Намрын FASHION: Хүрмээ өмсөөрэй

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

FASHION

Намрын FASHION: Хүрмээ өмсөөрэй

Намрын FASHION: Хүрмээ өмсөөрэй

Намар хэдийнэ хаяанд ирээд, хаалга тогшиж байна. Хөнгөн, нимгэн зуны хувцсаа шүүгээнийхээ буланд хурааж, нэхмэл ноосон цамц, зузаан, дулаан гутал, хувцсаа зэхэх цаг хэдийн болжээ.

Навчис сэрчигнэсэн намрын сэрүүн өдрүүдэд та өмсөх хувцсаа сонгосон уу? Эдийн засгаа хэмнээд энэ жилдээ шинийг худалдан авах бодолгүй байгаа бол хуучин хүрмээ засаж, янзлуулаад өмсчихсөн ч болно. Ямартай ч танд энэ намрын загварын чиг хандлагыг тодорхойлох хүрэмний загваруудыг танилцуулъя.

НӨМРӨГ ЭРГЭН ИРЛЭЭ

Мөрөө давуулаад нөмөрчихдөг, ханцуйгүй загварын хүрэм хэдэн жилийн өмнө жинхэнэ тренд болж байлаа. Тэгвэл, загварын алдартай орднууд нөмрөг загвартай хүрмийг загварын ертөнцөд дахин авчрахаар шийджээ. Гэхдээ өнгө үзэмж, хийцийн хувьд арай чамин загварууд давамгайлж байна. Тодруулбал, бүсэлхий хэсгээр нарийн, хоёр эгнээ товчтой, хээ хуараар чимэглэсэн, үслэг эдлэлээр эмжсэн зэргийг дурдаж болно. Нөмрөг мэт хүрмийг эрэгтэй загвартай гутал, эсвэл өвдөг давсан урт түрийтэй гутал, урт бээлийтэй хослуулан өмсөхийг дизайнерууд санал болгож эхэлжээ.

ҮСЛЭГ ЭМЖЭЭР

Орчин цагт ангийн үс биш, харин хиймэл үсийг элдэв янзаар хувиргаж, өөрчилж чаддаг болсон болохоор дизайнерууд үслэг эдлэлийг зоригтой ашиглах болсон. Энэ жилийн хүрэмний бас нэгэн тренд нь үслэг эмжээр бүхий загварууд байх бөгөөд өнгөний хувьд төдийлөн хурц биш, гэхдээ онцгой содон харагдахуйц өнгө давамгайлж байна. Хүрэм нь зах, ханцуй, энгэр хэсгээрээ үслэг эмжээртэй байх ёстой.

ӨНГӨ ӨНГИЙН ПРИНТ

Айсуй намар, өвлийн загварууд ерөнхийдөө хуучинсаг хандлагатай. Гэхдээ тэднийг сонирхолтой болгох үүднээс дизайнерууд өнгө өнгийн принт, хатгамлыг чимэглэлийн зориулалтаар ашиглах болжээ. Эмх замбараагүй боловч загварлаг. Хүнд, зузаан, дээр нь бараан өнгөтэй хүрэм үүний л ачаар илүү сонирхолтой, аятайхан харагддаг юм шүү.

ХҮР ХОРХОЙН ҮҮР

“Хүр хорхойн үүр” хэмээн тодорхойлдог дунд хэсгээрээ өргөн, сул загварын пальто нь хөдөлгөөн огт хязгаарладаггүй, биед эвтэйхэн, хөл хөдөлгөөн ихтэй их хотын завгүй бүсгүйчүүдийн төгс сонголт гэж болно. Энэ жилийн хувьд өвөрмөц, тод өнгөтэй, элдэв хээ чимэглэлтэй загвар зонхилох ажээ.

УРТ ТУСМАА ГОЁ

Хүрэмний чиг хандлага ч мөн “макси” хэлбэр рүү эрхгүй хазайж байна. Зунжин гоёсон макси даашинзнаасаа салмааргүй байвал оронд нь урт бөгөөд унасан загвартай пальто сонго. Ирэх намар, өвлийн гадуур хувцсанд хөх, ногоон, саарал, дээр нь тэмээний ноосны шаргал бор өнгө зонхилох болно. Дээр нь урт, том оноо, метал өнгийн оруулга, эмжээр гээд илүү сонирхолтой болгож бас болно.

ААВЫН ТОМДСОН ХҮРЭМ

Сүүлийн хэдэн жил аавынхаа, ахынхаа хувцсыг “зээлээд” өмсчихсөн гэмээр том загварын хувцас моодноос гарахаа больсон. Ийм загвартай хүрэмний хувьд томоос гадна зузаан, хатуу материалтай байх тусмаа илүү гоё. Загварын ямар нэг дүрэмд баригдалгүй эрх дураараа, юу хүссэнтэйгээ хослуулж өмсөх боломжтой байдаг нь том хувцасны давуу тал.

САВХИ

1980-аад оны загварын салхи дахин салхилж эхэллээ. 40-өөд жилийн тэртээх “диско” маягийн загварууд дан ганц хүрэм гэлтгүй орчин цагийн өмд, цамц, даашинз, тэр бүү хэл үс засалтын хэв маягаас ч ханхалдаг болсон. Тиймээс ч айсуй намрын гадуур хувцасны загварт савхин хүрэм хүч түрэн орж ирэх нь. Загварын хувьд классик англи хийцтэй, хэт чамин бус, өнгөний хувьд бараан, бүрзгэр савхийг алдартай загварын орднуудын шоунаас харж болно.

Бэлтгэсэн С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж