Ардын хувьсгалыг Д.Сүхбаатар удирдаагүй гэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Ардын хувьсгалыг Д.Сүхбаатар удирдаагүй гэв үү?

Ардын хувьсгалыг Д.Сүхбаатар удирдаагүй гэв үү?

-Бидний мэддэггүй Монголын түүх-

“ХХ зууны Монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрдэм шинжилгээний хурлыг Олон улсын Монгол судлалын холбоо, Япон улсын Акитагийн олон улсын их сургууль хамтран зохион байгуулж, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Боловсролын их сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын их сургууль зэрэг газрын төлөөлөл оролцож байгаа юм.

“Төв Азид нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан төдийгүй хожим нь XIII, XIV зуунд дэлхийг захиран удирдаж байсан монголчуудын хувьд дэлхийн түүхийн тавцанд дахин гарч ирсэн үе бол яахын аргагүй ХХ зуун юм. Их улс, эзэнт гүрэн байгуулж явсан монголчууд түүхийн нэгэн цаг үед өвөр зуураа тэмцэлдэж, тарж бутран, харь улсын эрхшээлд орсон байдаг. 1636 онд Өмнөд Монгол, 1691 онд Халх Монгол Чин гүрнийг дагаснаас хойш өрнөсөн анхны тэмцэл хөдөлгөөн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байсан. 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулан харь гүрний эрхшээлээс гарч, үндэстний хувьд сэргэн мандсан үеэс ойрхи үеийн түүх эхэлдэг. Ойрхи үеийн түүхээс сургамж авч, хиж бүтээсэндээ тулгуурлан дараагийн үе рүү явах суурь болж өгдөг” хэмээн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Хишигт тодотгосон.

ХХ зууны Монголын түүхэнд ээдрээтэй, бүдэг бүрхэг зүйл ч цөөнгүй бий. Бүр та бидний сонсож, үзэж судалж, итгэж үнэмшиж өнөөдөртэй золгосноос тэс өмнөө баримт, эх сурвалжийг ч эрдэмтэд дэлгэж байна.

Ардын хувьсгалыг Д.Сүхбаатар удирдаагүй 

Японы монголч эрдэмтэн Футаки Хироши хэлэхдээ: 

-Миний ойлголтоор 1921 онд Монголд болсон хувьсгалын үйл хэрэгт буриад, өвөрмонголчууд биечлэн оролцоогүй ч үндэс суурийг тавилцсан гэдэгт итгэдэг. Гэвч тэдний гавьяаг түүхэнд тэмдэглэн үлдээсэн нь ховор. Жишээ нь, 1919 онд Чита хотод болсон уулзалтын талаар мэдээлж байгаагүй. Тэрхүү хуралд Монголоос хүмүүс оролцоогүй ч монгол угсаатнууд их чухал асуудлыг хөндсөн байдаг. 1921 оны Ардын хувьсгалыг судалсан цөөхөн судлаачийн нэг нь би. ЗХУ Коминтернийн тусламж үзүүлэх талаарх уулзалтад Монголын төлөөлөгчөөр Солийн Данзан Москва хотод очсон байдаг. Төлөөлөгчдийн орлогч даргаар Элбэгдорж Ренчино оролцсон. Цааш гүнзгийрүүлэн судлаад байхаар 1921 оны Ардын хувьсгалыг Солийн Данзан, Догсомын Бодоо, Элбэгдорж Ренчино нарын гурван хүн удирдсан байдаг.

“Монгол бол угтаа манай улс”

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Хишигт БНМАУ тусгаар тогтнолоо зарлан тунхаглах үеийн хятадын хэвлэлийн өгүүллүүдэд дүн шинжилгээ хийж, илтгэл бэлтгэсэн гэдгээ тодотгосон юм. Тэрбээр хэлэхдээ:

-Он цагийн хувьд 1945 оны арванхоёрдугаар сарын 18-наас 1946 оны хоёрдугаар сарын 27 хүртэлх хугацаанд Хятадын хэвлэлд нийтлэгдсэн мэдээ мэдээллийг судалж үзлээ. Нийтлэлүүдийн олонх нь 1946 оны нэгдүгээр сард хэвлэгдсэн байна. Учир нь БНМАУ-ын санал хураалтын дүнг 1946 оны нэгдүгээр сарын 5-нд Дундад иргэн улс хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнтэй холбогдуулан БНМАУ-ын төлөөлөгчид Чунчиньд очиж, Дундад иргэн улстай албан ёсны хэлэлцээ хийж, дипломат харилцаа тогтоохыг хүссэн байдаг. БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчөөр Ерөнхий сайдын орлогч Ж.Сүрэнжав тэргүүтэй найман хүн явсан. Эдгээр хүмүүс 1946 оны хоёрдугаар сарын 8-16-ны өдрүүдэд Чунчиньд ажилласан. Энэ үеэр Дундад улсын хэвлэлд олон өгүүллэл нийтлэгдсэн. Өгүүллүүдэд дурдсан нэг гол санаа бол БНМАУ-ын тусгаар тогтнолыг Дундад иргэн улс хүлээн зөвшөөрснөөр тус улсын хоёрдмол байр суурийг тодорхой болголоо гэсэн санаа байдаг. Мөн Зөвлөлт Хятадын хооронд удаан хугацаанд будилаантай байсан асудлыг эцэслэлээ, гуравдугаарт гэвэл Азид шинээр нэг улс, бидний дэргэд шинэ хөрш нэмэгдлээ гэж бичсэн байна.

Ийн Дундад иргэн улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг наанаа хүлээн зөвшөөрлөө гэж байгаа боловч эцэст нь “Гадаад Монгол бол угтаа манай улс” гэж бараг бүх өгүүлэлд дурдсан байдаг. Давхар утгаар нь Дундад улс Гадаад Монголд тусгаар тогтнолыг бэлэглэлээ хэмээн гаргасан нь ч бий гэлээ.

Түүхч Ж.Болдбаатарын хувьд 1990-ээд оны перестройка буюу өөрчлөн байгуулалтын үеийн түүхэн судалгаа, өнөөгийн зангилаа асуудлаар товч илтгэл тавьсан юм. Өөрчлөн байгуулалтын үеийг хүмүүс зөвхөн 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар төсөөлдөг ч 1980-аад оноос эхтэй. Перестройка буюу өөрчлөн байгуулалтын жилүүдэд 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлах хүртэлх үеийг багтаан ойлгож байгаа гэдгийг тэрбээр тодотгосон.

Ийнхүү бидний мэдэхгүй, урьд өмнө нь заалгаж байсан түүхээс шал өөр түүхийг судлаачид дэлгэж байна. ХХ зууны Монголын түүх ээдрээтэй, тэр дундаа 1920-1930-аад он, 1950-1960 оны үеийн түүхийн бүдэг бүрхгийг тодруулах, гажуудсаныг нь залруулах шаардлагатай гэдэгтэй улс улсын түүхчид санал нийлдэг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж