“Сайд нарт 800 тэрбумын концесс өгч байгаа нь гэмт хэрэг”

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

“Сайд нарт 800 тэрбумын концесс өгч байгаа нь гэмт хэрэг”

“Сайд нарт 800 тэрбумын концесс өгч байгаа нь гэмт хэрэг”

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Эрх баригч намын 30 гишүүн Засгийн газраа огцруулах бичгээ УИХ-д өргөн барьсан. АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг юу гэж харж байна вэ? 

-Засгийн газрыг огцруулах нь өнөөдрийн чухал асуудлын нэг мөн. Гэхдээ Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй гэдгээс илүү өнөөгийн нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудал дээр илүү бодит дүгнэлт, алхам хийх шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж байна. Засгийн газрыг огцруулах асуудал үүсэхээс өмнө АН-ын бүлэг хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил, төсвийн хууль зөрчсөн асуудлууд дээр ээлжит бус чуулган зарлах асуудыг УИХ-ын даргад тавьсан. Засгийн газар Төсвийн тухай хуулийг хэд хэдэн зөрчсөн. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүүхдийн мөнгийг олгохдоо хууль зөрчсөн. Хүүхдийн мөнгө олгох асуудлыг хууль зөрчихгүй, хуулийн дагуу зохион байгуулах ёстой байсан ч ямар нэг батлагдаагүй эх үүсвэрээс олгосон. Сонгуулийн дараа ямар нэг шалтгаанаар хүүхдийн мөнгийг зогсоох юм бол сонгогчдоор, хүүхдүүдээр тоглосон улс төрийн тоглоом болно шүү гэдгийг би хаврын чуулганы үеэр хэлж байсан. Харамсалтай нь тухайн үед эрх баригчид миний үгийг тоогоогүй. Өнөөдөр Засгийн газрыг огцруулахын тулд асуудлыг олон өнцгөөс ярихаас илүү бодит байдлыг дүгнэх ёстой.

-Засгийн газрыг огцруулах бичигт хүүхдийн мөнгийг Төсвийн хууль зөрчсөн гэдгийг тодотгосон байсан. АН-ын бүлэг үүнтэй санал нэг байгаа юм байна. 800 орчим тэрбум төгрөгийн концессын асуудлыг юу гэж харж байна вэ. АН-ын Засгийн үед олгогдсон концесс учраас цуцалж болохгүй гэсэн тайлбарыг өгч байгаа?

-Тодорхой хэмжээний концессын асуудал яригдаж байсан. Концессын хэлбэрээр хөрөнгө оруулах зарчмыг АН-ын Засгийн газар барьж байсан. Гэхдээ МАН гарч ирээд бүгдийг нь хүчингүй болгосон. Зөвхөн Засгийн газрын сайд нарт олгох долоон төрлийн концессыг үлдээгээд бусдыг цуцалсан. Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд өөрсдийн сайд нарт 800 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхийн концессын хөрөнгө оруулалтыг шийдэж өгч байгаа нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Үүнийг зөвтгөх арга байхгүй. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байхад яаж санаа нь зовохгүйгээр 800 тэрбум төгрөгийг өөрсдийн компанидаа авч чадаж байна вэ. Энэ хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барьсан бол хэдэн хүүхдийн асуудлыг шийдэж болох байсан бэ гэж харах юм бол МАН-ынхад улс орноо гэсэн сэтгэл, хүн чанар алга. Энэ бол яаж ч зөвтгөх гээд зөвтгөх аргагүй шалтгаан. Хүүхдийн мөнгөний асуудал, төсвийн тухай хууль зөрчсөн, 800 тэрбум төгрөгийн асуудал, татвар нэмсэн, мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан гээд маш олон зөвтгөх аргагүй шалтгаан бий.

-АН өмнө нь Засгийн газраа огцруулж байсан нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд нөлөөлсөн. МАН энэ алдааг давтах вий гэсэн болгоомжлол байна?

-АН алдаа, дутагдал, гаргасан шийдвэрийнхээ үр дүнг хүлээсэн. Гэхдээ бүх зүйл буруу байсан гэвэл үгүй. Өнгөрсөн жил хоёр сарын хугацаанд эрх баригчид 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө нэг ч зүйлийг биелүүлээгүй. Өнөөдөр цалин нэмсэнгүй, татвар нэмсэн, хэрэгжиж байсан бүх сайн хөтөлбөрийг зогсоосон. Тэгсэн хэрнээ түүхэндээ анх удаа төсвийн орлогыг 500 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн гээд худлаа ярьж байна. Гэтэл 2017 оны төсвийн тодотгол дээр 1,5 их наяд төгрөгийн орлогыг бууруулж баталсан. Орлогын эх үүсвэр тодорхойгүй учраас энэ орлогыг бууруулж баталсан. Гэтэл хассан 1,5 их наяд төгрөгийнх нь 500 тэрбум төгрөг нь ороод ирсэн. Үүнийг анх удаа төсөв давсан гэж яриад байгаа. Энэ нь төсвийн орлого давсан биш төсвийн төлөвлөлт нь буруу байсных.

-Чингис бондын эхний төлбөрийг 2018 он гараад төлнө. Гэтэл Засгийн газар огцруулах бичиг өргөн барьсан өдрөөс бондын хүү нэмэгдээд эхэлсэн, үүнээс болж бондын төлбөрөө төлж чадахгүй дефолт зарлахад хүрнэ гэж Сангийн яам анхааруулаад эхэллээ?

-Монгол Улс зээл, өр төлбөрт ороод дефолт зарлах улс биш. Энэ их байгалийн баялаг, эдийн засгийн өргөн боломжийн хүрээнд хэн илүү зоригтой чадварлаг менежмент хийж чадна тэр хэмжээгээр улс орон хөгжинө. Өнөөдөр бүх зүйлийг харлуулж, нийгэмд сөргөөр ойлгуулсан улс төр хийхээ болих хэрэгтэй, МАН. Ганцхан жишээ дурдахад, төсвийн тодотгол хийж байхад орох боломжгүй гээд хассан 1,5 их наяд төгрөгийн 500 тэрбум төгрөг эхний хагас жилд орж ирсэн. Цаашид хэдэн ч тэрбум төгрөг орж ирж магадгүй байна. Мөн нэг тонн зэсийн үнэ дэлхийн зах зээлд сүүлийн 10 жилд байгаагүйгээр өсч 6000 ам.долларт хүрч байна. Дахин нэмэгдэх ч магадлалтай байна. Энэ мэт эдийн засгийн олон боломжийг яагаад олж харахгүй байна вэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн хугацаанд Чингис бондын өрийг төлөх гэж эрх баригчид их сандарсан гэж яриад байна. 2017 онд Чингис бондын нэг ч төгрөг төлөгдөөгүй. Харин 2011 онд Сү.Батболдын Засгийн газрын авсан Евробондын зээлийн эхний төлбөрийг 2017 онд төлсөн. Ардчилсан намын үед л их өр, зээл авсан, болохгүй, бүтэхгүй хар бараан бүхнийг АН хийсэн гэж ойлгуулах гэж оролдсоор байна. Гэвч тэд хэзээ ч нотолж чадахгүй байна.

-Сонгуульд ялагдсан намын удирдлага хариуцлагаа хүлээн огцордог. Гэтэл МАН-ын удирдлагууд хариуцлага хүлээхгүй байна, хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг гишүүд нь илэрхийлж байна. Нам доторх зөрчлөө дотроо шийдэж чадахгүй байж Засгийн газраа огцруулах нь хэр зохимжтой юм бэ?

-МАН-ын дотоод зөрчил, лидерүүдийнх нь асуудал бидэнд огт хамаагүй. Өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд эрх баригч нам ямар алдаатай бодлого явуулсан бэ гэдэгт 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн дүнгээ тавьсан. Үүнээс илүү том сануулга, дүн гэж байхгүй. Монгол төрийн эрх мэдлийг арилжих, арилжихыг оролдсон нь өөрөө гэмт хэрэг. Үүн дээр бодит дүгнэлт хийгээд, гэм буруутай хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Тэгэхгүй хаацайлаад суугаад байвал энэ асуудал улам ужгирна. Би МАН-ыг тулхтай улс төрийн хүчин гэж боддог. Гэхдээ өнөөдөр тулхтай улс төрийн хүчин гэж харагдахгүй байна, МАН.

-МАН-ын 30 гишүүн дээр АН-ын есөн гишүүн нэгдвэл Засгийн газар огцорно. Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа учраас АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь гэж ойлгож болох уу?

-Засгийн газраа огцруулах эрх нь МАН-д 100 хувь бий. МАН дотоод асуудлаа өөрсдөө шийдээд явах хэрэгтэй. Заавал нэг асуудлыг аль нэг намд хамаатуулаад байх хэрэггүй. АН-ын бүлэг өмнөө тавьсан зорилго, бүлэг дээр гаргасан шийдвэрийн хүрээнд л ажиллана. Одоогоор АН-ын бүлэг албан ёсоор шийдвэрээ гаргаагүй байна.

-АН эрх барьж байхдаа Засгийн газраа хэд хэдэн удаа огцруулж байсан. Засгийн газар огцруулах асуудлын цаана сандал суудлын тохироо байдаг гэж зарим хүн харддаг. МАН доторх зөрчил ч гэсэн сандал, суудлын хуваарилалтаас болсон болов уу гэсэн хардлага байна?

-АН-ын Засгийн газруудыг огцруулж байсныг АН гэхээс илүү МАН, тухайн үеийн МАХН-ын оролцоотойгоор маш сайн зохион байгуулсан, найруулсан хор байсан. 1996-2000 оны хооронд Засгийн газрыг огцруулахад гол дүр, гол оролцогч нь өнөөдрийн эрх баригчид байсан. Аливаа зүйл цаг хугацаатай. Одоо МАН түүнийхээ үр дүнг хүртэх цаг үе нь ирсэн юм болов уу гэж харж байна. Хэн буруутай, хэн зөв хэлснийг ард түмэн ойлгож байгаа. МАН-ын сандал, суудлын асуудал Ардчилсан намтай огт хамаагүй. Энэ бол МАН-ын дотоод асуудал.

-Олон нийтийн сүлжээнд АН-ын гурван сайд дараагийн Засгийн газарт орох тохироог З.Энхболд, У.Хүрэлсүх нар хийсэн гэсэн мэдээлэл яваад байна. Засгийн газар огцорвол АН-тай хамтарч Засгийн газар байгуулна гэх мэдээлэл ч яваад байна?

-Би өнөөдрийн эрх баригч хүчнийг төлөөлөх хүн бол У.Хүрэлсүх гэж бодохгүй байна. АН-ыг төлөөлөх эрх бүхий хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд биш. Намын даргын хувьд манай нам Засгийн газар хамтарч байгуулах, Засгийн газарт орох, сайдын суудал авах яриа, тохироо огт хийгдээгүй. Цаашид ч хийгдэхгүй гэж бодож байна. Ер нь бол эрх барих түвшний үндэсний хэмжээний хоёр том нам зөв зүйл дээр эвсч, улс орны төлөө явж байгаа бол нэг өөр. Зөвхөн сандал суудал, эрх мэдлийн төлөө эвсч, хуйвалдвал ямар үр дүнд хүрдгийг өмнөх эвслийн Засгийн газрууд харуулсан. Ийм зүйлийг би хувьдаа АН-ын дарга байх хугацаандаа хийхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Цаашид улс орны хөгжлийн төлөө зөв зүйл дээр бид хэнтэй ч хамтарч, нэгдсэн бодлого хэрэгжүүлэхэд бэлэн. Улстөрийн ашиг хонжоо харсан, эрх мэдэл хуваарилсан зүйл дээр ямар ч улс төрийн хүчинтэй хамтрахгүй.

-Эрх барьж байгаа намын дарга нь Засгийн газраа тэргүүлэх дүрэм улс төрийн намуудад байдаг. Магадгүй МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн дараа Засгийн газраа тэргүүлсэн бол өнөөдрийн Засгийн газрын тогтворгүй байдал үүсэхгүй байж болох байсан уу?

-Аль ч улс оронд ялсан намын дарга нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлж, өөрөө лидер байж намынхаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангаж, хариуцлага хүлээдэг зарчимтай. Түүнээс өөр хүн тавиад асуудал ярих нь зохимжгүй л дээ. Гэхдээ бас хуулиар хориглоогүй учраас улс төрийн намууд дотооддоо өөр зохицуулалт хийгээд намын дарга нь УИХ-ын дарга болоод гүйцэтгэх засаглалын тэргүүнээр өөр хүн томилох нь буруу гэж хэлэхэд хэцүү. Дөрвөн жилийн дараа нам дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол Ерөнхий сайд хариуцлага хүлээх үү, өөр алба хашиж байгаа намын дарга нь хариуцлага хүлээх үү гэдэг нь тодорхойгүй асуудал. Мэдээж сонгогчид тухайн намтай л хариуцлага тооцно.

-Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа өгөх хүсэлтээ Засгийн газарт өгсөн. АН-ын бүлэг энэ асуудал ямар байр суурьтай байгаа вэ. Зарим байнгын хороогоор Шадар сайдыг тагнасан эсэх асуудлыг хэлэлцэхээр болж байх шиг байна?

-Шадар сайдыг огцруулах эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ. УИХ-ын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд АН-ын бүлэг байр сууриа илэрхийлээд явна. Ер нь тагнасан, чагнасан асуудлыг АТГ хийх ёсгүй. АТГ шалгаж, тогтоогоод, прокуророос шийдвэр гараагүй байхад олон нийтэд зарлаж байгааг их гайхсан. Иймэрхүү улстөржсөн аргаар төрийн ажил явуулж болохгүй. АТГ чиг үүргийнхээ хүрээнд ажиллахгүй, олон түмний итгэл найдварыг хүлээсэн, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хариуцаж байгаа байгууллага. АТГ-т Шадар сайдтай зууралдахаас илүү 60 тэрбум, оффшор гэх мэт асуудлаас эхлээд хийх ажил маш их байна шүү дээ.

-60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Төрийн албан хаагчдаас ч байцаалт авч байгаа гэсэн. Сүүлийн хоёр жил яригдсан 60 тэрбумтай холбоотой асуудлыг нэг талд нь гаргах боломж бий юу?

-Хуулийн байгууллагад 60 тэрбумтай холбоотой асуудлыг шийдвэрлэх сонирхол алга. Магадгүй дээрээс нь зарим хүн удирдаж байна гэж хардаж байна. АТГ 1400 орчим төрийн албан хаагчаас мэдүүлэг авсан гэсэн. Өнөөдөр манайд хэрэгжиж байгаа хуулиар авлига авсан, өгсөн хоёулаа хариуцлага хүлээнэ. Тэгэхээр хэн ч өөрийгөө өгсөн гэж хэрэгт хийхгүй. Гэтэл АТГ 1400 төрийн албан хаагчийг дуудаад яаж ажилд орсон талаар нь асууж, цаг хугацаа алдсан ажил хийж байна. 60 тэрбумын схемийг зохиож, ярьж байгаа нь өөрөө гэмт хэрэг. Ярьсан, гаргасан схем, үнэлгээ нь тодорхой байхад илрүүлэх хүсэлгүй байна гэж би харж байна. Энэ асуудал дээр ёс зүйн болон эрх зүйн хариуцлага хүлээх ёстой. Нэгэнт төрийн албан хаагчдаас байцаалт аваад тогтоох боломжгүй учраас тодорхой эрх зүйн хүрээнд тодруулах, үйл ажиллагаа явуулж байж ил болгоно. Энэ схемийг зохиосон хүнд болон захиалга өгч хийх гэж байсан, хэрэгжүүлсэн намд хариуцлага тооцсоны дараа энэ үйлдэл ил болох байх.

-Эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрчимжүүлж, орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь мөн гэж АН-ын бүлэг үзэж байна уу?

-1992 оны Үндсэн хуулиар бий болсон төрийн институци хоорондын зохицуулалт бол тийм ч муу зохицуулалт биш. Гэхдээ институци хоорондын харилцаа тодорхой болох, засаглалын хэлбэрийг зөв болгох ёстой. Сонгодог парламентыг хэрхэн бий болгож, эрх мэдлийн хуваарилалтыг хэрхэн хийх зэрэг асуудал дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Харин нэг нам олонх болсон, олонх болсон бүрэлдэхүүн нь өөрөө улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой ёс зүйн хариуцлага хүлээх хэмжээнд бий болж чадаагүй, ёс суртахууны том зөрчилтэй бүтэц байгаа цагт Үндсэн хуульд гар хүрэх нь тохиромжгүй. Өнөөдрийн Үндсэн хуульд оруулах зургаан үндсэн хэсэг Үндсэн хуульд зайлшгүй оруулах шаардлагагүй заалтууд. Тухайлбал, Төрийн хяналтын хороо байгуулна зэрэг заалт нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүрээнд авч хэлэлцэх асуудал биш гэж харж байна. Монголд хяналтын байгууллага маш олон бий. Аудитын газар, АТГ, Тагнуул, Санхүүгийн зохицуулах хороо гээд хяналтын байгууллагууд байхад нэмж Төрийн хяналтын байгууллага байгуулах ямар ч шаардлагагүй. 1990 оны ардчилсан хувьсгалын нэг ололт бол Ардын хянан шалгах хороо нэртэй хувь хүний амьдрал, айл гэр, эхнэр нөхрийн асуудалд ч хутгалддаг байгууллагыг татан буулгасан. Төрийн хяналт нэрийн дор ард түмнээ тагнадаг, чагнадаг, бүх зүйлд нь оролцдог, хяналт нэрийн дор хэлмэгдүүлж байсан байгууллагыг татан буулгасан нь том ололт байсан. Одоо хуулийн зарчмаараа чиг үүргийнхээ хүрээнд хяналт, шалгалт хийдэг, шаардлагатай бол хариуцлага тооцдог байгууллага нь байсаар байхад төрийн хяналтын хороо байгуулах ямар шаардлага байна вэ. Төрийн хяналтын хороог байгуулснаар данхайсан бүтэц, хяналт шалгалт нь нэмэгдэнэ. Энэ нь ард түмэн, аж ахуй нэгжид л дарамт болно. Хэн үүнийг хүсч байна вэ. Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд зайлшгүй өөрчлөх зүйл биш. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах нь зөв, буруу гэдгийг хэн тогтоосон, Ерөнхий сайдын эрх мэдлийг ямар хэмжээнд нэмэгдүүлэх нь тодорхой бус. Энэ мэтчилэн одоогийн ярьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт нь судалгаа, дүгнэлтгүй улстөрийн өнцгөөр оруулж ирж байгаа өөрчлөлт гэж бид харж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэт олонх болсон намын оролцоотойгоор хийдэг зүйл биш. Тулгуур зарчмаа өөрчлөхийн тулд хэлэлцүүлэг хийсэн нэр зүүгээд, хууран мэхлэх замаар хийнэ гэж байгаа бол эндүүрэл болно.

-65 суудалтай эрх баригч нам өөрсдийн боловсруулж оруулж ирсэн өөрчлөлтийг хүч түрэн хийх болов уу гэсэн болгоомжлол бас байна?

-Аливаа хүч түрсэн зүйл сөрөг үр дагавар авчирдаг. Бид энэ өөрчлөлтийг хийлгэхгүйн төлөө тууштай тэмцэнэ. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол бүх ард түмний санал асуулга дээр тулгуурласан, тэдний олонхийн дэмжлэгийг авсан асуудлууд орох ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтөд хөнгөн хандаж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж