Хятадын эдийн засаг 10,3 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засаг 10,3 хувиар өсчээ

БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 онд тооцоолж байснаас хавьгүй илүү буюу 10,3 хувиар өсчээ. Дөрөвдүгээр улирлын ДНБ-ий талаарх Үндэсний статистикийн газрын танилцуулсан мэдээллээс харахад эдийн засгийн өсөлтийг удаашруулна гэсэн төлөвлөгөө биелэхгүй байгаа юм. Харин арваннэгдүгээр сард 5,1 хувь болж, 28 сарын өндөрлөгт хүрээд байсан инфляцийн төвшин арванхоёрдугаар сард 4,6 хувь болж буурчээ. Жилийн хэмжээнд инфляци 3,3 хувьтай байжээ.

Өмнө нь инфляцийн өсөлтөөс болж тайван бус байдал үүсч байсан тул Хятадын эрх баригчид үүний эсрэг тэмцэж байгаа юм. Сүүлийн дөрвөн сарын дотор бодлогын хүүгийн төвшинг хоёр ч удаа нэмэгдүүлж, хүнс, орон сууцны үнийн өсөлтийг бууруулах зорилгоор банкны зээлийн нөхцлийг өөрчилж, хуримтлалыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Шинжээчдийн хэлж буйгаар инфляцийн төвшин буурсан ч энэ нь хангалтгүй байгаа тул Засгийн газраас илүү ихийг хийх ёстой аж.

Төрийн өмчит банкууд дэлхийн хоёр дахь том эдийн засагт асар их хэмжээний мөнгийг цутгасан нь инфляцийг тогтоон барихад улам хэцүү болгож байгаа юм. Хөрөнгө оруулалтын хэмжээ 23,8 хувиар өссөн байгаа. Түүнчлэн 2010 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ рекорд тогтоож, 106 тэрбум ам.доллар байсан нь 2009 оныхоос 17,4 хувиар илүү байгаа гэж Худалдааны яам мэдээллээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үер 2,3 хувиар буурч байсан гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ хурдацтай нэмэгдсэн байна. Нийт хөрөнгө оруулалтын 20 хувь нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт хийгдсэн байна.

“Хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаа нь Хятадын эдийн засгийг хөдөлгөх шинэ хүч болж байна” гэж Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Яао Жиань хэллээ. Түүний мэдээлснээр улсын буурай болон хөгжил удаашралтай байгаа хэсэгт хөрөнгө оруулалтын хэмжээ хамгийн их байсан гэсэн байна. Эдгээр бүсүүдэд ажиллах хүчний өртөг харьцангуй бага байдаг нь хөрөнгө оруулалтыг ихээр татсан байх талтай юм. 2009 оны нэгэн адилаар арванхоёрдугаар сард хөрөнгө оруулалтын хэмжээ хамгийн хүчтэй байж, 14 тэрбум ам.долларт хүрсэн нь нэг сарын хэмжээнд хамгийн их өсөлт болжээ. Худалдааны яам түүнчлэн Хятадаас бусад оронд хийх хөрөнгө оруулалтын хэмжээ мөн өсч байгаа гэжээ. Нийт хэмжээ 2010 онд 36,3 хувиар өссөн байна. Гадаад руу хийх хөрөнгө оруулалтын нийт мөнгөн дүн 59 тэрбум байсан ч олон улсаас ирж буй хөрөнгийн тал хувьтай нь л тэнцэж байгаа юм.

Төрийн өмчит банк арилжааны банкуудын шинээр зээл олгоолт мөн 36,4 тэрбум ам.доллар болж эсчээ. Газар эзэмших эрх олголт өнгөрсөн онд 70 хувиар өссөн нь үл хөдлөх хөрөнгийн үнийг 6,4 хувиар өсгөхөд нөлөөлсөн юм байна.
Аж үйлдвэрлэл 2010 онд мөн хурдацтай өссөн төдийгүй Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний эрэлт мөн нэмэгдсэн байна.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж