Үерээс үүдэн шатахууны үнэ өсч мэднэ

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Үерээс үүдэн шатахууны үнэ өсч мэднэ

Үерээс үүдэн шатахууны үнэ өсч мэднэ

АНУ-ын Хьюстон хот үерт автсанаас газрын тос боловсруулах үйлдвэрүүд хаалгаа барилаа.

АНУ-ын шатахуун үйлдвэрлэлийн 12 хувийг хангадаг Хьюстон хот орчимд олон тооны үйлдвэр ажилладаг юм. Харвей нэртэй далайн шуурга Ням гаригаас хойш Техас мужийн Хьюстон хот орчмыг аадар бороогоор “нүдэж” байна. “Exxon Mobil” корпораци Хьюстон хотын захад орших “Baytown” үйлдвэрээ хаажээ. Тус үйлдвэр нь өдөрт 560 мянган баррель газрын тос боловсруулж, Техас муж улсаас зүүн эрэг хүртэлх зүүн өмнөд нутгийг шатахуунаар хангадаг аж. Үерийн улмаас “Royal Dutch Shell” компанийн өдөрт 325 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн ажиллагаа зогссон байна. Мөн Бразилийн “Petróleo Brasileiro SA” Хьюстоны ойролцоо орших “Pasadena” үйлдвэрээ хааснаар өдөрт 110 мянган баррель газрын тос боловсруулах ажил зогсчээ. Нийтдээ өдөрт хоёр сая баррель шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүд хаагдаад байна. Эдгээр үйлдвэрийн зарим нь Баасан гаригаас хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд ойрын өдрүүдэд шатахууны хомсдол үүсэх магадлалтай гэж албаныхан болгоомжилж байна. Харвей шуурганы хүч суларсан боловч ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа нь үерийн гамшгийг нэмэгдүүлэх эрсдэлтэй аж. Улмаар АНУ-ын газрын тосны салбарын дэд бүтцэд учрах хохирол нэмэгдэх хандлагатай байна. 

Техас муж АНУ-ын газрын тос боловсруулах хүчин чадлын 30 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд Хьюстоны үерийн улмаас үйлдвэрүүдийн тал нь хаалгаа барьжээ. Түүнчлэн АНУ-ын дамжуулах хоолой Хьюстоноос эхэлдэг бөгөөд үүгээр дамжин АНУ-ын алс хойд хэсгийн Нью-Йорк хот хүртэл бензин, нисэх онгоцны түлш, дизель түлшийг нийлүүлдэг байна. Техас муж улс дахь боловсруулах үйлдвэрүүд өдөрт 4.9 сая баррель давсан газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. АНУ нь нийтдээ өдөрт 19 сая баррель газрын тосны баррель үйлдвэрлэдэг болохыг эрчим хүчний удирдах газраас мэдээлжээ. АНУ нь орон даяар олон тооны бензин, дизель түлшний хадгалах нөөцөөс ойрын хэдэн өдрийн хэрэгцээг хангаж дөнгөх боловч урт хугацаандаа шатахууны үнэд нөлөөлөх эрсдэл өндөр байна. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр бензиний үнэ ойрын өдрүүдэд нэмэгдэхийг мэргэжилтнүүд үгүйсгэсэнгүй.

Үүний зэрэгцээ Мексикийн булангийн газрын тос, байгалийн хийн платформууд Харвей шуурганы улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байна. Энэ нь Мексикийн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 22 хувийг эзэлж байна. Тус бүс өмнө нь 2005 онд Рита болон Катрина далайн шуурганд өртөж, хаагдсанаас нефтийн үнэ дөрвөөс зургаан хувиар өсч байв. Катрина шуурганы дараа хэдэн өдөр хомсдол үүсч, бензиний үнэ галлон нь 70 центээр нэмэгдэж байжээ.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж