Ховд аймагт гурван цэрэг осолдож, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Ховд голд гурван цэрэг осолдож, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Он гарсаар долоон цэрэг амиа алдсан, Тавантолгойн цэргийн сургуулилалтын хээрийн баазад гранат дэлбэрсэн гээд асуудал байна. Тиймээс салбарын сайд нь огцрох ёстой гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд их байна?
-Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд ЗХЖШ-ын дарга байдаг цэргийн зохион байгуулалттай байх үеийнх шиг ойлголт одоо болтол байна. 1996 онд тэр үеийн улстөрч, сайд энэ салбарт иргэний хяналтыг тавих төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготойгоор томилогдсон. 2016 оны есдүгээр сард УИХ Батлан хамгаалахын тулгуур багц хуулиудыг баталсан. Энэ хуулиар батлан хамгаалах, цэргийн салбарын удирдлагуудыг маш тодорхой болгосон. Өмнө нь ерөнхийлсөн заалтууд байсан бол энэ удаа төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх субьектууд нь ерөнхий командлагч, Засгийн газар, хариуцсан салбарын сайд байхаар хуульчилсан. Мөн цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хэрэгжүүлэх, энэ томилгоо тус штабын даргаас эхлээд бүх төрлийн цэргийн командлал, ЗХЖШ-ын орлогч нарыг тус штабын дарга томилдог. Харин салбарын сайд Засгийн газрын яам агентлагийг тодорхой хуулийн хүрээнд ажиллаж байна уу гэдгийг болон төсвийн зарцуулалтыг хянана. Үнэхээр энэ салбарт хариуцлага суларсан гэдэгтэй би санал нэг байна. Энэ сарын 27-ны орой Ховд аймгийн Зэвсэгт хүчний анги байгууллагын цэргийн ангийн алба хаагчид Ховд голд усанд осолдсон тухай мэдээлэл ирсэн.
Холбогдох албаныхан шуурхай ажиллаж, өчигдөр өглөө 06.00 цагт ЗХЖШ-ын байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Ховд аймагт улсын дайчилгааны 2500 мал өвөлжих учиртай. Тиймээс жил бүр малаа өвөлжүүлэх зорилгоор тухайн анги байгууллагын цэргийн алба хаагчид нөөц бэлтгэхээр ажиллаж байсан. Энэ жилийн хувьд зуншлага тааруу байгаа учраас зөвшөөрөл аваад хадлан бэлтгэж байсан юм билээ.
-Энэ хэрэгт Та хариуцлага хүлээх үү?
-Би хариуцлага хүлээнэ. Бид бүх төвшинд хариуцлага хүлээнэ. Цэргийн мэргэжлийн удирдлагыг ЗХЖШ, түүний дарга хэрэгжүүлдэг. Хуулиар ЗХЖШ-ын дарга зэвсэгт хүчин, цэрэг, түүний сахилга, бэлэн байдал, осол, аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс шат шатандаа хариуцлага яригдана. Албаны ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа хариуцлагын асуудлыг ярилцана.
-УИХ-ын нэр бүхий гишүүн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан. Засгийн газрын гишүүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Парламентын засаглалтай улс орнуудад Засгийн газарт хариуцлага тооцох, огцруулах асуудал нээлттэй. Өмнө нь олон Засгийн газарт хариуцлага тооцож байсан. Энэ удаа Засгийн газрыг огцруулах асуудлаар 30 гишүүн гарын үсэг зурж, өргөн барьсан. Хуулийн хугацаанд асуудлыг хэлэлцэх байх. Засгийн газрын кабинетын гишүүний хувьд би нэг жилийн хугацаанд гүйцэтгэх засаглал боломжийн төвшинд ажилласан гэж бодож байна. Ялангуяа эдийн засгийг тогтворжуулах, тодорхой хэмжээний өсөлт бий болгох чиглэлд ажлууд хийсэн. Үр дүн нь ч эхнээсээ гарч байгаа.
Хасахтай байсан эдийн засгийг зогсоож, 5.3 хувийн өсөлт бий болголоо. Энэ хэрээр хөрөнгө оруулагчдын үнэлэмж нэмэгдсэн. Засгийн газарт алдаа дутагдал болоод ажил урагшлахгүй байгааг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг олон талаас нь авч үзэж, УИХ шийдвэрээ гаргах хэрэгтэй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ