Брент нефтийн үнэ 98 ам.доллар давжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Брент нефтийн үнэ 98 ам.доллар давжээ

Хойд тэнгисийн бүсийн хангамж буурах хандлагатай болсноор Брент маркийн газрын тосны үнэ лхагва гаригт 98 ам.доллараас давсан байна. Мөн АНУ-ын эдийн засгийн сэргэлт ч үнэд нөлөөлж, цаашид үнэ 100 ам.долларт хүрэх хандлагыг нэмэгдүүлж байгаа юм. Зарим эх сурвалжаас харахад АНУ-ын эрчим хүчний салбарт тэргүүлэгчдийн нэг “Hess” корпорацийн эзэмшдэг “Hetco” арилжааны компани Хойд тэнгисийн  газрын тосны арван каргогийн удирдлагыг гартаа аваад байгаа аж. Ингэснээр тус компани зах зээл дэх үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлж эхлэх юм. Ямартай ч тус бүсийн хангамж буурч байгаа, зах зээл дэх газрын тосны эрэлт нэмэгдэж байгаа зэргээс болж Брент нефтийн үнэ 2008 оны аравдугаар сараас хойш харагдаагүй хэмжээ болох 100 ам.долларт дөхөж очоод байгаа билээ. Харин АНУ-ын WTI маркийн нефтийн үнэ наймдугаар сараас эхлэн Брент нефтиэс харьцангуй бага үнээр зарагдаж байгаа юм. Брент нефтийн эрэлт Азид нэмэгдэж байгаа гэж шинжээчид хэлж байна. Хэдийгээр боловсруулах үйлдвэрүүдийн гаргалт буурч байгаа ч АНУ-ын түүхий нефтийн хуримтлал 3,53 сая баррелиар, шатахууных 1,86 сая баррелиар нэмэгдсэн тухай мэдээлэл гарсан билээ. Энэ мэт шалтгаанаар Лондонд нэг баррель Брентийн гуравдугаар сарын гэрээт үнэ 36 центээр нэмэгдэж, 98,16 ам.доллар болжээ. WTI нефтийн хувьд 52 центээр хямдарч, баррель нь 90,86 ам.доллар болсон байна.

АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл цаашид нэмэгдэхээр байгаа юм. Хөрөнгө оруулагчид ам.долларын ханшийн уналтаас илүүтэй АНУ-ын эдийн засгийн сэргэлтэд анхаарлаа хандуулж байгаа гэж“Citigroup” банкны шинжээч Тим Эванс хэлэв. Дэлхийн хамгийн том банк, хөрөнгийн зах зээл дэх хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг “Goldman Sachs” лхагва гаригт санхүүгийн тайлангаа гаргаж, 2010 оны дөрөвдүгээр улирлын ашиг 53 хувиар буурсан гэж мэдэгдсэн билээ. Энэ нь арилжааны ашиг буурсантай холбоотой гэнэ. Харин эдийн засгийг бүхэлд нь авч үзвэл АНУ-ын орон сууцны зах зээл огцом унасан байдалтай байна.

Ам.долларын ханш еврогийн эсрэг найман долоо хоногийн турш харагдаагүйгээр унаж, 1,35 ам.доллар нэг евротой тэнцсэн. Үүнээс болж зарим өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өссө байна.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж