Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх есдүгээр сард үндэсний чуулган зохион байгуулах гэж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж байгаа үндэсний хэмжээний анхны чуулга уулзалт юм.
Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд болох бөгөөд өнөөдөр /2018.08.28/ “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан боллоо.
Салбар хуралдаанд нийт 70 орчим аж ахуй нэгжийн төлөөлөл ирсэн юм. Хуралдааныг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үг хэлэв.
Тэрбээр “Хүнсний аюулгүй байдлын талаар үндэсний хэмжээний чуулга уулзалт болохын өмнө гурван салбар хуралдаан болох ёстой. Түүний нэг нь өнөөдрийн “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хурал юм. Харин маргааш сүү, ус ундаа, тос үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлаар, нөгөөдөр төмс хүнсний ногоо гурил үйлдвэрлэгчдэд зориулсан хуралдаан болно. Хуралдаан ач холбогдолтой болно гэж итгэж байна” гэв.
Үүний дараа эрдэмтэд илтгэл тавьж, аж ахуй нэгжүүд өөрсдийн тулгамдаж буй асуудлаар саналаа хэлсэн юм.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгаас тодруулга авлаа.
-Мах боловсруулах үйлдвэрээ сэргэх, дэмжих тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Хөдөө орон нутагт нэлээд хэдэн махны үйлдвэр зогсоод байгаа шүү дээ.
-Манай улсад нийт 40 гаруй мах боловсруулах үйлдвэр байдаг. Үүнээс 20 гаруй нь үйл ажиллагаа явуулж байна. Мах экспорт хийх эрхтэй есөн үйлдвэр байдаг. Тэгэхээр одоо байгаагаа хөл дээр босгох нь чухал. Дотоодын мах бэлтгэх үйлдвэрийн хүчин чадал хангалттай.
-Одоогийн байдлаар аль, аль улс мах авах гэрээ хийгээд байна вэ. Жилд хэдэн тонн мах гаргах бол?
-Иран улс хонины мах авах гэрээтэй, ачилтаа хийгээд эхэлчихсэн. ОХУ-руу дулааны аргаар боловсруулсан мах тодорхой хэмжээгээр гаргаж байгаа. Адуу битүү туурайтай амьтан учраас чөлөөтэй гарч байгаа. Мөн Вьетнам улстай дулааны аргаар бэлтгэсэн мах гаргахаар тохирсон. Есдүгээр сард хоёр улсын ажлын хэсэг уулзалдана. Оны эхний найман сарын байдлаар 7000 тонн мах гаргасан. Оны эцэс гэхэд 15 мянган тонн хүрнэ гэсэн тооцоотой байгаа.
-Мах боловсруулж гаргадаг компаниудаа бодлогоор хэрхэн дэмжиж байна вэ? Нийт 40 үйлдвэр байснаас одоо 20 нь ажиллаж байна гэхээр тал хувь нь үйл ажиллагаагаа зогсоожээ.
-Өнгөрсөн хавраас эхлээд махны үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлсэн. Компаниуд арилжааны банкнаас 17,18 хувийн хүүтэй зээл авдаг. Тэгэхээр улсын төсвөөс 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл мах боловсруулах үйлдвэрүүд 7,8 хувийн хүүтэй зээл авч байна гэсэн үг юм.