Зуны турш “Уарриорс” ялагч нь байв

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Зуны турш “Уарриорс” ялагч нь байв

Зуны турш “Уарриорс” ялагч нь байв

Зургадугаар сард болсон NBA-ын шигшээд ялагдсанаар “Кливленд Кавальерс” багийн адал явдал дуусаагүй, харин ч эхэлж байж. Кевин Дурантыг эгнээндээ нэгтгэсэн “Уарриорс”-ыг ялахын тулд тэдэнд дахиад асар их хэмжээний хүч чадал, тусламж хэрэгтэй гэдэг нь тодорхой болов. Зуны амралт эхэлмэгц Пол Жорж, Жимми Батлер гэсэн топуудын нэр “Кавальерс”-тэй холбогдож эхэллээ.

Санаандгүй тохиолдлоор, эсвэл хэн нэгэн санаанаасаа зохиочихсон юм биш. Үнэхээр багийн ерөнхий менежер Дэвид Гриффин Пол Жоржийг авчрахаар ажиллаж байсан аж. Гэвч багийн удирдлагуудтай гэрээгээ сунгах тал дээр тохиролцож чадсангүй. Бараг л Гриффингийг Жоржийн солилцоо дээр ажиллаад өрөөндөө сууж байх хооронд багийн эзэд нөгөө өрөөнд ажлаас нь чөлөөлж байгаа хэвлэлийн хурлыг зохион байгуулж байсан гэх.

Лебронд энэ үйл явдал таалагдсангүй. Яагаад гэвэл Дэвид Гриффин Лебронтой хамтран ажилласан өнгөрсөн он жилүүдэд түүний үгийг сонсож, санал нийлж, хүссэнийг нь авчирч чаддаг мундаг менежер байсан юм.

Леброн сэтгэл дундуур байгаатай зэрэгцэн түүнийг ирэх зун гэрээ нь дуусахаар бизнесээ бодож буурь сэлгэнэ, одоо тэр Кливленд хотод өргүй, нүүж суухад дургүйцэх шалтгаан байхгүй, бас сагсан бөмбөгийн дараах амьдралдаа бэлтгэх нь зүй ёсны хэрэг гэдэг таамаг гарч ирлээ. Шар мэдээ төдийхнийг нийтэлдэггүй Адриан Уожнаровски энэ талаар бичсэн нь итгэхээс аргагүйд хүргэнэ.

Гэвч Кливлендийн асуудал энэ биш байв. Удалгүй Кайри Өрвинг солилцоонд орох хүсэлтээ илэрхийлсэн нь гал дээр тос нэмлээ. Леброн Крис Полыг авчрахын тулд өөрийг нь солих шахалт үзүүлж байсныг олоод мэдчихэж. Яаж ч яваад мэдчихсэн юм, ямар ч байсан плэй-оффын үеэр мэдээд багийнхантайгаа харьцаа муудсан гэх мэдээлэл явлаа. Нэг хэсэг бүр хэнтэй ч юм дуугараагүй гэх юм билээ.

Өөрийг нь эртхэн солихгүй бол бэлтгэлийн бааз дээр очихгүй шүү гэдгийг багийн удирдлагуудад анхааруулав. Улирал эхлэх үед шахаанд орж байхаар одоо л сольсон нь хэн хэндээ хэрэгтэй гэдгийг хэлж байгаа нь тэр. Гэтэл Кливлендэд бусадтай наймаа ярих ёстой менежер нь алга байлаа. Долдугаар сарын сүүлээр тэд Коби Алтмэнийг өөрсдийн менежерээр томилсноор наймааг төлөөлж хийх хүнтэй болов.

Шинэ менежер ажилдаа оронгуутаа Деррик Рөүстэй гэрээ байгуулав. Нэг ёсондоо Өрвингийн орны хүнийг бэлдэж, солилцоо хийхэд бэлэн гэдгээ бас бусдад зарлаж байгаа нь энэ. Ингээд багуудтай холбогдож эхэллээ. Өрвингийг сонирхсон бүх багууд л мэдээж холбоо барьсан байж таараа. Хамгийн гол нь Кливленд Лебронд яг одоо сайн хамтрагч, Леброныг явсны дараа багийг аваад явчих хэмжээний лидер (Нэг ёсондоо нэр нь л өөр болохоос Кайри Өрвинг) дээр нэмээд драфтын дээгүүр эрх авахыг хүсэв. Хэтэрхий өндөр үнэ байж мэдэх ч, яг одоо ялахыг хүсч байгаа багуудын хувьд боломжийн л сонсогдоно.

Ингээд “Финикс Санс”, “Милуаки Бакс” тэргүүтэй багууд “Кавс”-тай холбоо барьсан ч тэдний хүссэн зүйл алинд нь ч байсангүй.  Нэг бол цаашид багийг удирдаж авч явж чадах эсэх нь эргэлзээтэй, эсвэл яг одоо Леброны сайн хамтрагч байж чадахгүй гээд дээр дурдсан гурван нөхцөлийг нэг дор хангасан санал огт ирсэнгүй.

Тийм болохоор шууд Клей Томпсоноор тулчихъя гээд “Уарриорс”-той холбогдож үзсэн байна. Бодвол татгалзсан хариу аваа байлгүй. Стеф байхад, бас дээрээс нь аварга болчихсон байхад Кайригаар яах ч билээ. Клей одоохондоо гэрээтэй, түүнийг явуулах эсэх асуудал нэгээс хоёрын жилийн дараанаас л яригдана.

Энэ үед “Бостон Селтикс” гэнэт гарч ирлээ. Тэд ёстой л хүссэнийг нь өгч чадахаар байлаа. Хангалттай олон драфтын эрх, тэгээд бас сүүлийн жилүүдэд залуу сайн тоглогч олныг авсан, бас одоо тус болж чадах баг Азея Томас, Жэй Краудер гэдэг татгалзахын аргагүй санал тавилаа.

Солилцоо ч удалгүй хийгдлээ. “Бостон Селтикс” Кайри Өрвингийг авч, оронд нь Азея Томас, Жэй Краудер, Анте Зизич болон драфтын 2018 оны нэгдүгээр тойргийн “Брүүклин Нетс” багийн эрхийг өгөв. Брүүклин ирэх улиралд муу бүрэлдэхүүнтэй байгаа учраас сүүл мушгиж, драфтад дээгүүр сонгох нь тодорхой юм.

Сэтгэл зүрхээ зориулан байж тэмцсэн Азея Томасын хувьд харамсалтай байлаа. Дүүгээ алдаад 11 цагийн дараа гэхэд тэр талбайд гарч нүдэндээ нулимстай “Селтикс”-ийн төлөө тэмцэж байсан юм. Гэтэл үүнийх нь хариуд Дэнни Эйнж түүнийг сольсон, фенүүд нь өмсгөлийг нь шатааж байсан бол Жэй Краудерын ээж нь солилцоо болсон орой хорт хавдрын улмаас таалал төгсчээ. “Селтикс”-ийн хоёрт хүндхэн туссан орой байлаа.

Харин Кайри Өрвинг ялагч багт ирсэндээ сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. “Кавс”-ын фенүүд түүнийг хүндэтгэлтэйгээр талархлаа илэрхийлэн үдэн өгөв. Тэр сайн хамтрагчидтай, сайн багт, номер нэг тоглогчоор ирж байна. Ирээд тэр 11 дугаарыг сонгож байгаагаа ч мэдэгдчихэв.

Энэ солилцоо аль аль багтаа ашигтай. Ирэх зун гэрээ нь дуусах Азея Томас хамгийн өндөр буюу таван жилийн 200 саяыг нэхэх бөгөөд олон жил одоогийн түвшинд тоглох нь эргэлзээтэй тоглогчид багийнхаа ирээдүйг Дэнни Эйнж даатгах ёстой гэсэн үг юм. Тэрний оронд нэгэнт супер од нь батлагдсан Кайри Өрвингөд үнийг нь төлөх нь илүү дээр санагдсан биз. Нэгдүгээр зэргийн тоглогчийг хоёрдугаар зэргийн тоглогчоор сольсон хэрэг.

Гэтэл хэрэг бишидлээ. Азея Томасын гэмтэл Дэнни Эйнжийн хэлснээс хүнд болж таарлаа. Томас эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцсэнгүй. “Кавальерс” солилцоог буцаах нь гэсэн цуурхал эхлээд тарсан бөгөөд өнөөдөр буюу хамгийн сүүлийн байдлаар тэд драфтын эрх нэмж авахыг хүссэн байна гэжээ. Дундуур нь Жэйсон Татум, Жэйлн Браун хоёрын нэгийг нь авахыг хүсч байсан гэх мэдээ чих дэлссэнийг сонссон л байлгүй. Бостоны хувьд нэгдүгээр зэрэглэлийн тоглогч авахын тулд чамгүй үнэ төлсөн, үүн дээрээ дахиад ч нэмж өгөх шаардлагатай тулгарлаа.

Зөвшөөрөхөд хэцүү, зөвшөөрөхгүй байх бүр хэцүү.

Зөвшөөрлөө гэж бодоход тэд Кайри Өрвинг гэх ганц тоглогчийг дөрвөн сайн тоглогчоор солих болчихоод байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд хийсэн менежмент нь тэр чигээрээ салхинд хийсчих гээд байдаг. Зөвшөөрөхгүй солилцоо буцаалаа гэж бодъё. Дахиж тэдэнд Өрвингийг авах боломж олдох нь юу л бол. Бас голдоо ортол гомдсон Азея Томас, Жэй Краудер хоёр эргэж ирээд өмнөх шигээ нэгдмэл уур амьсгалтай байна гэдэг хэцүү. Өөрсдийг нь явуулахад бэлэн багийн эсрэг бүхнээ зориулах хүн хэр олон байдаг юм бол доо…

Энэ нөхцөлд Өрвинг буцаад Кливлендэд ирлээ гэж бодъё. Бостонтой хамгийн дүүйцэхүйц саналыг “Санс”, “Бакс” багууд тавьсан. “Бакс” Малколм Брогдон, Крис Миддлетон, драфтын эхний тойргийн эрх өгье гэсэн бол “Санс” Эрик Бледсо, Драган Бендер, драфтын тэргүүн сонголт болж байна, Жош Жексоныг бол үгүй шүү гэдэг байр сууриас ханджээ. Боломжийн боловч Бостонтой хийсэн солилцоотой зүйрлэшгүй…

Тэгэхээр солилцоог буцаах нь хэн хэндээ ашиггүй байгаа энэ нөхцөлд Бостон юм нэмэх нь гарцаагүй л гэж таамаглая. Ямартай ч энэ бүх будилааныг дэргэдээс нь гэмгүй гэгч нь хараад сууж байгаа “Уарриорс” зуны хугацаанд дахин ялалт байгууллаа. Тэд аварга бүрэлдэхүүнээ хадгалж авч үлдэхэд асуудал байсангүй, бүгд л сэтгэл хангалуун, авах ёстойгоо авлаа. Стеф, Дурант, Игуодала гэрээгээ шинэчилж, хүссэн мөнгөө авч чадлаа. Стив Керр ирэх улиралд багаа бүтэн удирдах боломжтой гэж мэдэгдлээ. Бүх зүйл ОК. Зуны амралтаа зугаатай өнгөрүүлэнгээ зурагтаар тэд МакГрегор – МэйВэйтер, Бостон – Кливлендийн шоуг таашаалтай нь аргагүй үзээд сууж байгаа биз ээ…

Б.ЯЛАЛТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж