УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.
-Сонгуулиас хойш та ямар ажлууд амжуулав. Хэд хоног хөдөө орон нутгаар яваад ирэв үү…
-Эрх мэдлийн төлөөх шунал, дайсагнал, хагаралыг зогсоож, саад тотгор болсон “зааг”-тай тэмцэл хийж, түүнийг нурааж, монголчууд өөрсдөө хөгжил дэвшлээ түүчээлэх учиртай гэсэн итгэл үнэмшилдээ тууштай байгаа болохоор миний хувьд амрах зав алгаа. Энэ зунжингаа л ажиллаж байна. Амралт гэдэг алхайж суух биш ажлаа өөрчлөхийн нэр.
Энэ зун Монгол Улсад суугаа ОХУ, БНХАУ, Герман, Францын Элчин сайдууд, дипломат байгууллагуудын төлөөлөл, ОУВС зэрэг хэд хэдэн олон улсын байгууллагынхантай уулзалт хийж, БНСУ-ын Дэд бүтэц, зам тээврийн байнгын хорооныхон манай улсад айлчилсныг хүлээж авлаа.
Мөн өөрийн зүгээс боловсруулж байгаа “Ажилсаг Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд Германы мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах талаар уулзалт, зөвөлгөөн хийлээ. Түүнчлэн 1990 оноос хойш манай улс хэдий хэмжээний зээл, тусламж гаднаас авч, чухам юунд зарцуулсныг судлаж үзэхэд тун айхтар байдалтай дүгнэлт гаргахад хүргэлээ. Санхүүгийн чөлөөт бүс байгуулах талаар гишүүдтэй уулзаж, хамтран санал боловсруулж байна. Түүнээс гадна зав зайгаараа сууж энэ оны гуравдугаар сард нээлтээ хийсэн “Зааг” номоо герман уншигчдад хүргэх зорилгоор товчилж, нягтруулж, найруулж байна даа.
Сая хэд хоног хөдөө явахдаа “Ажилсаг Монгол” хөтөлбөртөө малчид, орон нутгийн иргэдийг хэрхэн хамруулах талаар хэлэлцүүлэг, уулзалт, судалгаа хийлээ. Сум, дүүргийг шинэ төлөвлөлт, шинэлэг арга барилаар иргэдийн өөрсдийн оролцоотой хөгжүүлж байгаа туршлага судалсны үр дүнд Сонгинохайрхан дүүрэг болон Архангай аймгийн хэд хэдэн сумуудыг хөгжүүлэх талаар судалгааны багийг сонгон бүрдүүлж, иргэдтэй анхны уулзалтаа амжилттай зохион байгуулаад ажилдаа ороод байна. Үүнээс гадна энэ зун эртнээс хүсэн мөрөөдөж байсан нэг ажлаа эхлүүлээд авлаа. Архангай, Өвөрхангай аймгийн хэд хэдэн сумын нутгаар археологич, эрдэмтэн судлаач, зохиолч, түүхчдийн баг бүрдүүлэн Хүннү, Түрэг, Уйгур, Кидан, Их Монгол Улсын агуу түүх оршсон Орхон, Тамир, Хануй, Хүнүйн голын сав нутгаар нэлээд хэд хоног судалгаа хийн аяллаа. Монгол үндэстнийхээ түүх, бидэндээ үлдээсэн дэлхийн энд зэрэгцэх түүхэн олдворууд уул хад, талаар дүүрэн, тэр ч байтугай жирийн малчны хонины хотны хажууд байгаа хараад биширч, үүнийгээ хямгадан хойч үедээ бүрэн бүтнээр үлдээх ажил хийх ёстойг улам ухаарлаа. Дэлхийн түүх бидний газар нутгийн хөрсөн дор байна шүү дээ. Энэ бүхнийг улсын хамгаалалтанд авч, хэд арван төгрөгний төлөөх шуналт сэтгэлтнүүдийн савраас хамгаалах ажлыг төлөвлөгөө гарган, археологич, палентологич, түүхч эрдэмтдээ дэмжих цаг аль хэдийнэ болжээ гэдгийг хэлмээр байна. Миний хүй цөглөсөн газраас 50-хан метрийн зайд маш том хиригсүүр байх жишээтэй. Үнэхээр гайхалтай олон буган хөшөө, балгас хиригсүүртэй танилцлаа, мөн ч ихийг бүтээж босгож, бидэндээ үлдээсэн өвөг дээдсээ шүтэн бахархаж, түүнээс эрч хүч ч их авлаа. Үүнийг хайрлан хамгаалах, судлах талаар улам ихийг хийх хэрэгтэй юм байна гэдэгт бүр итгэлтэй болсон. Ер нь бүтээх, босгох шиг амьдралын аз жаргал байдаггүй юм шүү дээ.
Түүнчлэн Солонгосын сайн дурын эмч нарын 20 орчим эмч, сувилагч нараас бүрдсэн багийг сонгогдсон Сонгинохайрхан дүүрэг дээрээ дөрөв дэх жилдээ урьж, давхардсан тоогоор 1000 гаруй иргэнд үнэгүй үзлэг хийлгэж, шаардлагатай эмчилгээ хийлгэн, эмээр хангалаа. Энэ бүхнийг тэд үнэгүй хийж, харин манай хамт олон амжилттай зохион байгууллаа. Дөрвөн жилийн хугацаанд сонгогдсон тойргийнхоо дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зэрэг шаардлагатай хийгдэх ажлуудын төлөвлөгөө, төслийг хотын захиргаа болон холбогдох яамдуудтай хамтран боловсруулж, эцэслэн, холбогдох газарт нь хүргүүллээ. Удахгүй “Ажилсаг Монгол” хөтөлбөрөө улам хөгжүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалтын асуудлаар туршлага судлах, эдийн засаг, улс төр, боловсрол, хүмүүнлэгийн асуудлаар ХБНГУ-ын яам, байгууллага холбогдох хүмүүстэй уулзахаар явах гэж байна. Түүнээс гадна тус улсын төр нийгмийн зүтгэлтэн болон парламентын гишүүдтэй уулзах юм.
-Сүүлийн үед болсон улс төрийн нөхцөл байдлыг юу гэж үзэж байна вэ?
-Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчид дорвитойхон бодлого дэвшүүлж, улс орноо хөгжүүлэх хөтөлбөрөөрөө уралдах биш, бие биеийнхээ шавар шавхайг ухаж, гутаан доромжлохыг харууллаа. Хүн хүндээ, тэр дундаа улстөрчдөд итгэх аргагүй болтлоо хүмүүний ёс зүйг алдагдуулж байна. Улмаар нэг намын журмын нөхдүүдийн дундах үл ойлголцлыг бусад нь зориудаар бүр дэвэргээж, нам доторх хагарал, ангалыг улам гүнзгий болгож байх шиг байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улс төрийн нөхцөл байдал ороо бусгаатай байх шиг байна. Улс төрийн хүчнүүдийн хоорондын тэмцэл гэхээсээ илүүтэйгээр нам доторх зөрчил тэмцэл хурцдаж байна уу гэж харж байна. Ийм үед сөрөг хүчин ч яаж зүгээр хараад суухав. Дэврээх гэж чулуу шидэж л байгаа байлгүй.
АН-ын толгойны өвчин болсон бүлэглэл, фракцуудын зодоон манай намд халдварлаж, бүр улайм цаймдаа гарч байна. Ингэх нь сайны дохио биш. Бусдын давтсан алдааг бид тойрч гараад, тэр замаар нь замнаж боломгүй л байх юм. Эрх барьж байгаа нам дотроо хагаралдах тусам ажил урагшлах биш улам л хойш нь чангааж таараа. Бүтээхэд биш хэрүүлдээ илүү их цаг хугацааг зарсаар хүч тамираа барна.
Монголчууд бид ардчиллыг хариуцлага, зах зээлийг цэгцтэй, бодлоготой, төлөвлөгөөтэй үйл ажиллагаа гэж бодолгүй, өөрийн бодож, санаснаараа “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно”, анархизм гээд ойлгосон юм шиг байгаа юм. Уг нь сүүлийн 30 –аад жилийн дотор улс төрийн намууд нь соёлтой болж төлөвшөөд, улстөрчид нь туршлагажиж бэлтгэгдсэн байхаар хангалттай цаг хугацаа гэж өнгөрлөө. Гэтэл төрийн түшээд нь цэц булаалдаж улстөржин, хийрхэлд автан, нэг нэгнээ хор найруулж унагаж, хийж бүтээхийн оронд ийнхүү дэмийрхэлд дэндүү харамсалтайгаар автаж байна. Цаг хугацаа их алдлаа даа. Хаа байна, нөгөө гоё сайхан амлалтууд, УИХ, Засгийн газраас баталсан олон хөтөлбөрүүд. Цаасан дээр бичсэн болгоноо бодитой бүтээн байгуулалт болгосон бол өдийд Монгол Улс дэлхийд биш юмаа гэхэд Азидаа хөгжлөөрөө гайхуулж явах алтан боломжтой байлаа. Хэдэн парламентын турш тулга тойрч, бие биетэйгээ хэмлэлдсээр байгаад улсаа ч олигтой хөгжүүлсэнгүй, ард түмнийхээ амьжиргааг ч дээшлүүлж чадсангүй. Үүний улмаас улс төрийн намууд, улстөрчдөд итгэх ард түмний итгэл доод шатандаа ортол буурсаар байна.
-Уг нь ард түмэн МАН–д 65 суудал өгөхдөө өнөөдрийнх шиг нөхцөл байдлыг хүлээгээгүй нь лавтай?
-Тийм болохоор л бид энэ дөрвөн жил нэг зүгрүү харж, хөгжил дэвшил өөд хүч хавсран зүтгэж, хүн ардынхаа аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө хөдөлмөрлөх учиртай. Улстөрчдийн зөв манлайлал, үлгэрлэл юун юунаас чухал байна. Бидэнд одоо улс төрийн зодоон биш улс орноо өөд татах хийж бүтээснээрээ уралдах цаг хэдийнээ ирсэн. Хөдөө орон нутгийн дийлэнхэд нь ган болж, хадлан авах боломжгүй болж, газар тариаланчдад хүнд цохилт болж байна. Монгол Улсыг тэжээж ирсэн энэ салбар хямарвал хэцүүдэхийн дохио. Ийм үед уламжлалт болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх оновчтой төлөвлөлт хийж хэрэгжүүлэх гээд хийх ажил маш их байна. Улстөрийн энэ ойлгомжгүй байдал бизнесийн салбарт хар сүүдэр тусгаж эхлээд байна. Гадаадаас хийх хөрөнгө оруулалт нь танай засаг төр бас л тогтворгүй байна, хэсэг харзная гээд хүлээлтийн байдалд шилжлээ гэж бизнесмэнүүд ярьцгааж байна. Хийрхэл, хэрээс хэтэрсэн улс төрийн замбараагүй байдал эргээд улс орны эдийн засагт тун ч сөргөөр нөлөөлдөг. Тэр хэрээр улстөрчид биш улс орон, ард түмэн л хохирно. Цаг хугацаа, тулгарсан бэрхшээл биднийг хүлээхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн үнэндээ ард түмний дургүйцлийг хүргэж, туйлдуулж байна. Дараагийн ээлжийнхэн л хоолондоо орохоор өөр хоорондоо бүлэг болон тэмцэлдэж дөрвөн жилээ тэвчиж хүлээж чадахгүй байгаа бололтой гэцгээж байна шүү дээ. Энэ мэт нийгмийн сэтгэл зүйг анхаарахгүй байх тусам дараагийн сонгуулиар ард түмэн дүнгээ хатуухан тавьж болохыг одооноос ойлгон мэдрэх нь чухал. Засгаараа тоглоод ирэхээр завхрахын цондон. Олон засаг огцрууллаа гээд онож байсан нь тун ховор шүү дээ.
-Юунаас болоод танай намынхан ингэж бужигналдах болов?
– Ийм нөхцөл байдалд яагаад хүрэв гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирж байна л даа. Энэхүү байдал 2008 оны УИХ-ын сонгуулийн дараанаас буюу 7-р сарын 1-нээс эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл олон жил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, “Сонгогчдын олонхийн дэмжлэг авсан улс төрийн хүчин нь засгийн эрхийг барина, цөөнх нь хяналтаа тавина” гэсэн эцэг хууль буюу Үндсэн хуулийн зарчмаас гажиж, стандарт бус Засгийн газрыг байгуулсан. Дараа нь намын гишүүдээрээ хэлэлцүүлж, санаа оноог нь сонсч байж асуудлыг ярилцах ёстой байтал хэдхэн гишүүдийн хүрээнд Тэрэлжийн хуйвалдаанаар МАХН гэдэг нэрийг сольж орхисон. Засгийн ажил ч урагшлахаа байж, ажил сайжруулах гэж үг хэлсэн нэгнээ хавчдаг, хэдхэн хүн асуудлыг шийдээд гишүүдэд тулгадаг байдал хэтийдэж эхэлсэн дээ.
2016 оны сонгуулиар намаа удирдаж ялалт байгуулчихаад МАН-ын дарга өөрөө шууд засгаа толгойлж, шийдэмгий, зоримог ажиллах байсан юм. М.Энхболдод ямар туршлага дутна гэх биш. Ер нь л аливаа зарчмыг гажаад ирэхээр буруудахын шинж.
Үүнээс хойш ялалтын дараах албан тушаалын хуваарилалт, боловсон хүчний талаарх харалган бодлого, хэсэг нөхдийн увайгүй үйлдлүүд зэрэг нь нам доторх ан цав үүсэхэд нөлөөлсөн байх талтай. Саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь дэвэрч мэдэхээр болсон байдлыг улам хурцатгаж орхив. Хэрвээ нам олон нийтийн сэтгэл зүйг тандаж, нөхцөл байдалдаа дүн шинжилгээ сайн хийж, илүү ухаалаг, алсын хараатай, олон талаас нь харж хандсан бол асуудлыг савнаасааа халиулалгүй нам дотроо хариуцлагатай хэлэлцэж, дорвитойхон шийдвэр гаргах бололцоо байсан л юм.
-Ийм байдал үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бол …?
-Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээс эхлээд албан тушаалтнуудын дунд хариуцлага гэж үгүй болов. Төрийн хүнд суртал газар авч,ард түмний амьдралаас тасарч, улстөрчид ёс суртахуунгүй байдал, увайгүй үйлдлүүдийг гаргах болжээ. Сонгуулиас сонгуулийн хооронд ашигладаг өнөөх хар технологи, тактик, сонгогчдод нөлөөлөх арга барил нь улам бүр нарийсч, “боловсронгуй” болж байна.
Эх нутгийн минь хэвлий дэх асар их баялаг улс гүрэн дамнан бизнес хийдэг харийнхан бол манай оффшорчид, хэсэг нөхдийн шуналыг соронздож, хорхойг нь гозогнуулж байна. Нам, нам дамжсан хамаатан садан, ах дүүс, гэр бүл, найз нөхдийн сүлжээ улам бэхжин, оффшор бүсэд зарим хөрөнгөө нууж, үндэстэн дамнасан гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болж, Монгол Улсыг улам сулруулж байна гэж хардаад байгаа. Тэд ч сонгуулийн үеэр мөнгөний урсгал нээдэг ч байж мэднэ.
Ийм хавханд орсон бол монголчууд бид өөрсдөө л гарч чадна. Монголчууд эх орныхоо төлөө хоорондоо эвтэй, ажилсаг байгаа цагт бид хүчирхэг байж, хөрөнгө оруулагчдыг хошууруулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөнө. Буурал түүхээ сөхөхөд монголчууд эв эвдрэхэд нуран доройтож, эвлэж нэгдэхээрээ мандан бадарч бүүр дэлхийн чихийг дэлдийлгэж ирсэн. Түүх бол ирээдүйн сургамж юм. Энэ нь хөгжлийг ухрааж харж байгаа биш, урагшаа харж байгаа хэрэг, туулж өнгөрүүлсэн амьдралын алдаа, оноо, сургамжийн гэрч юм шүү дээ.
-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан юм чинь хариуцлага тооцох ёстой юм биш үү?
-Хэн нэгнээр хариуцлага тооцуулахыг хүлээх цаг биш. Хариуцлагаа өөрөөсөө эхлэх нь улстөрчийн соёл, ёс зүйтэй холбоотой асуудал. Улсын Их Хурлын дарга, намын дарга хүн үлгэр болж ялагдлын шалтгаанаа зөв үнэлж, өөрөөсөө эхлэх ёстой. Хийрхэх цаг биш, хийх цаг болсон. Хариуцлага ярих цаг аль хэдийн болжээ. Яагаад ялагдсанаа, хэн хариуцлагагүй ажилласнаа шат шатандаа хэлэлцээд, хариуцлагыг нь үүрүүлэх, хариуцлага тооцох хэрэгтэй. Намын удирдлагууд, сонгууль удирдаж ажилласан, пиар менежментийг хийсэн хүмүүс хариуцлага хүлээх шаардлагатай шүү дээ.
2016 оны сонгуулиар ард түмэн бидэнд итгэл өгч, нам ялалт байгуулсан болохоос биш өнөөдрийн 65 гишүүн мундагтаа сонгогдоогүй гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, 65 гишүүн, МАН сайн байсандаа биш эрх барьж байсан АН муу байсан учраас сонгуульд бид ялалт байгуулсан. Олонхи болсон ялалтаддаа эрдэж, засгийн эрхийн төлөө өөр хоорондоо дайсагналцаад ширээ суудлын төлөө гүйлдэх ч сайны ёр биш шүү. Хүн хүссэн амттандаа хэт их дурлаж шунаж идэхээрээ бялуурч хорддог доо. Яг л тийм хувь заяа тосох болно.
Эхнээсээ ард түмний итгэлийг даалгүй хөсөрдүүлж эхэлснийг ерөнхийлөгчийн сонгуулиар харууллаа. Энэ хэвээрээ хоорондоо хөлөө жийлцээд олигтой ажиллахгүй бол 2020 он дүнгээ тавиулна. Энэ намар цаг товлоод намынхаа шат, шатны хурлыг хуралдуулаад, гишүүдийн санал шүүмжлэлд бодитой дүгнэлт хийж, ямар ч асуудлыг тогоон дотроо ил тод, ажил хэрэгчээр хэлэлцэж, шийдэх бүрэн бололцоотой. Уг нь бид улс эх орноо хөгжүүлэх, эдийн засгаа сайжруулахын төлөө чөмгөө дундартал зүтгэх хэрэгтэй байдаг.
-Та хөдөөнөөс ирээд төрийн гурван өндөрлөгтэй уулзсан гэл үү?
-Хөдөөнөөс ирээд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, бүлгийн дарга болон бусад УИХ-ын гишүүд, албаны хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцсон. Тэд өөр өөрсдийхөөрөө нөхцөл байдалд дүгнэлт хийж байна лээ. Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн сайдаж муудсан ч хамаагүй, улс орныхоо эрх ашиг, үүсээд байгаа нөхцөл байдлыг бодолцож асуудалд нэг байр суурьтай хандах ёстой.
Миний хувьд хэсэг бүлэг хүмүүс, фракц бүлэглэлийн төлөө бус Монгол Улсын том эрх ашгийн үүднээс бодолцож, шийдвэр гаргах учиртай гэсэн бат итгэлтэй байдаг. Тэгж ч хандсаар ирсэн.
-Ардын нам дотоод асуудлаа шийдээд явах нь намдаа гэхээс илүү улс оронд илүү ашигтай. Учир нь МАН эрх баригчид гэдгээ мартаж болохгүй. Гэтэл хоёр талд талцаж суучихаад асуудлаа шийдэх биш хагарлаа улам дэвэргээд байгаа юм биш үү. Ядаж байхад Шадар сайд нь өөрийнхөө ажиллаж байсан Засгийн газрыг авлига үнэртсэн засаг гээд цоллоод унах юм. Ийм байж болох уу. Зарчим, ёс зүй гээч нь хаашаа алга болов?
-Намын бүлгийн хаалттай хуралдаан дээр бүгдийг нь цуглуулж, бодит мэдээллийг бүрэн сонсч, асуудалд олон ургальч үзлээр хандан, илэн далангүй ярилцан, дараа нь олон нийтэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Хуралдаанаас гараад хэн хэнгүй дур мэдэн мэдээлэл хийж улам зөрчил үүсгээд байх нь намд л хортой. Хэн нь зөв яриад, хэн нь худлаа яриад байгааг cүүлдээ ойлгохын эцэс алга.
Үнэхээр ийм асуудал байгаа бол хууль хяналтын байгууллага шалгаж, авлигад идэгдсэн, буруу үйлдэл хийсэн эсэхийг тогтоон, хариуцлагаа үүрүүлэх биз ээ. У.Хүрэлсүх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүртэл хүсэлт илгээсэн гэсэн. Хэрэв хүсэлт илгээсэн л бол энэ асуудлыг шуурхай хэлэлцэх хэрэгтэй. Асуудлыг дор дор нь шийдээд явбал үл ойлголцол үүсэхгүй.
-60 тэрбум авлига бодитой юм биш үү?
-Үүнийг би нотолж, батлах субьект нь биш учраас үнэн байна лээ эсвэл худлаа гээд мэдэмхийрэхгүй ээ. Хамгийн гол нь хууль, хүчний байгууллага үүнийг шалгаад үнэн мөнийг нь даруй таслан зогсоох учиртай. Асуудал ингэж даамжрах тусам нийгэмд буруу зөрүү мэдээлэл газар авч, асуудлыг даамжруулаад байгаа юм.
Гэхдээ өрнөөд байгаа үйл явдлуудыг хараад байхад эргэлзээтэй, хоорондоо зөрчилтэй зүйл ажиглагдах болсон шүү. Зохион байгуулалттайгаар тагнах, чагнах ажиллагаа хийчихээд түүнийгээ наймаалцаж, тохиролцож, шантаажилж мөнгө олдог юм биш байгаа. Санал болгосон мөнгийг нь өгөхгүй гэхээр өрсөлдөгчдөд худалдсан уу гээд бас давхар шалгах зүйл бишгүй л байгаа юм шиг санагдсан. 60 тэрбумын асуудалд нэр нь холбогдсон улстөрчид бүгд өөрсдөө байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Эхлээд гурван хүний нэр яригдаж байсан бол сүүлдээ хэнчээн хүн нэмэгдэв. Миний бодлоор Ц.Сандуй ийм байдал үүсгэснээрээ өөрөө уучлал гуйж огцрох хэрэгтэй. Улстөрчдөд хамгийн чухал зүйл бол улстөрийн соёлтой байх. Тэр бичлэгийг эвлүүлэг гэж үзэж байгаа бол албан тушаалаа өгчихөөд хуулийн байгууллагаар шалгуулаад зөв, буруугаа тогтоолгочих л доо. Гүтгүүлсэн бол нэр нь аяндаа цэвэрлэгдэнэ. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэгчээр… Дараа нь нэр цэвэр, нүүр бардам ажилдаа орж, энэ нь улстөрийн карьерт нь ч эерэгээр нөлөөлнө.
Германд л гэхэд нэг улстөрч докторын ажлаа бичихдээ сонин дээр гарсан нийтлэлээс эх сурвалжийг нь дурдалгүй ганцхан өгүүлбэр ашигласандаа хүлцэл өчиж огцорч байсан. Албаны унаагаар эхнэр, хүүхдээ ажил, сургуульд зөөсөн нь мэдэгдэнгүүт уучлал хүсээд чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсан сайд ч байна.
Гэтэл бүхэл бүтэн намыг, нийгмийн тэр чигт бужигнуулчихаад албан тушаалдаа шигдээд байж болохгүй биз дээ. Нам гэдэг бол ашиг сонирхол дээр тулгуурласан хэсэг бүлэг хүмүүсийн орогнодог, бамбай болдог байгууллага биш.асгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж өргөн барилаа
–Засгийн газрыг огцруулахаар 30 гишүүн гарын үсэг зуран өргөн барилаа даа…
-Наад мэдээллийг чинь хэвлэлийн мэдээллээс л харлаа.
-Та Засгийн газрыг хамгийн их шүүмжилдэг байсан шүү дээ. Тэгээд яагаад огцруулахыг дэмжихгүй байгаа юм бэ?
-Аливаа асуудлаар байр суурь өөр байх бол байдаг л үзэгдэл. Тиймээс зөрүүтэй асуудлаараа хамтарч ярилцаад, яаж сайжруулах талаараа Засгийн газарт шаардлага хүргүүлж болно. Харин удаа дараа ярьж зөвлөлдчихөөд, шаардлага хүлээн авсан атлаа дорвитой алхам хийхгүй, хийсэн ажлаа тайлагнахгүй байвал асуудлыг өөрөөр ярьж болно.
Юу юугүй унагаана, огцруулна гээд л гарын үсэг зуруулаад байх нь шилдэг арга зам биш ээ. Нийтийн, хамтын, олонхийн, ард түмний, сонгогчдын эрх ашиг гэдгийг мартаж болохгүй. Ажлаа мэддэггүй, муу хийдэг хариуцлагагүй, албан тушаалаа далимдуулан авилгач болсон, гадны эрх ашигт үйлчилдэг аль ч албан тушаалын хүмүүстэй харин хайр найргүй тэмцэх ёстой. Энэ байр сууринаасаа би хэзээ ч ухрахгүй.
-Та тэгээд гарын үсэг зурах юм уу?
-Одоогоор зураагүй л байна. Над дээр гарын үсэг зураад өгөөч гэж хэн ч орж ирсэнгүй. Бас хэн нь ч нийгэм, эдийн засгийн байдал ийм байна, ингэж өөрчилмөөр байна гэсэн гарц тайлбар хэлж орж ирээгүй. Үнэхээр засаг огцруулах гарцаагүй шаардлага хэлээд, эдийн засгаа сайжруулах ажил хэрэгч төлөвлөгөөтэй хүн байвал бодох асуудал.
Би хэн нэг хүний үгэнд орж гарын үсэг зурахгүй, хэн нэгнийг зур, битгий зур гэж турхирахгүй, шахахгүй. Үнэхээр дараагийн Ерөнхий сайд хэн болох, ямар шинэчлэл хийх, хэрхэн өөрчлөлт хийх зэргийг мэдэхгүй байж яаран сандран шийдэл гаргахгүй. Дубайн гэрээ, Эрдэнэтийн хуудуутай хувьчлал шиг асуудал дэгдээх Ерөнхий сайд гараад ирэхийг ч таашгүй. Тиймээс Ерөнхий сайдын гарт улс эх орноо хөгжүүлэх, эдийн засгаа сэргээх ямар гарц, томоохон стратеги төлөвлөгөө байгааг мэдэх нь чухал. Өмнөхөөсөө дордож, засаг төр тогтворгүй болох вий гэсэн болгоомжлол төрж байна. 1990 –ээд оноос хойш Засгийн газар огцорсон талаар судлагаа хийж үзсэн. Бодоод үзэхээр нэг Засгийн газрын дундаж насжилт нь 1.8 жил болж байна. 1.8 жилээр тооцогдох Засгийн газартай улс манайхаас өөр байхгүй дээ.Ийм байхад яаж бодлого, үйл ажиллагаа тогтвортой ч байхав дээ. Шинэ гүйцэтгэх засаглалын тэргүүн гарч ирээд өмнөх зөв зүйтэй бодлогыг залгамжлах, үргэлжлүүлэх гэхээсээ илүүтэйгээр дахиад өөр зүйлд анхаарал хандуулдаг нь нууц биш болсон шүү дээ. Одоо бид 65-лаа байж, Засгийн газартаа хяналт тавьж, шахаж шаардаж ажиллуулах үүрэгтэй. Иймийн тулд улс төрийн тогтвортой, баталгаатай байдлыг хангагч нь бид 65. Сонгосон, байгуулсан Засгийн газраа унагаагаад байх нь чухал биш, харин муу ажилласан, шаардлага хангаагүй сайд нарыг солих нь зүйтэй.
Засгийн газрыг байгуулагдсан цагаас нь хойш “хурд дутаад байна, амралтын өдөр ч амрахгүй ажилла, төрийн албан хаагчдын цонх хямралтай энэ үед 24 цаг гэрэлтэй бай, бодлого, хуулийн төслөө чамбай сайн боловсруулж, УИХ дээр олигтойхон хамгаал, ажлаа хийж чадахгүй байгаа нөхдүүдэд хариуцлага тооц” гэх зэргээр олон удаа зөвлөгөө өгч, гарах гарцтай, шийдэлтэй асуудлыг танилцуулж, ярилцаж байсан. Хатуухан үг ч хэлдэг. Энэ бол нэр төр олох гэсэн зүйл биш, сонгогчдын элч болж хууль тогтоох дээд байгууллагад сууж байгаагийн хувьд ингэж хэлэх нь үүрэг. Ажил хийж байгаа хүний алдаа, дутагдлыг олж хэлэх нь ажлыг сайжруулах гэсэн сэтгэлийнх. Хатуу үг сонсоход амаргүй ч хэтийн ажилд тус дэмтэй байдаг. Гэхдээ надад засаг төрийг огцруулж, бужигнуулья гэсэн ямар ч бодол алга. Цөвүүн цагт эвийг хичээж, цавыг гагнаж, үл ойлголцлыг зөөлрүүлэхийг эрхэмлэж байна. Та хэд албан тушаал булаалдаж болно, үзэл бодол зөрчилдөж болно, зэвүүцэл гаарч болно, харин цаана чинь улс орон нэлэнхүйдээ эвгүйтээд байна гэдгийг уулзсан хүн болгондоо хэлж, ярьж л явна. Одоо монголчууд, тэр дундаа улстөрчид бидэнд намаар талцах, фракцаар хуваагдах, амин хувийн эрх ашигтаа хүлэгдэх эрх даан ч байхгүй. Иргэн бүр ажилсаг, хариуцлагатай байж улс орноо хямралаас гаргаж, хөгжлийг гацааж байгаа заагийг зад татах цаг ирсэн юм шүү.
-Танай намын зарим нөхдүүд эхнээсээ АН-руу гүйлдээд хамтарч ажиллах талаар ярилцах болсон гэх бор шувуу нисээд эхэллээ. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Үндсэн хуулиа чанд мөрддөг л нэгэн. Нэгэнтээ 2008 оны сонгуулийн дараа МАН олонхи болчихоод АН–тай хамтарсан засаг байгуулна гэх үед хурал дээр “Ийм байж болохгүй, иргэдийн сонголтыг үл тоож байна. Мөн сонгуульд гутлынхаа улыг эргэтэл явж зүтгэсэн гишүүд рүүгээ нулимж байна. Манай нам үнэмлэхүй ялалт байгуулчихаад байхад Үндсэн хуулиа зөрчин АН-тай хамтрах гээд байгаагийн учир юу байгаа юм. Ингэх байсан юм бол сонгууль хийхийн хэрэг алга” гэж эсэргүүцэж үгээ хэлсэн цөөн хүний нэг. Одоо ч би энэ байр суурь дээрээ хатуу байгаа. Олонхи болчихоод АН-тай хамтарч Засгийн газар байгуулна гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрэв асуудал иймдээ тулбал УИХ тарах хэрэгтэй гэж бодож байна. Би өөрийнхөө амин хувийн эрх ашгийн төлөө Үндсэн хуулиасаа татгалзаж, үзэл бодлоосоо ухардаг өчүүхөн нэгэн биш. “Хадаг бариад гуйгаад ирсэн ч стандарт бус Засгийн газарт орж ажиллахгүй” гэдэгтээ хүрч сул гишүүн явж үзсэн түүх ч бий, надад.
-Энэ жил гантай байна. Хүн бүр үүнд анхаарал хандуулах ёстой байтал Шадар сайд нь засагт ажиллахгүй гээд өргөдлөө өгчих юм. Хэр зөв шийдвэр юм бэ?
-Шадар сайдын ажлаа өгнө гэж байгаа нь тэр хүний өөрийнх нь хувийн асуудал. Хариуцдаг харьяа агентлагууд ажлаа сайн хийж байгаа тохиолдолд алзахгүй биз ээ. Нэг хүн ажлаа өгснөөс болоод салбар бүхэлдээ унадаггүй.
Үнэхээр авлигын тийм үнэр танар гараад байгаа юм бол баталгаажуул, хэргийн эзэнтэй нь хариуцлага тооц. Хариуцлагаүй алдсан, хийсэн хүмүүс байгаа бол сандлаас нь ховхлоод явуулахад нь нэг биш хоёр гараа өргөн дэмжинэ, би.
-М.Энхболд даргыг МАН-ын залуу гишүүд үл тоосон байдалтайгаар намаасаа бараг хөөгөөд эхэлчихлээ. Тэр хүмүүс нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын даргаа хэрхэн дэмжиж хөөрч байсан ч ялагдангуут нь буруу хараад өшиглөөд эхлэх юм…
-Тэртээ, тэргүй намынхаа даргыг өгнө гэчихсэн байхад нь адгийн шаар мэт балбаад хэрэггүй л дээ. Дарга болонгуут дугаарлачихаад, ялагдангуут өшиглөөд хаячихдаг түүх бий. Н.Энхбаяр дээр бүгд л тэгсэн. Албан тушаалтай байх үед нь бөгсийг нь долоох шахаж байсан хүмүүс албаа өгөнгүүт нь танихаа больсон биз дээ.
Нам ялалт байгуулсны дараагаар миний бие М.Энхболдын өрөөнд нь орж чадахгүй байсан үе бий. Үүдэнд нь дүүрэн хүмүүс дугаарлаад суучихсан, зарим нь бүр үүдийг нь сахиад суучихдаг байсан. Ийм дүр зурагтай, төрхтэй байлаа шүү дээ.
Сонгуулийн өмнө М.Энхболд даргатай уулзахдаа “Тойрон хүрээлэгчид вакум бий болгочихдог юм шүү. Та яг ялах нь, та мундаг гэж байгаад “алдаг” юм шүү, би танд шулуухан үнэнийг нь хэлчихье, Долдойнууд аюултай шүү. Хотын тойргууд дээр сайнгүй байна” гээд хэлж байлаа. Хотын дүүргүүд амаргүй, чаддаг, мэддэг зүйл байвал харамгүй хэлж ажиллая. Хамгийн олон хүн амтай дүүргээс дөрвөн удаа сонгогдсон учраас бага ч гэсэн туршлага бий гэсэн. Гэтэл ерөнхийлөгчийн сонгуулиар сурталчилгаа хийж байгаа болон намын штабын хүмүүсийн хэн нь ч надтай уулзаж, асууж, лавлаж, зөвлөж байгаагүй. Улаанбаатар хотод нэр дэвшээд ялж үзээгүй, сонгуульд өрсөлдөж үзээгүй хүмүүсээр нийслэлийн сонгуулийн ажлыг хариуцуулсан. Үүнд нь гомдоод байгаа юм биш. Гэхдээ энэ бол хэлэх л ёстой зарчмын нэг асуудал шүү. Хүнийг унахаар нь дээрээс нь дэвсэлдэг ёс зүйгүй, хүний мөс чанаргүй зүйлс гаргаж байгаа нь буруу. Сонгууль болоод нэг нь ялдаг. Нөгөөх нь ялагддаг. М.Энхболд дарга шийдэмгий бус, зориглохгүй цаг алдаад байж болохгүй. Улсын Их Хурлын дарга, МАН-ын даргын хувьд үүсээд байгаа асуудалд бодитой мэдээлэл өгч, байр сууриа тодорхой хэлэх цаг болсон. Үүнийг ч намын гишүүд төдийгүй, ард түмэн хүлээж байгаа гэж бодож байна.
Э.ЭНХБОЛД
Холбоотой мэдээ