Олонх эвлэх үү, хагарах уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Олонх эвлэх үү, хагарах уу?

Олонх эвлэх үү, хагарах уу?

УИХ дахь МАН-ын бүлэг 80 гаруй хувийн ирцтэйгээр өчигдөр шөнө дөл болтол хуралдав. Бүлгийн хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд У.Хүрэлсүх нар оролцсон байна. Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын нэр бүхий 30 гишүүн гарын үсэг зурснаас УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Малайз улсыг зорьсон бол А.Сүхбат орон нутагт ажилтай байжээ. Шөнө дөл болтол хуралдсан 65-ын бүлэг Засгийн газраа огцруулах эсэх асуудал дээр нэгдсэн байр сууринд хүрэлгүй бүлгийн хуралдаанаа өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон талаар эх сурвалж хэллээ. Гэвч МАН-ын зарим удирдлага бүлгийн хуралдааны дараа “нууц” уулзалт хийсэн гэсэн албан бус мэдээлэл ч байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурав

МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд санал, бодлоо илэрхийлжээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газрыг огцруулах, намын зарим удирдлагад хариуцлага тооцох ёстой гэсэн ширүүхэн байр суурийг бүлгийн гишүүддээ хатуу сануулсан гэх. Ялангуяа 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг зүгээр орхиж болохгүйг сануулаад сонгуульд ялагдсан удирдлага хариуцлага хүлээх ёстойг сануулсан байна. Мөн Засгийн газрын зарим гишүүн хариуцлагагүй ажиллаж байгаа талаар нилээн шүүмжлэлтэй хандсан гэх. Ийнхүү хуралдааны үеэр Ц.Нямдорж гишүүн намынхаа Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн зарчмын саналаа илэрхийлээд огцруулах бичигт албан ёсоор гарын үсэг зуржээ. Ингэснээр Ж.Эрдэнэбатын танхимын огцруулах гишүүний тоо 31 болсон байна.

Намын ахмадууд үгээ хэлж эхэлжээ

Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийн нэг болсон долоон концесстэй холбогдсон зарим сайдад хатуу хариуцлага тооцох асуудлыг ч бүлгийн хурлаар хөнджээ. Намын ахмад гишүүд намын нэр хүнд унагаасан бүгдэд нь хариуцлага тооцож, асуудлаа шийдвэрлэх ёстой гэжээ. Концессын асуудалд сайд нар дорвитой хариулт өгөөгүй ч концессын хөрөнгийн асуудал шийдэгдээгүй учраас цуцлах боломжтой гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат цухуйлгасан сурагтай. Мөн зарим гишүүний зүгээс Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг намын Бага хурал, их хурлын дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал ч гарчээ. Ийнхүү гишүүн тус бүр саналаа хэлснээр 20.00 цагийн орчимд бүлгийн хурал түр завсарласан. Түр завсарлагааны үеэр ахмад гишүүд эрэлттэй байжээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гишүүний өрөөнд Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нарын гишүүд цуглаж, тэдэнтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Н.Номтойбаяр сайд, Я.Содбаатар нар сэм уулзаад амжсан гэнэ. Түр завсарлагааны үеэр хэд хэдэн бүлэг уулзалт Төрийн ордны булан бүрт болсон ч төд удалгүй бүлгийн хуралдаан үргэлжилсэн. 

Ч.Хүрэлбаатар Засгийн газар унагах жүжгийн  гол найруулагч уу?

МАН-ын Засгийг унагах акцийн гол найруулагч нь У.Хүрэлсүх гэсэн мессеж тараад байгаа. Гэвч, түүний гараар могой бариулж, эрх мэдэлд хүрэх сонирхол олон хүнд байгаа аж. Засгийн газрыг огцруулах гарын үсэг бүхий албан бланк УИХ-ын гишүүн Т.Аюурсайханых байсан. Гэвч огцруулах төслийн гол санаачлагчийн нэг нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гэнэ. Түүнийг Ерөнхий сайдын суудалд горилж байгаа хэмээн намынхан нь хардаж байна. Тэрбээр бүлгийн хуралдаанд суугаагүй, Малайз улсад ажилтай байжээ. Тэрбээр өнөөдөр /2017.08.30/-ийн бүлгийн хуралдаандаа амжиж ирж сууна гэдгээ намын нөхөддөө мэдэгджээ. 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагаанд хамгийн их сэтгэл дундуур, хамгийн их шүүмжилж байсан хүн бол Ч.Хүрэлбаатар. Засгийн газар байгуулагдахад түүнд Сангийн сайдын суудал өгнө гэсэн тохироо хийгдсэн ч намын дарга нь түүнээсээ буцсанд өдий хүртэл гомдож явдаг гэх яриа бий. Ямартай ч Малайз улсаас яаравчлан ирж яваа Ч.Хүрэлбаатар гишүүн Засгийн газар унах эсэхэд хүчтэй нөлөө үзүүлэх хүний нэг учраас өнөөдрийн бүлгийн хуралдаан ширүүхэн болох вий гэсэн таамаг Төрийн ордонд ‘тэнүүчилж’ байна.  

У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэх үү?

Бүлгийн хуралдааны үеэр Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдийн байр суурь тэнцүү байсан ч хариуцлага тооцохыг олон гишүүн дэмжжээ. Тухайлбал, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйд хариуцлага тооцож, намын нэр хүндийг сэргээх ёстой гэдэг дээр гишүүд санал нэгдэж байгаа гэнэ. Мөн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатад хариуцлага хүлээлгэж, түүнийг Шадар сайд түр орлох тухай ч яриа бүлгийн хурлаас гадуур өрнөсөн сурагтай. Засгийн газрын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 3-т “Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилогдох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ” гэсэн заалт бий. Тиймээс Засгийн газрын тэргүүнийг огцруулж, Шадар сайд Ерөнхий сайдын албанд “түр” томилогдож, намын Бага, их хурлын дараа танхимаа бүрдүүлэх боломжтой гэсэн хувилбар ч яригджээ. Ингэхдээ Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах уу, тодорхой сайд нарыг чөлөөлөх эсэх нь У.Хүрэлсүхийн гарт бий гэнэ.

МАН-ын бүлгийн гишүүд огцруулна, огцруулахгүй гэдэг асуудал дээр саналын тоо тэнцвэртэй байгаа учраас ийнхүү өнөөдөр хуралдаж, энэ асуудлыг эцэслэх юм. МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрээс шалтгаалан АН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах тов гарах учиртай.

31 гарын үсэг цаашид нэмэгдэх үү?

Бүлгийн хуралдааны үеэр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд гарын үсгээсээ татгалзсан гэсэн мэдээлэл байсан. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдээс байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бид сонгогчдынхоо итгэлийг юугаар ч худалдахгүй

-Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан нэг ч гишүүн татгалзаагүй. Монголын төр,  МАН-д  маш олон асуудлыг эцэслэх, төрийг цэвэр байлгах асуудал үүсч байгаа учраас энэ итгэл үнэмшлээсээ ухрах хүн байхгүй гэж бодож байна. Энэ асуудлыг тавьж байгаа гишүүд бүгд ардаа сонгогчидтой, тэдэнтэйгээ уулзаж байгаа хүмүүс сонгогчдынхоо итгэлийг юугаар ч худалдахгүй. Энэ бол 30 хүний асуудал биш, МАН-ын олон гишүүдийн намаа эмхлэх, шинэчлэх, өөрчлөх, хариуцлагын асуудал. Гарын үсэг зурж байгаа гишүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Би Засгийн газарт орж ажиллахгүй

-Засгийн газрыг огцруулах гарын үсгээсээ буцахгүй. Хүмүүсийн яриад байгаа шиг гарын үсэг зурсан гишүүдийг дарамталсан, тендер санал болгосон гэсэн мэдээлэл бол худлаа мэдээлэл. Би Засгийн газарт орж ажиллахгүй.  Би ер нь Засгийн газраас нэг ч тендер авч үзээгүй, надад хувийн ямар нэг ашиг сонирхол байхгүй. Миний хувьд Засгийн газрыг огцруулах санал дээрээ хатуу зогсоно.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:30 гишүүн итгэл үнэмшлээрээ гарын үсэг зурсан

-УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан. Би өөрийнхөө зурсан гарын үсгээсээ татгалзана гэсэн ойлголт байхгүй. Энэ бол санаатайгаар явуулж буй явуулга гэж бодож байна. УИХ-ын гишүүн гарын үсэг зураад, маргааш нь татгалзлаа гэсэн ийм хариуцлагагүй зүйл байж болохгүй. Энэ 30 гишүүн өөрсдийн итгэл үнэмшлээрээ зурсан. Түүнээс хэн нэгний захиалгаар, шахалтаар гарын үсэг зураагүй. Гарын үсэг зурсан гишүүд намаа, 2020 оны сонгуулиа, намын хамт олноо бодож гарын үсэг зурж байгаа. Сонгуульд ялагдсан нь хариуцлагаа хүлээх, 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал гээд цэгцлэх ёстой олон асуудал бий, манай намд. Намын зүгээс ямар нэг байдлаар намын удирдлагуудын зүгээс ч дарамт шахалт ирээгүй. МАН-ын бүлгийн хуралд 65 гишүүн өөр өөрсдийн санаа бодлоо хэлж байна. Эцэст нь МАН дотроо асуудлаа яриад зөв шийдвэрт хүрэх байх гэж бодож байна. МАН дотроо эвдрэлцэхээс илүү зөв шийдэлд хүрээсэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Нийслэлийн МАН ард түмнээс уучлал гуйх хэрэгтэй

-Намын бүлгийн  хурал айхтар ширүүн болоогүй. Гишүүд өнгөрсөн нэг жилийн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлуудад дүгнэлт хийх, санал, шүүмжлэлээ хэлсэн. МАН хагарч, бутардаг улс төрийн хүчин биш. Асуудлыг дотроо шийдэж, ойлголцож чаддаг нам. Монгол төрийн ажил тасралтгүй үргэлжлэх учиртай. Засгийн газрын үйл ажиллагаатай, нийслэлийн намын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл маш их байна. Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бүлгийн хуралд оролцсон. Нийслэлийн намын байгууллагад бодлогын, боловсон хүчний шинэчлэл хийж, ард иргэддээ алдсан алдаагаа зөв тайлбарлах, уучлал гуйх цаг болсон гэж бодож байна. Нийслэлийн намын байгууллага Монголын ард түмнээс уучлалт гуйх цаг нь болсон гэж нийслэлийн намын хорооны нарийн бичгийн хувьд үзэж байгаа. Намын уур амьсгал, гишүүд, олон хүмүүсийн эрүүл байгаагийн илрэл нь өнөөдрийн хэлэлцэж байгаа ауудал. Хэн нэгнийг солихдоо биш цаашид иргэд олныхоо итгэлийг сэргээх, нийслэлд, улсдаа тулгамдаж байгаа асуудлыг дор бүрнээ түргэн шуурхай шийдэж, урагшлах вэ гэдэг л асуудал бий.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж