ХХ зууны Монголын түүх, соёлыг Монгол Улс, БНХАУ, Япон улсын эрдэмтэд тал бүрээс нь хэлэлцэж байна. “ХХ зууны Монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм. Эрдэм шинжилгээний хурлыг Олон улсын Монгол судлалын холбоо, Япон улсын Акитагийн олон улсын их сургууль хамтран зохион байгуулж байна. Хуралд Монгол Улсын шинжлэх ухааны академи, Монгол Улсын Боловсролын их сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын их сургууль зэрэг газрын төлөөлөл оролцож байгаа юм.
Эрдэм шинжилгээний хуралд гурван улсын эрдэмтэд оролцож, ХХ зууны Монголын түүх хийгээд Монгол, Японы харилцааны түүх, 1945 оны чөлөөлөх дайны зорилт ба Өвөрмонгол, монголчуудын уламжлалт соёлын хувьсал, өөрчлөлт зэрэг өргөн сэдвийг хөндөн ярилцаж байна. Урьд өмнө олон нийтэд мэдээлэгдэж байгаагүй баримт, түүхийн эх сурвалжийг эш татан түүхэн бодит хүмүүс, түүхэн хувь хүмүүсийн намтрыг ч судлан хэлэлцэхээр төлөвлөжээ. ХХ зууны эцэст монголчууд нийгмийн нэг байгууллыг халж, нөгөөд шилжсэн. Энэхүү түүхэн үйл явдлыг эрдэмтэн судлаачид хэрхэн үзэж байгааг харж болох юм. ХХ зууны түүх бол монголчуудын хувьд харьцангуй ойрхи үеийн түүх хэдий ч ээдрээтэй, бздэг бүрхэг зүйл олон төдийгүй зориудаар буруутгаж будилуулсан нь ч бий гэдгийг эрдэмтэд онцолж байлаа. Монголчуудын түүх, соёлоос гадна эдийн засгийн онцлог, харилцааг ч энэ удаад орхигдуулсангүй.
Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Хишигт хэлэхдээ “Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Монгол Улс болоод БНХАУ, Япон улсын үндэсний архивууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулийн номын сангуудад хадгалагдаж буй урьд өмнө олон нийтэд ил болоогүй судалгааны баримтуудыг ил болгож, эргэлтэд оруулж буйгаараа онцлог юм. Эх баримтууд хэдий чинээ эргэлтэд орно судалгаа төдий чинээ өргөн дэлгэр болж, үнэнд ойрхон түүх бичигддэг. Төв Азид нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан Хүннү гүрний түүх хийгээд хожим нь XIII, XIV зуунд дэлхийг захиран удирдаж байсан монголчуудын дэлхийн түүхийн тавцанд гарч ирсэн үе бол яахын аргагүй ХХ зуун юм. Их улс, эзэнт гүрэн байгуулж явсан монголчууд түүхийн нэгэн цаг үед өвөр зуураа тэмцэлдэж, тарж бутран, харь улсын эрхшээлд орсон байдаг. 1636 онд Өмнөд Монгол, 1691 онд Халх Монгол Чин гүрнийг дагаснаас хойш өрнөсөн анхны тэмцэл хөдөлгөөн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байсан. 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулан харь гүрний эрхшээлээс гарч, үндэстний хувьд сэргэн мандсан үеэс ойрхи үеийн түүх эхэлдэг. Орхи үеийн түүхээс сургамж авч, хиж бүтээсэндээ тулгуурлан дараагийн үе рүү явах суурь болж өгдөг. Мөн эрдэм шинжилгээний талаас нь авч үзвэл ХХ зууны түүхэнд гажуудсан зүйл бас бий. Энэ бүхнийг засаж залруулахыг бид хичээж яваа” гэсэн юм.
ХХ зууны түүхэн дэх ороо бусгааг арилгахын сацуу нууц далд, хаалттай байсан архивыг нээн түүхийг үнэн бодитоор бичиж үлдээх нь улс улсын түүхч, эрдэмтдийн зорилго байдаг гэдэгтэй өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд оролцогчид санал нэгдэж байлаа.
Д.Цээнэ
Холбоотой мэдээ