын тэмдэг тэмдэглэгээ өөрчлөх нь төсвийн мөнгийг угаах нэг заль гэж хардах иргэд ч байна.

Зүүн эргэх шийдвэрийг гаргасан гол эзэн гэгдэж буй Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүүгийн хэлснээр Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэлх төв замын тэмдэг тэмдэглэгээ, хайс хашааг шинэчлэхэд 956 сая төгрөг зарцуулна  гэх.

Харин МУБИС, Цэцэг төв, Гадаад харилцааны яам зэрэг зургаан уулзвар дээр зүүн эргэхийг хориглосон босоо, хэвтээ тэмдэг тэмдэглэгээг хийж, хайс тавихад 14 сая төгрөгийг зарцуулсныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тайлбарлажээ. Тэрбээр “Зүүн эргэхийг хориглосон уулзваруудад эргэх, чигээрээ явах, хориглох хэвтээ болон босоо зурвас, тэмдгийг шинээр тавихдаа 14 сая төгрөгийг зарцуулсан” гэлээ. Хариуцлагагүй мэдээлэл өгсөн орлогч даргынхаа алдааг Э.Ганхүү засч, багийнхныхаа хийж буй түгжрэлийг сааруулах ажлыг дэмжихийг иргэдээс хүсэв.

Ерөнхий сайдаас  зүүн эргэхийг хориглосон шийдвэрээ эргэн харах үүргийг хотын дарга нарт өгсөн ч, нийслэлийн удирдлагууд энэхүү шийдвэртээ итгэлтэй байгаагаа хэвлэлээр мэдээлэх болсон. Гэхдээ явцын дунд зарим замын зүүн эргэхийг хориглосон шийдвэрээ цуцлаад буй.  Тухайлбал, Бөхийн өргөөний уулзвараар хуучны адил, зүүн эргэдэг болсон.

Тус замаар зүүн эргэхийг хориглосон тэмдгээ авч, уулзварын гуравдугаар эгнээнд зурагдсан, чигээрээ явах шугаман зураасыг өөрчлөхөд мөнгө гаргаагүй гэж НЗДТГ-хан хэллээ. Хуучин хэвтээ тэмдгийг тодруулахад нэг литр л цагаан будаг хэрэглэсэн гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра ярив.

НЭГ ЗАМЫН ТЭМДЭГ 150-285 МЯНГАН ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ

Замын хөдөлгөөнийг зохицуулах нэг тэмдгийг хийхэд материалынхаа чанараас нь хамаарч 150-285 мянган төгрөг зарцуулдаг байна. Харин автомашины хөдөлгөөнийг заасан хэвтээ цагаан зурааст хэмжээ, будгаасаа хамаарч нэг мКв нь 30.636 төгрөг зарцуулдаг.

Зүүн эргэхийг хориглосон шинэ зохицуулалттай холбоотойгоор дөрөв шилждэг гэрлэн дохионуудыг гурав болгож, гэрэл асах хугацааг 70-80 секундээр нэмсэн хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/ мэдээллээ. Нийслэлийн зам дээрх 70 камерыг ЗХУТ шууд удирдаг. Ногоон гэрлээр гарсан машин 3-4 километрийг зогсохгүйгээр туулах боломжтой гэж ЗХУТ-ийн дарга Д.Одбаяр ярилаа. Хаана ямар зам ачаалалтай, аль замын хөдөлгөөн сийрэг буйг ЗХУТ-өөс камераар хянаж, зохицуулдаг. Хэдийгээр олны эсэргүүцэлтэй тулсан ч, есдүгээр сар дундаа орох үед төв замын хөдөлгөөний урсгал эрчимжиж, түгжрэл саарна гэдгийг Д.Одбаяр амлав. Зургаан уулзварын эргэлтэд өөрчлөлт оруулах нь анхны тохиолдол биш аж. Өмнө нь “Гранд плаза”, Хятадын ЭСЯ-ны баруун урд уулзвараар зүүн эргэхийг хориглож, тус уулзваруудаар дамжих хөдөлгөөний ачааллыг бууруулж байжээ.

Улаанбаатар хотын ЗХУТ-ийн дарга Д.Одбаяр

“Нийслэлийн баруун, зүүн постоор сүүлийн 10 хоногт 91 мянган машин орон нутгаас орж ирсэн. Авто тээврийн үндэсний төвд Улаанбаатар хотын сери дугаартай 504 мянган машин бүртгэлтэй байдгийн 480 мянга нь өдөр тутамд тогтмол идэвхтэйгээр замын хөдөлгөөнд оролцдог. Дөрвөн жилийн өмнө 285 мянга байсан хотын машины тоо 219 мянгаар нэмэгдсэн”-ийг Д.Одбаяр дарга онцолсон юм. Сүүлийн нэг жилд шинээр 46 мянган машин хотын, 3000 машин орон нутгийн сери дугаар авчээ.

ДУНД ГОЛЫН ЗАМТАЙ ШУУД НИЙЛЭХ ШИНЭ ЗАМТАЙ БОЛНО 

Европын орнуудаас үлгэрлэн дуурайсан хотын дарга нарын “шинэ санаачлага”-ын хүрээнд автомашины хөдөлгөөнийг сийрүүлэх “BRT” төслийг хэрэгжүүлэх аж. Уг төсөлд  Зам, тээврийн хөгжлийн яамны урд замаар шууд гарч, Дунд голын замтай нийлэх шинэ замыг барих, төв замаар зорчих автобусны зогсоолуудыг замынхаа голд байрлуулах зэрэг ажил багтжээ. Мөн “Скайтел” төвийн зүүн талын явган хүний гарцны оронд гүүрэн гарц баригдах ажээ. Эдгээр ажлыг хийснээр Энхтайваны гүүрний хөдөлгөөний ачааллыг 30-40 хувиар бууруулна гэж Замын цагдаагийн алба тооцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж