Шөвгийн наймын багууд тодорч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Шөвгийн наймын багууд тодорч эхэллээ

Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийн хэсгийн сүүлийн тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна. Ням гаригт “А” хэсгийн сүүлийн тоглолт болж хоёр баг хасагдах шатанд үлдэв. Хэсгээсээ гарах болзлоо хэдийнэ хангасан Узбекстаны шигшээ сүүлийн тоглолтоо Хятадуудтай хийж 2:2-оор тэнцлээ. Ингэснээр тэд долоон оноотой болж “А” хэсгийн тэргүүлэв. Харин заавал хожил авах ёстой байсан талбайн эзэн Катарын шигшээ Кувейтийн багийг ядах юмгүй 3:0-ээр бут ниргэснээр хэсгээсээ хоёроор шалгарлаа. Гэхдээ тэдэнтэй хасагдах шатанд таарах учраа нэлээд хэцүү  байх нь ойлгомжтой. Энэ хэсгээс Хятадууд дөрвөн оноотой гэртээ харьж байгаа бол Кувейтууд нэг ч хожил авч чадалгүй нутаг буцлаа. “В” хэсгийн шийдвэрлэх тоглолтууд өчигдөр орой болсон. Энэ хэсэгт Япон, Йорданы багууд хэсгийн сүүлчийн тойрогт учраагаа буулгаж авснаар шөвгийн наймд үлдлээ. Ерөнхийдөө энэ гурван багийн хооронд гол өрсөлдөөн өрнөх юм. Харин Саудын Арабын хүчтэй хэсэгтээ хомоол хамж нутаг буцах болсон нь энэ жилийн Азийн аваргын хамт том шуугианы нэг байлаа. “D” хэсэгт Ираны баг хасагдах шатанд үлдэх нь тодорхой болжээ. Тэд хэсгийн хоёр дахь тоглолт Хойд Солонгосын хүчтэй багийг 1:0-ээр буулгаж авснаар дараачийн шатанд үлдэх болзлоо хангасан. Харин Хойд Солонгосын баг тун эвгүй байдалд ороод байна. Хэсгийн сүүлчийн тоглолтоо тэд Ирактай хийх бөгөөд заавал хожиж байж хасагдах шатанд үлдэх юм.
 
Б.Мөнхзул.
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж