Энэ удаагийн “76:1” булангаараа УИХ-ын гишүүн Дорждамбын Дамба-Очирыг танилцуулж байна. УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар хүргэдэг.
Тэрбээр 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Энэ дөрвөн жилдээ багагүй будилааны эзэн байсан тул дараагийн сонгуулиар ард түмэн түүнд дүнгээ тавьсан билээ. Харин 2016 оны УИХ-ын сонгуулиар тойрогтоо ялалт байгуулж чадсан.
Эрхэм гишүүний нэр “Очир төв” компанитай нь салшгүй холбоотой. Тэрхүү компани нь хэдэн жилийн өмнө Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106.2 километр замын тендерийг авсан. Ингээд замын хатуу хучилтыг хуулчихаад, ажлаа дуусгалгүй олон жил болсон. Энэ хугацаанд тус зам дээр гарсан аваар ослын тоо хэдэн арваар тоологдсон юм. Үүнээс болоод Д.Дамба-Очир гишүүн ‘Там-Очир’ гэдэг хоч зүүхэд хүрсэн билээ..
Гэрээнд зааснаар гурван жилийн дотор дуусгах ёстой замыг долоон жилийн дараа дуусгасан ч, 20 гаруй тэрбум төгрөг улсын төсвөөс нэмж авсан гэж яригддаг. Гэтэл Лүнгийн зам нь нэг жил ч наслалгүй цөмөрч, хэлтэрч унасан нь түүнд бас ‘Молиго-Очир’ хэмээх хоёр дахь хочийг хүртээсэн билээ. .
Үүнээс гадна “Анод” банк дампуурлаа зарлахад чанаргүй зээлийн жагсаалтын дээгүүр байрт “Очир төв” бичигдэж байсан. Дурдаад байвал дуусахгүй их намтартай ч энэ төв, эрхэм гишүүн хоёрын намтар эергээс илүү сөрөг нь давамгайлж мэдэх юм.
Харин одоо УИХ-д эргэн ирсэн Д.Дамба-Очир гишүүн зүгээр суусангүй. Тэрбээр Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зураад байгаа. Гарын үсэг зурсан 30 гишүүн сайдын суудалд санаархаж байгаа гэж яригддаг бол Д.Дамба-Очир гишүүнд ч тийм бодол байхыг үгүйсгэхгүй юм.
Төгссөн сургууль, мэргэжил
1981 онд – Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургууль
1986 онд – ОХУ, Одесс хотын Политехникийн дээд сургууль, автоматжуулалтын инженер
2002 онд – ОХУ, Москва хотын Сталь Сплав дээд сургууль докторант
Ажилласан байдал
1991-2000 онд – “Очир төв” ХХК үүсгэн байгуулагч
2000-2005 онд – Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр худалдаа эрхэлсэн захирал
2005-2008 онд – Эрдэнэт хотын Монгол ардын намын дарга
2008-2012 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2013-2014 онд – “Очир төв холдинг” ХХК ТУЗ-ийн дарга
2014-2015 онд – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын зөвлөх
2015-2016 онд – “Очир төв холдинг” ХХК ТУЗ-ийн дарга
2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал
2004 онд – Алтан гадас одон
2011 онд – Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Цахим шуудан
Цахим хуудас
http://dambaochir.parliament.mn
Т.НОМИН
Холбоотой мэдээ