Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зарим ажилтнууд Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо ажлын айлчлал хийхээр зорин очоод байна. Төлөөлөгчид өчигдөр Улаан-Үд хотод байрлах Буриадын нөхөн сэргээх төвөөр зочилж, ахмад дайчид болон хүүхдүүдэд үзүүлдэг нийгмийн хамгааллын үйл ажиллагаатай танилцжээ. “Итгэл”, “Гэрэлт ирээдүй” нэртэй эдгээр халамжийн төвүүд нь өндөр настан, ахмад дайчдаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилдэг. Уг төвөөр өнгөрсөн гурван жилийн хугацаанд Буриадын ахмад дайчдаас гадна Монголоос ч ахмад дайчид очиж, нөхөн сэргээх болон эрүүл мэндийн үйлчилгээг авсан байна. Мөн хугацаанд нийтдээ 150 ахмад дайчдад нийгмийн хамламжийн үйлчилгээ үзүүлжээ. Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлдэг нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээр Улаанбаатар, Улаан-Үд хотууд хамтран ажиллахаар гэрээ хэлцэл хийсэн байна.
Д.Цээнэ