Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангаж, цаашид мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо.
Германы Хамбург хотноо үргэлжилж буй ДАШТ-ий 60 кг-ын жинд тэрбээр дөрөвний нэг шигшээд Венесуэлийн боксчин Луис Кабрераг 4:1 харьцаатай буулган авснаар хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөө өрсөлдөх боломжтой болж байгаа юм.
Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай ДАШТ-ий эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялж, улмаар өнөөдөр Венесуэлийн боксчныг ялснаар шилдэг дөрөвт тунаж үлдлээ.
Тэрбээр есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софиан Омиятай тулалдана. Д.Отгондалай Риогийн олимпийн рингэнд мөнгөн медалийн төлөө тоглолтод түүнтэй тулалдаж, ялагдал хүлээж байсан билээ.
С.ЦЭЛМЭГ