З.Мэндсайхан: Уламжлалт эмнэлэг умайн хавдрыг ч эмчилдэг юм

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

З.Мэндсайхан: Уламжлалт эмнэлэг умайн хавдрыг ч эмчилдэг юм

З.Мэндсайхан: Уламжлалт эмнэлэг умайн хавдрыг ч эмчилдэг юм

-Нэн даруй Уламжлалт анагаах ухааны хуультай болмоор байна-

Уламжлалт эмнэлгийн үүсэл гарал. Өнөөгийн байдлын талаар Эмчилгээ. судалгаа, үйлдвэрлэлийн “Монг-Эм” ХХК-ийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч. АУ-ны доктор, профессор, ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн тэргүүн З.Мэндсайхантай хөөрөлдөв.

-Юуны өмнө уламжлалт анагаах ухааны талаар ерөнхий ойлголт уншигчдадаа өгөх үү?

-Уг нь маш өргөн дэлгэр ойлголт байгаа юм. Бүтэн жилийн турш лекц уншсан ч барагдахгүй. Уншигчдад тун товч хэлэхийг хичээе. Эмчилнэ, сувилна гэдэг нь хүн төрөлхтөнтэй нас чацуу гэхэд болно. Эртний хүмүүс ч гэсэн өвдсөн зовсон, бэртсэн гэмтсэн нэгнээ асарч, сувилж байсан нь мэдээж шүү дээ. Тэд мах, өвсөөр л тэтгэх нь ойлгомжтой. Тэгсээр, ийм ургамал тийм өвчинд тустай гэдгийг гадарлахгүй юу. Тэрхүү мэдлэг хуримтлагдсаар эмчилж. сувилах ерөнхий ойлголттой болжээ. Тэр нь яваандаа мэдлэг болон цэгцэрнэ биз дээ. Ерөнхий үүсэл нь ийм юм. Арай нарийссан нь МЭӨ үеэс эхтэй. Энэтхэгт Аюурвэдийн. Хятадад үндэсний уламжлалт анагаах ухаан гэх хоёр томхон тогтолцоо бий болжээ. Энэ хоёр бараг зэрэгцэн хөгжсөн гэхэд болно. Бүр тодорхой яривал манай тооллын есдүгээр зуунд Түвдийн хаан Азийн бараг бүх улсын мэргэдийг цуглуулсан байгаа юм. Хатан нь хятад хүн байсан гэдэг. Ингээд Түвд, Хятадын уламжлалт анагаах ухаан ч “ураг” барилдчихгүй юү? Тэнд нь Монголын оточ нар ч оролцсон байдаг. Тэгээд “Анагаах ухааны дөрвөн үндэс” гэх агуу судар бүтээжээ. Тэнд, Монголын “төөнө засал” гэдэг бүхэл бүтэн бүлэг бие даан оржээ. “Дөрвөн үндэс”-ийг эмч оточ, эрдэмтэн мэргэд судалж, тайлбарлан, засаж дэлгэрүүлсээр байгаад одоо танихын аргагүй болгожээ. Энэ бол яах аргагүй хөгжил, дэвшил билээ. Нүүдэлчин монголчууд ч өөрийн гэсэн эмчилгээний аргатай байсан нь маргашгүй билээ. Морь малаас унаж бэртэх, аян дайнд шархдах гээд юу эс тохиолдох вэ дээ. Хөл гарын үе мултрах, тархи толгой доргих энүүхэнд шүү дээ. Тэр болгонд эмнэлгийн тусламж хэрэгтэй болно. Тэгэхээр манайх үндэсний уламжлалт анагаах ухаантай орны тоонд гарцаагүй орно. Манайхан Хятадаас зөвхөн зүү эмчилгээ л авсан байдаг. За тэгээд Япон, Солонгосын уламжлалт эмчилгээ гэж бий. Энэ бүхэн нэгдээд Дорнын уламжлалт анагаах ухааныг бүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй.

-Уламжлалт анагаах ухаан Түвдээс Монголд нэвтэрсэн гэх үзэл бас байдаг шүү дээ?

-Зарим талаар тийм гэж ойлгож болно. Арвандөрөв, тавдугаар зуунд Түвдээс шарын шашин Монголд дэлгэрэхэд тэндэхийн анагаах ухааны нөлөө туссан гэж үздэг. Манай анагаах ухаан улам баяжсан хэрэг л дээ. Уламжлалт анагаах ухааныг зөвхөн амьтан, ургамлын гаралтай эм, тангаар эмчилдэг гэвэл өрөөсгөл болно. Бичил мэс заслуудыг ч хийж байсан баримт буй. Уламжлалт анагаах ухаан хөгжихийн хамт, үүргээ гүйцэтгэсээр өнгөрсөн зууны 37-38 он хүрээд улаан хувьсгалчдын гараар үнсэн товрог болсон түүхтэй. Яах вэ, мэддэг чаддаг хүмүүс хувьсгалын жилүүдэд ч нууцаар иргэдэд тусалсаар ирсэн юм. Харин “Цагаан морь” жилийн ардчилсан хувьсгалын ачаар дахин сэргэн, хөгжиж буйг бид бүхэн харж байна. Бас нэг азыг дурдахгүй өнгөрч үл болно. Тэр бол, ардын эмнэлгийн талаар зэгсэн мэдлэгтэй өтгөс арай дуусчаагүй. Цөөн ч гэсэн хэд нь сэрүүн тунгалаг байсныг хэлье. Тэдний буянаар бид багагүй “юм”-тай үлдсэн. Ингээд л “Хатанбаатар”-ын эмнэлэг, Мамбадацан гээд л эмнэлгүүд шилээ даран байгуулагдсаар өнөөдөр 100 хол давжээ.

-Таны ярианд дээр цухас гарлаа. Тархи, толгой доргих гээд л… Манайхан бариад засчихдаг шүү дээ. Учир бий биз? 

-Байлгүй яах вэ. Зөвхөн босоо хүзүүтэй амьтны тархи доргидог юм байна л даа. Монголчууд тэмээний тархийг зориудаар доргиогоод түүнийг нь барьж оруулан сургуулилт хийдэг байжээ. Гэхдээ хүн болгон зураач, мужаан байдаггүйтэй адил гарын дүйтэй улсыг сургадаг байсан нь мэдээж. Тэд тархийг бариад л доргиог нь дор нь засаж орхино. Европ ангаах ухаан хүйтэн жин тавиад, их л сайндаа нугасны ус авдаг даа. Практик анагаах ухааны давуу тал энэ.

-Ер нь уламжлалт эмнэлэг, эмч нарын онцлог юу вэ? 

-Уламжлалт эмнэлэг бодгаль буюу хүнийг бүхэлд нь цогцоор нь авч үздэг. Эмч нь өвчтөнөө өөрөө үзэн, оношилж, Эм, тангаа ч өөрөө найруулна. Түүхий эдийг нь өөрөө л бэлдэнэ. Бас л цогц үйлчилгээ байгаа биз дээ.

-Одоо танай эмнэлгийн сониноос сонсмоор байна?

-Эхлээд нэг хүний гавьяаг хэлье. Социализмын үед Ардын эмнэлгийн хүрээлэн гэж байлаа. Манайдаа л цорын ганц газар гэсэн үг. Тэр үед Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн тэргүүн байсан Ч.Батчулуун ч уламжлалт эмнэлгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Төдөлгүй, тэр үед ЭМЯ-ны, одоогоор ЭМ-ийн сайд л даа. Академич П.Нямдаваа гэдэг хүн. Эрдэмтэй, чадалтай, ухаантай хүн учраас тэгсэн биз ээ. Тэр хатуу чанга үед нэгэн тушаал гаргаад, уламжлалт эмнэлгийн авууштай зүйлийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Ингээд ерөн он гарч эрх чөлөөгөө эдлэх болсноор дээр хэлсэнчлэн олон эмнэлэг байгуулагдсаны нэг нь манай “Монг-Эм” байхгүй юу. Анх өөрөө ганцаараа өвчтөнөө үзэж, оношилж, эмээ найруулан, эмчилдэг байлаа. Одоо бүхэл бүтэн цогц эмнэлэг иргэдэд үйлчилж байна. Манайх өөрийн гэсэн эмийн үйлдвэртэй бөгөөд жилд 200 төрлийн эм, тан үйлдвэрлэдэг. Хямд төсөр тусдагаараа сайн талтай. Бид 100 төрлийн ургамлыг эх орноосоо бэлдэнэ. Эмийн ургамал түүх их нарийн эд шүү дээ. Хамгийн гол нь сайн таньдаг байх. Тэгээд цэцэг, навч, үндэс гээд тусд нь түүнэ. Цагийн ялгаа ч гарна. Гурван цэцэг байлаа гэхэд нэгийг нь л авна. Яргуй цухуйхаас цас орох хүртэл түүнэ шүү дээ. Энэ жил улаан гантай тул эмийн ургамлын олдоц ховор байна. Гээд яахав, болгож л сууна даа. Хятадаас 100 төрлийн “юм” бас авна. Жишээ нь, 18 төрлийн найрлагатай эм байлаа гэхэд нэгийг нь ч дутааж болохгүй. Дөч хүртэл найрлага ордог эм ч байдаг. Ямар нэг юмаар орлуулж ч болохгүй. Тэгвэл нүгэл болно. Нэг ёсондоо ёс зүйн асуудал л даа. Манайх мөн хэвтүүлэн эмчлэх ортой. Эмнэлгүүд бараагүй хүндхэн өвчтөнүүд ч олноороо ирдэг юм.

-Ямар, ямар өвчнийг эмчилдэг вэ? 

-Мэс заслын бус бүхий л өвчнийг эмчилнэ дээ. Уламжлалт анагаах ухаанд 404 төрөл өвчин байдаг хэмээн заажээ. Тухайлбал, амьсгалын замын өвчнийг нийтэд нь “нэг” гэсэн хэрэг. Амьсгалын замын хэдэн өвчин байдаг билээ. Тэгэхээр тамтаггүй олон эмгэг гарах биш үү? Жишээ нь уламжлалт анагаах ухаанд өвчний улмаас халуурахыг эс боловсорсон, хижгийн, хямарсан, дэлгэрсэн, нуугдсан халуун гэж ангилдаг. Халууныг эс боловсорсон үед нь л дарах ёстой. Эс тэгвээс нөгөө хэлбэрүүддээ шилжин хүндэрдэг юм. Зогьсохыг орчин үеийн анагаах ухаан дийлэхгүй л байгаа юм даа. Бараг хориод хоног зогьссон хүн ирж байлаа. Уламжлалт анагаахад зогьсохыг халуун хүйтэн, хий шар бадганаас үүснэ. Дээш гүйх хийн сүв хаагдсанаас болно гээд засах аргыг нь яг таг заасан байдаг. Дээр хэлсэн дээ, уламжлалт анагаах ухаан мэс заслын бус бүх эмгэгийг эмчилнэ гэж. Хүмүүс мэддэггүй бололтой. Яаж ч мэдэх билээ. Тэгвэл уламжлалт эмнэлэг, одоогоор ихэд түгээд байгаа нойр булчирхай, чихрийн шижин, бэлгийн сулрал, түрүү булчирхай, нойргүйдэл, стресс, сэтгэцийн эмгэгүүдийг ч эмчилдэг юм даа. Соц үеэс эхтэй, ардчилсан цагт хэт сул тавьсан эмэгтэйчүүдэд умайн ерөндөг тавих, тавиулахыг чөлөөтэй болгосон нь савны олон төрлийн өвчин үүсэхэд нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Япон, Солонгост олон жил ажиллаж, сурч, амьдарсан эмэгтэйчүүдэд орчин, хоол унднаас үүдэлтэй умайн хортой, хоргүй хавдар элбэг тохиолдож байна. Тэр их халуун ногоотой хоол монгол хүнд яаж зохих билээ. Дээр нь цаг агаар байна.

-За тийм байж. Ямар саад бэрхшээл тулгарч байна даа? 

-Сайн юманд саад мундахгүй ш дээ. Наанадаж ЭМ-ийн даатгалын хууль олигтой үйлчлэхгүй байна. Эмнэлгүүдээ хувь хувьсгал, уламжлалт европоор нь ялгаварлан гадуурхдаг. Давын өмнө эмч нараа дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, халдварт, гэмтэл, сэтгэц мэдрэлийн хэмээн төрөлжүүлэх цаг нь болов. Тэгээд, уламжлалт анагаах ухааны хуультай болчихвол олон юм цэгцэрнэ дээ.

Ярилцсан Г.Мөнхнасан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж