Концессоор концерт тоглогчид

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Концессоор концерт тоглогчид

Концессоор концерт тоглогчид

 Жаран тавын бүлэг дотор үүссэн засгаа унагах хуйвалдаан ил цагаандаа гарчээ.

-“Монголоо бодсондоо ингэж байна” л гэнэ,

-“Ард түмнээ өрөвдсөндөө тэгж байна” л гэнэ…Ёстой уярам сайхан үгийг цээжээр хэлж сурсан гэдэг шиг уянгалуулж өгч байнаа өнөөдүүл чинь.

-“Хэрвээ та Засгийн газар огцорвол сайд болох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Ард түмэн хүсвэл үгүй гэх эрх надад байхгүй” гээд хээв нэг тууж өгөх нэгэн ч тэдний дунд шоволзоно. Аргагүй л дээ хөөрхий. Өөрсдийнхөө амин хувийн атгаг хүсэл, холын шуналыг ард түмний нэрээр халхавчилж шүлсээ үсчүүлдэг аргад гүн суралцсан тэд арга ч байж уу.

Тэдний засгаа унагах цахилгаан төлөвлөгөөнд “Концессоор Концерт” тоглох үзүүлбэр багтжээ.

-“Концесс шиг муу муухай зүйл байхгүй” л гэнэ.

-“Концесс бол Конец гэсэнтэй утга нэг” л гэнэ. Арай л “Концессын хууль гаргасан нь буруу, төр хувийн хэвшилтэйгээ түншлэх нь муухай” гэх нь халаг байна цаана чинь.

Тэгсэн хэрнээ өнөөдүүл чинь “Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжихгүй байна”, “Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй байна”, “Монгол хүн харьд боолын хөдөлмөр эрхэлж байна” гээд л дуу дуугаа авалцан намгийн мэлхий шиг бахиралдахыг нь яана гээч.

Эдний дунд концесс конвенци хоёроо, корпораци коррупци хоёрыг ялгахгүй хольж хутгах элэг татаасан нөхөд ч цөөнгүй үзэгдэнэ. Тийм болохоор эхлээд Концессын талаар бяцхан хичээл заах нь зүйтэй байх.

Концесс гэдэг нь ердөө төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны л нэг арга хэлбэр төдий юм. Төр захиалагч нь байж, хувийн хэвшил хөрөнгө оруулалтаараа тухайн объектыг барьж байгуулна л гэсэн үг. Ялангуяа эдийн засаг хүндхэн байгаа энэ цагт зөвхөн төсвийн мөнгөндөө хүлэгдэн ямар ч бүтээн байгуулалт хийхгүй элгээ эвхэн суусан бол харин ч “…Энэ засаг юу ч хийсэнгүй…” гэж шүүмжлэх нь эрүүл үзэгдэл болно.

Зам тавина, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина, импортоор авдаг эрчим хүчээ экспортод гаргана гэх том бодлогуудаа мөрөөдөл биш бодит ажил болгоход төр хувийн хэвшлийн түншлэл болсон Концесс өөрөө гүүр болж байгаа юм.

2010 онд Концессын хууль батлагдсанаас хойш 200 гаруй томоохон бүтээн байгуулалтыг Концессын гэрээний үр дүнд хийж гүйцэтгэсэн байна.

“Концесс баба” гэж шүлсээ үсчүүлэн байгаа нөхөдөөс авахуулаад хэн хүнгүй хэнэг ч үгүй өнөөдөр дээгүүр нь хурдлан давхиж буй Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн гүүрээс Яармагийн товчоо хүртэлх зам, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22,5 км зам, Ар зайсан-Их Монгол Улсын гудамж, Шаргаморьт-Гүнтийн даваа хүртэлх зам, аймаг алгасаж, сум сунган баригдсан авто замын бүтээн байгуулалтууд бараг бүгдээрээ Концессоор баригдсан гэдгийг улс төрийн Концертын уран бурдаг уран сайханчид маань ингэхэд ер мэдэж байгаа болов уу?

Өнгөрсөн 7 жилийн хугацаанд Концессгүй бол томоохон бүтээн байгуулалт явахгүй нь ойлгомжтой гэдгийг иргэд нь ойлгоод байхад итгэж сонгогдсон гэх улс төрийн нялх хүүхэлдэйнүүд нь мэдэхгүй байгаа нь харамсалтай. Уг нь Концесс нь хүн айж, нохой гасламаар зүйл биш гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж л баймаарсан. Зүгээр л нэрийг нь барьдаг ард түмнээ нэлийсэн хар масс гэж эндүүрсэн тэд Засаг унагах шалтаг, зөөлөн суудалд суух шантааж болгож л Концессоор Концерт тоглож буй нь энэ болой.

Баримт түшиж ярья. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-аар концессын “Барих шилжүүлэх” төрлөөр 38, “Барих-ашиглах-шилжүүлэх”төрлөөр 13 нийт 52 төсөл арга хэмжээ боловсрол, зам тээвэр, эрүүл мэнд, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарт хэрэгжиж байна.

Тэгвэл өнөөдөр хоолой зангируулан засгаа зүхээд байгаа “хоёрдугаар ээлжийн” нөхөд өмнөх Засгийн газрын үед ийм олон концесс батлагдахад тийм л эх оронч юм бол эрүүгээ чилтэл орилж хашгирах нь яасан юм бол. Харин ч Хятадын компани Концессоор зам тавьж, хятад хүн Концессын төсөлд шалгарч, монгол хүний ажлын байрыг булааж байхад ус балгасан юм шиг дуугүй суусан тэднийг улс төрчид биш ёстой л “Тамаас ирсэн хүч” гэлтэй.

Өмнөх их хурал. Засгийн газар, аймаг нийслэлийн шийдвэрээр нийтдээ 100 гаруй Концессын гэрээ хийгдсэн байдаг. Тэдний ихэнхийг нь Хятад компаниуд хийж гүйцэтгэсэн байхад ер дуугараагүй нь гайхалтай.

Цогтой “эх орончид” маань тэр 100 Концессыг 100 луйвар гэж яриагүй хэрнээ үндэсний компаниуд аль 2013 онд шалгарсан 6 Концессыг 6 луйвар гээд зуугаад байгаа нь яг үнэндээ цаанаа ямар явцууханзорилготойг нь илчлээд байна хөөрхий.

Аль 2013 онд, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед батлагдсан Концессын гэрээгээр ядмагхан улс төр хийж, ялзарсан шуналт хүслээ далдлах нь арчаагүй харагдаад байгаа тул үүнийг бичихээс аргагүйд хүрэв.

Тэднийхээр бол үндэсний том компаниуд Концессоор зам тавьж, эмнэлэг сургууль барьж, эрчим хүч татах нь нүгэл гэнэ. Тэднийхээр бол монгол хүн ажилтай орлоготой байж, монголдоо бүтээн байгуулалтад оролцох нь ёс бус гэнэ. Монголын мөнгө Монголдоо үлдэж, Монголынхоо хөгжилд монгол компаниуд хувь нэмрээ оруулах нь ерөөс олигтой зүйл биш гэнэ.

Засаг зайдлах санаагаа гүйцэлдүүлэх гэсэн зальжин овжин ийм арга хол явахгүй л болов уу даа. Тамын тогооны улс төрчдийн тагнай ташин танц эргэх “Концессын Концерт” гээчийн үнэн дүр төрх ердөө л энэ буюу.

Ж.Дорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж