МАН-ын бүлгийн хурал дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх ямар нэг шийдвэр гараагүй байна. Учир нь МАН-ын гишүүд нэг нэгээрээ байр сууриа илэрхийлж, цаг орой болсон тул хурлаа завсарлуулахаар болжээ. Ингээд маргааш бүлгийн хурлыг үргэлжүүлэхээр болсон байна.
Хуралдааны дундуур УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Засгийн газрыг огцруулах бичгийг аваар ир” хэмээн уурлаж, гарын үсэг зуржээ. Үүн дээр нэмэгдэж гарын үсэг зурах гишүүн гараагүй аж.
Үг хэлсэн гишүүдээс “Засгийн газраа тогтвортой байлгах нь зүйтэй. Ингэж байж ажлаа хийхийг шахаж, шаардмаар байна” гэдэг саналыг гаргажээ.
Мөн Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан гэх асуудалд хөндлөнгийн хүмүүс оролцсон байх магадлалтай гэх таамаглал дэвшүүлсэн байна. Хэрэв хөндлөнгийн хүмүүс, улс төрийн нам оролцсон байвал хариуцлага хүлээгэх ёстой гэсэн санал гаргажээ.
Тиймээс МАН-ын Их хурлаар намын даргаа сонгох нь зүйтэй. Дараагийн дарга хэн болохоос их зүйл хамаарна гэх мэт санал гарчээ.
Дашрамд дуулгахад бүлгийн хуралд оролцсон гишүүдийн тал нь байр сууриа илэрхийлээгүй үлдсэн тул маргааш үргэлжлүүлэн хуралдахаар болжээ. Гэхдээ одоогоор цаг нь тодорхойгүй байна.
Т.ДАВААНЯМ