МАН-ын бүлэг өчигдөр Төрийн ордонд хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт олонхын бүлгийн 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Л.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Засгийн газрыг огцруулах бичиг та гарын үсэг зурсан байсан. Яагаад Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэж байна?
-Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлтэй би санал нийлсэн. УИХ өнгөрсөн нэг жилийн хугацаанд өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн. Тухайлбал, УИХ-аас олон ажлын хэсэг гарч Хөгжлийн банк, Монголбанк, Эрдэнэт үйлдвэрт шалгалт хийсэн. Энэ нь 2016 оны УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөртөө тусгасан хариуцлагын тогтолцоог сайжруулах асуудал байсан. УИХ хэдийгээр ажлаа хийсэн боловч Засгийн газар ажлаа хийсэнгүй. Үүний дүнг Монголын ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулиар тавьсан. Тиймээс хариуцлагын асуудлыг хөндөх нь зөв гэж бодож байна. Мөн хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас Өмнөговь аймгийн Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоох шийдвэр гаргасан. Энэ нь өөрөө судалгаагүй, тэнд амьдарч байгаа 16 мянга орчим иргэдийг хоолноос нь салгасан үйл явдал болсон. Тиймээс би Засгийн газрыг хариуцлага хүлээж огцрох ёстой гэж гарын үсэг зурсан.
-МАН-ын удидлагуудын зүгээс гарын үсэг зурсан гишүүдэд дарамт үзүүлэх эсвэл тендер санал болгож, гарын үсгээ буцаах санал тавьсан гэсэн мэдээлэл байна. Та гарын үсгээ буцаах уу?
-Намын удирдлагуудын зүгээс ямар нэг дарамт шахалт ирээгүй. Миний хувьд Засгийн газрыг огцруулах бичигт зурсан гарын үсгээ буцаахгүй. Гарын үсэг зурсан гишүүд ямар нэг дарамт, шахалтаар бус сэтгэлийн дуудлагаар гарын үсэг зурсан.
-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тийм яриа байна.
-Олон нийтийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагыг гүйцэтгэх засаглалаасаа нэхэх нь буруу гэсэн шүүмжлэл бас байна. Та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?
-Эдийн засгийн хямралд оруулсан, санхүүгийн хариуцлага алдсан асуудалд хариуцлага тооцож чадаагүйгээс болж өнөөдөр ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмж ард түмэндээ дарамт учруулсан. Хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, тэр мөнгийг эргүүлж авчрах ёстой байсан. Энэ нь өөрөө Ерөнхийлөгчийн сонгуулийн үед татвар нэмж, ард түмэндээ ачаа үүрүүлсэнд ард түмэн дургүйцсэн. Тиймээс Засгийн газрыг огцруулах ёстой.
-Засгийн газрыг огцруулах бас нэг шалтгаан нь 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал. Та 60 тэрбумын асуудлыг юу гэж дүгэж байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа би хэлж байсан 60 тэрбум төгрөгтэй холбогдсон хүмүүс албан тушаалаасаа татгалзаж, асуудлыг нэг талд нь гаргах ёстой гэж хэлж байсан. Ард түмэнд үнэн бодит мэдээллийг өгөх ёстой. 60 тэрбумтай холбоотой асуудал гурван сонгууль дамнаж яригдсан. Тиймээс энэ асуудлыг дараагийн сонгуулиар ярихгүйн тулд нэг талд нь гаргах ёстой.
-Гарын үсэг зурсан гишүүд дараагийн Засгийн газарт сайдын суудал амласан гэсэн мэдээлэл байна. Та сайд болох уу?
-Засгийн газрыг огцруулах үндэслэлээ тодорхой хэлсэн. Цагаан хадны гаалийн хяналтыг хаасан Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цагаан хадны гаалийн хяналтыг галзуу хад гэж хэлж байсан. Тэр үгнийхээ төлөө Өмнөговийн ард түмнээс уучлалт хүсэх ёстой.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ