Унгарын нийслэл Будапешт хотноо өнөөдөр жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна.
2017 оны Дэлхийн аваргад Монголын шигшээ баг бүтэн багаар өрсөлдөж байна.
Нэгэн сонирхолтой тохиол энэ Дэлхийн аваргад гарч байгаа нь Монголын дөрвөн жүдоч өөр улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох явдал.
“Рио-2016” олимпын өмнө Казахстаны шигшээ багийн тамирчин болсон олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг (48 кг) Дэлхийн аваргын хүчтэй өрсөлдөгчдийн нэгд зүй ёсоор бичигдэж байгаа бол Э.Базаррагчаа (48 кг), П.Буянхишиг (52 кг), М.Ичинхорлоо (57 кг) нар Азербайжан улсын нэр дээр дэвжээнд гарна.
Өнөөдөр болох эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гэхэд Дэлхийн аварга М.Уранцэцэг Монголоо төлөөлөх бол Г.Отгонцэцэг Казахстан, Э.Базаррагчаа Азербайжаныг төлөөлж, гурван монгол бүсгүй дэвжээнд гарах нь ээ.
Монголын эмэгтэй жүдо бөхийн хөнгөн жингийн дээрх гурван тамирчныг Азербайжаны жүдо бөхийн холбооноос шигшээ багтаа урьж, өнгөрсөн тавдугаар сард Монголын жүдо бөхийн холбоо, ар гэрийнхэнтэй нь гэрээ байгуулсан юм.
Манай охид тавдугаар сараас Азербайжанд амьдарч, бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ. Азербайжаны шигшээ багт данстай болсон Монголын жүдоч охид тус улсын жүдо бөхийн холбоотой сарын 1000-2000 ам.долларын цалинтай гэрээ байгуулсан юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 126 орны 731 жүдоч өрсөлдөнө.
Б.ЭНХ