2010 оны арваннэгдүгээр сард НАТО, Оросын удирдлагууд Лиссабон хотноо хуралдаж, Европод пуужингаас хамгаалах систем хамтран барьж байгуулах боломж бололцооны тухай хэлэлцэн, харилцан санал нэгдсэн билээ. НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссений хэлснээр “Европод пуужингаас хамгаалах нэгдсэн системийг байгуулах тал дээр хамтран ажиллахдаа Орос, НАТО хоёр тус тусдаа, харилцан уялдаатай системийг боловсруулах хэрэгтэй юм. Талууд 2011 оны эхний хагаст багтааж пуужингаас хамгаалах систем барих хамтын ажиллагаагаа бодит ажил хэрэг болгох нь зүйтэй. Бидний хамтын ажиллагаа хэн хэнийхээ эсрэг чиглэсэн үйл ажиллагаа биш болохыг нотлохын тулд НАТО-ын зүгээс бололцооныхоо хэрээр ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэх болно” гэжээ.
Харин Оросын зүгээс энэхүү чиг баримтлалыг дэмжихээ илэрхийлж, хоёр тал харилцан нэг нэгнээ хамгаалах ёстой гэдгийг дахин сануулжээ. Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев “Хэрэв талууд пуужингаас хамгаалах хамтын ажиллагаанд санал нэгдэж чадахгүй бол энэ нь цаашид зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ эрин үеийг эхлүүлэх урьтал нөхцөл болж болзошгүй юм” гэж хатуухан анхааруулсан байна.
Б. Энхцэцэг