Сургуулийг татан буулгах нь хэнд ашигтай вэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Сургуулийг татан буулгах нь хэнд ашигтай вэ?

Хүмүүнлэг, ардчилсан нийгэмтэй хэмээн цээжээ дэлддэг манай улс харин ч эсрэгээрээ хүүхдийн эрх үүргийг умартсан, хатуу харгис улс болж хувирчээ.

“Бид анх 2014 онд нэгдүгээр курст Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд элсэж орсон. Гэтэл сургуулиа төгсөх болоход Хүмүүнлэгийн ухааны салбартай нэгдэж, манай сургуулийг тэнхим болгох гэж байна. Олон улсын харилцааны салбар тусдаа бие даасан шинжлэх ухаан байх ёстой” хэмээн тус сургуулийг татан буулгаж, тэнхим болгох шийдвэрийг эсэргүүцэхээр ирсэн Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын их сургуулийн Захиргааны зөвлөлийн хурлаар тус сургуульд бүтцийн  өөрчлөлт хийх шийдвэрийг өнгөрсөн мягмар гариг /2017.08.22/-т гаргажээ. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн  хурал өнөөдөр /2017.08.28/ хуралдаж, Захиргааны зөвлөлөөс гаргасан энэхүү шийдвэрийг хэлэлцэж, батлах гэж байгааг багш, оюутнууд эсэргүүцэж, жагслаа.

Д.Оюунсүрэн: Үлдсэн бүтцийг маань байхгүй болгож, хоёрхон тэнхим болгох гэж байна

Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль /ОУХНУС/-ийг татан буулгаж, тэнхим болгох шийдвэрийг эсэргүүцэж цөөнгүй багш, оюутнууд цугларчээ. Энэ үеэр тус сургуулийн ахлах багш Д.Оюунсүрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Монгол Улсын их сургуулийн Захиргааны зөвлөлийн шийдвэрийг яагаад эсэргүүцэх болов?

-Удирдах зөвлөлийн хурлаар энэ сарын 22-нд Монгол Улсын их сургуульд бүтцийн өөрчлөлт нь хийх зүйтэй. Мөн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг татан буулгах саналыг дэмжиж, Удирдах зөвлөлөөр оруулж баталуулсугай гэсэн шийдвэрийг гаргасан байгаа. Өнөөдөр Удирдах зөвлөлийн хурал нь болох гэж байна. Бидний эрх ашгийг хөндсөн ийм шийдвэр гаргахдаа багш, оюутны саналыг тусгалгүйгээр гаргасанд гомдолтой байгаа учраас эсэргүүцэж байна.

-Танай сургуулийг өмнө нь татан буулгах асуудал яригдаж байсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Манай сургуулийг татан буулгах асуудал анх удаагийнх биш.  Одоогоос дөрвөн жилийн өмнө 2013 онд Монгол Улсын их сургуулийн бүтцийн өөрчлөлтөөр гурван тэнхимтэй, 30 гаруй багштай сургуулийг шинэ бүтцэд оруулж, хоёр тэнхимтэй, 20 гаруй багштай болгосон байдаг. Тухайн үедээ бүтцийн өөрчлөлт хийх судалгаа гаргаад хэдэн сая төгрөг хэмнэнэ гэдгийг бидэнд хэлж байсан. Яг үнэндээ эдийн засагт ашиг гарахаасаа илүү алдагдалтай, оюутнуудад маш хохиролтой бүтцийн өөрчлөлт болсон. 

Тухайн үед манай сургуулийг татан буулгаж, Стэйнфордын загвар сургууль болгох саналыг Монгол Улсын их сургуулийн удирдлагууд дэвшүүлээд батлуулахаар дайрсан. Манай сургуулийн багш нар тэмцсэний үр дүнд Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүнд дөрвөн сургууль байх байсныг тав дахь сургуулиар нь өөрсдийнхөө сургуулийг болгож, авч үлдэж чадсан. Гэхдээ өмнөх бүтэцтэй харьцуулбал хоёр ч том тэнхимээ татан буулгуулж, хэцүү байдалд орсон. Одоо тэр үлдсэн бүтцийг маань бүр байхгүй болгож, хоёрхон тэнхим болгон Нийгмийн ухааны сургууль руу шилжүүлэх саналыг гаргаад байна. 

-Одоо танай сургуульд хэчнээн оюутан суралцаж байна вэ?

-Манай сургуульд одоогоор Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын мэргэжлээр нийт 1000 гаруй оюутан суралцаж,  30 гаруй багш мэргэжилтнүүд ажиллаж байна. Манай сургууль бол маш өндөр босготой. Элсэлтийн ерөнхий шалгалтаар 800 оноо авсан элсэгч суралцдаг. Оюутнуудын дунд маш их өрсөлдөөнтэй. Бид жилд 100 орчим оюутан л элсүүлдэг. Зах зээлийн эрэлт хэрэгцээ байгаа, нэр хүндтэй ийм сургуулийг татан буулгах нь хэнд ашигтай вэ. Энэ бол ашиг сонирхлын асуудал. Дампуураад, үйл ажиллагаагаа явуулж чадахаа больсон байгууллагыг л татан буулгадаг биз дээ. Манай сургууль кридет төлбөрөөрөө дээгүүр байр эзэлдэг шүү дээ. Тийм учраас энэ сургуулийг татан буулгах нь ямар ч үндэслэлгүй юм. Энэ талаар хийсэн ямар ч судалгаа алга.

-Их сургуулийн багш нар өнөөдөр /2017.08.28/ жагсаж байна. Та бүхэн салбарын яаманд хандсан уу. Яамнаас  энэ асуудлаар ямар хариу өгсөн бол?

-Бидний зүгээс энэ шийдвэрийг  эсэргүүцэж, шат дараатай арга хэмжээг авна. Багш нар салбарын сайдтай уулзахад “Энэ бол Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрлэх асуудал ” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Монгол Улсын их сургууль бол хувийн сургууль биш. Тийм учраас энэ сургуулиас гарч буй аливаа шийдвэрт салбарын яам байр сууриа илэрхийлж, оролцох ёстой. Энэ сургуульд нийтдээ 1000 гаруй багш нар, 23 мянган оюутан суралцаж байгаа, хэдэн зуун мянган төгсөгчтэй том их сургуулийн асуудал бол үндэсний хэмжээний асуудал юм. 

Монгол Улсын их сургуулийн захирлаар үүрэг гүйцэтгэгчийг томилоод л ажил хийдүүлдэг явдал бүх салбарт архагшиж байна. Үүнийг болиулаач ээ. Сургуулийн захирлын сонгон шалгаруулалтаа албан ёсоор зарлаж, жинхэнэ захирлаа сонгон шалгаруулж, томилж өгөөч гэсэн байр суурьтай байна. Монголын бүх их сургуулиас Монгол Улсын их сургууль тэргүүнд жагсдаг. Дэлхийд чансаагаараа 2000 орчимд жагсаж байхад Шинжлэх ухаан, технологийн их сургууль 4000 орчимд жагсдаг байх жишээтэй. Ийм нэр хүндтэй сургуулиа хэдхэн хүний ухар мөчид шийдвэрээр үрэн таран хийх гэж байгаа нь харамсалтай. Тус сургуулийн захиралаар энэ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн байх, ядаж их сургуульд нэг цаг хичээл зааж үзсэн  багш байгаасай гэж хүсэж байна. 

Тус сургуулийн бүтцийн өөрчлөлтөөр Хүмүүнлэгийн шинжлэх ухааны их сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийг татан буулгах шийдвэрийг гаргаж байгаа аж. Тиймээс тус тэнхимийн багш нар эсэргүүцэж, байр сууриа илэрхийлэхээр цугларсан байв. 

“2016-2017 оны хичээлийн жилд манай тэнхим 329 оюутанд мэргэжлийн хичээл зааж, сургасан. Эдгээр оюутнууд бүгд Монгол Улсын их сургуулийн дүрэмд зааснаар сургалтын төлбөрөө төлж суралцаж байгаа. Энэ хугацаанд тэдний суралцах зам нь дардан байсангүй. Монгол Улсын их сургуульд элсэн орсон цагаас эхлэн бүтцийн өөрчлөлтөд орж, хөтөлбөр нь шинэчлэгдэж байсан. Ер нь дөрвөн жил суралцаж буй оюутнууд гурван өөр хөтөлбөрөөр суралцаад байгаа.  Тэгээд л шилжилтийн үе дуусч, багш, оюутнуудын нуруу тэнийх нь ээ гэтэл манай тэнхимийг гурав хуваах гэж байна. Манай танхим бол үнэхээр өндөр ачаалалтай ажилладаг.  Манай тэнхимийг төгссөн төгсөгчид Монгол банк, Сангийн яам, арилжааны банк гэх мэт газар ажилладаг. Мөн орчин цагийн санхүү, эдийн засгийн чиглэлээр төгсөгчдийг бэлтгээд, эрэлт хэрэгцээ ихтэй ажлын байрыг бий болгодог. 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр захирал Я.Төмөрбаатар бүтцийн өөрчлөлт хийх тухай А/104 тушаалыг баталсан байдаг. Уг тушаалд бүтцийн өөрчлөлт, дүрмийн өөрчлөлтийг үе шаттайгаар, календарьчилсан төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Үүнд хамт олон, нэгжүүдээс ирсэн санал, хэлэлцүүлгийг зохион байгуулна, үр дүнг нь ажлын хэсэг засварлана гэж удирдамж баталсан байдаг ч одоо хэрэгжүүлэхгүй байгаа” тухай  Монгол Улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Б.Барсболд ярилаа.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж