Ойг цэвэрлэснээр түймрийн эрсдэлийг бууруулдаг

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Ойг цэвэрлэснээр түймрийн эрсдэлийг бууруулдаг

Ойг цэвэрлэснээр түймрийн эрсдэлийг бууруулдаг

Ойн мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон албаны хүмүүс ойн санг цэвэрлэх зайлшгүй шаардлагатай хэмээн ярьдаг. Тэгвэл энэ асуудлаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбаттай цөөн хором ярилцлаа.

-Дараалсан олон удаагийн түймэр болон бусад хүчин зүйлээс шалтгаалж ой модыг цэвэрлэх шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Үнэхээр шаардлага байгаа юу, байгаа бол Монгол орны хэдий хэмжээний ойн санг цэвэрлэх шаардлагатай байгаа вэ?

-Байгаль, цаг уурын нөлөө, хүний хүчин зүйл, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалсан гал түймэр ойн санд ихээхэн аюул учруулж байна. Түүнээс гадна ойн хортон шавьж, хууль бус мод бэлтгэл нь ойг хомсдуулдаг гол хүчин зүйл болдог. БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төв гэж байгууллага байдаг. Тус байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 2.7 сая га талбайд, 69.8 сая шоо метр унасан болон хатсан модны нөөц байна. Үүний 39.9 сая шоо метр нь хатсан буюу ургах чадваргүй болсон мод. Үлдсэн нь унасан мод байгаа юм. Яагаад ийм их хэмжээний унасан болон хатсан модны нөөц бий болчихов оо гэхээр, гол хүчин зүйл нь гал түймэр, ойн хөнөөлт шавжийн нөлөөгөөр. Тэгэхээр түймрийн хор хохирол ойн төлөв байдлыг ямар хэмжээнд хүртэл нь доройтуулдаг, хомсдуулдаг нь энэхүү тоо баримтаас харагдаж байгаа биз. Дээрээс нь хатсан, унасан мод нь гал түймэр гарахад шатах материалын нөөц болж дэмжиж өгдөг. Энэ нь ойн санд учрах аюулыг улам нэмэгдүүлдэг. Эдгээрээс харахад ой модыг зайлшгүй цэвэрлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.

-Ойг цэвэрлэсний ач холбогдлыг тодорхой тайлбарлавал…

-Ач холбогдлын хувьд байгальд болон нийгэм, эдийн засагт гэж хоёр ангилж болно. Байгаль экологид ямар ач холбогдолтой гэхээр, хэвийн байсан ой шатсаны дараа төлөв байдал нь өөрчлөгддөг. Ургах орчин, газрын гадарга дахь өвс, ургамал нь солигдох гэх мэт. Ингэснээр ой нөхөн төлжих процесс нь алдагдаж эхэлдэг. Харин ойг цэвэрлэснээр ойн түймрийн эрсдэлийг бууруулж, иш холтос, модлогийн шавжийн хөнөөлөөс урьдчилан сэргийлэн, нөхөн төлжих үйл явцыг нь хангаж өгнө гэсэн үг. Нөгөө талдаа цэвэрлэгээнээс гарсан модоор ард иргэд, аж ахуйн нэгжийн модны хэрэгцээг хангаж болно. Ойн нөөц ашигласны төлбөр гэж байдаг. Түүнийгээ тухайн орон нутгийнхаа төсөвт өгснөөр төсөв бүрдүүлэлт сайжирна. Аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэнэ. Гэх мэтчилэн эдийн засгийн ач холбогдол их. Ойг цэвэрлэснээр ямар үр дүн гардаг, ямар ач холбогдолтой вэ гэдгийг тодорхойлсон судалгааны материал байдаг. Жишээлбэл, ойг цэвэрлэснээр ойн түймрийн эрсдэлийг 2 дахин, ойн түймэрт өртөх талбайн хэмжээг 3-4 дахин бууруулдаг. Ойн модны түймэрт тэсвэрлэх чадварыг 2 дахин нэмэгдүүлнэ. Нөгөө талаар, модны иш, холтос, үндсээр хооллогч хортон шавьжны хэт олширлыг багасгадаг. Мөн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг байнгын ногоон ажлын байр бий болно. Ойн цэвэрлэгээнээс гарсан модыг дан ганц ахуйн хэрэгцээнд зарцуулдаггүй. Ойн цэвэрлэгээнээс гарсан модоор янз бүрийн бордоо, барилгын материал, хавтан зэргийг үйлдвэрлэж болдог олон талын ач холбогдолтой.

-Ойг цэвэрлэхэд ямар хүндрэл учирдаг талаар яривал?

-Цэвэрлэх ёстой ой маань төв суурин газар эсвэл дэд бүтцээсээ алслагдсан байдаг. 70, 80 км түүнээс цааш зайтай байна. Намаг, шавар ихтэй. Хүн хүрэхэд хамгийн хэцүү газруудад унасан, хатсан модны нөөц илүү их байдаг. Энд юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл ойн замын асуудлыг бодлогын хүрээнд, хөрөнгө, зардлын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Түүнээс гадна ойн цэвэрлэгээ хийх аж ахуйн нэгж, ойн нөхөрлөлүүдийн чадавхи муу байдаг. Техник технологийн асуудлыг мөн нэрлэж болно. Гэх мэт хүндрэлүүд бий.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж