Казахстаны Астана, Алма-Аты хотод энэ сарын 30-нд Азийн өвлийн спортын VII наадам эхэлнэ. “Шар тив”-ийн өвлийн олимпийн хамгийн сонирхолтой төрөл болох хоккейн тэмцээний сугалаа гарчээ. Эрэгтэйчүүдийн ангилалд нийт 14 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Ингэхдээ Азийн олимпийн зөвлөлийн шийдвэрийн дагуу Казахстан, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань гэсэн тэргүүлэх таван улс “Топ” хэсэгт өрсөлдөнө. Харин дэд хэсэгт өрсөлдөх есөн багийг гурван хэсэгт хуваажээ. “А”-д АНЭУ, Энэтхэг, Катар, “В”-д Тайланд, Кувейт, Киргызстан, “С”-д Малайз, Монгол, Бахрейны баг орсон байна. Манай шигшээ баг нэгдүгээр сарын 29-нд Бахрейнтай, 31-нд Малайзтай тус тус тоглох юм. Хоккейчид маань одоогоор Эрдэнэт хотод бэлтгэлээ базааж байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр Казахстаныг зорихоор бэлтгэж байгаа гэнэ.
Б.Мөнхзул
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.