Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүх анги давхаргыг хамран өргөн хүрээнд өрнөсөн 80 дахь жил энэ онд тохиож байна.
Хэлмэгдүүлэлтийн хар шуурга манай оронд зөвхөн 1937-1939 онд лам нарыг хоморголон устгаснаар төгсөөгүй. Дараа нь “улс төрийн эсэргүү” гэх зохиомол хэлмэгдүүлэлт бий болж, тухайн үедээ төр засагт алба хашиж байсан сэхээтэн олон хүнийг зөвхөн намын удирдлагынхаа эсрэг үг хэлсний төлөө, улс орныхоо төлөө үг хэлсний төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө эсэргүү болгож, тэдний хүүхдийг эсэргүүний хүүхэд нэрээр олон жил хүнд байдалд амьдруулсан байна.
Энэ үйл явц цааш үргэлжлэн 1990 он хүртэл монголчууд нийтээрээ үг хэлэх эрх чөлөөгүй, сонголт хийх эрхгүй байсан нь улс төрийн эсэргүү болж буудуулахаас айдаг байсантай холбоотой юм.
Нийгмийнхээ соён гэгээрсэн, оюунлаг давхаргынхныг голлон хэлмэгдүүлж, үндэсний дархлаагүй болсны хор уршиг одоо ч үргэлжилж байгаа бол тэдгээр хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ сэтгэлдээ шархтай амьдралаа туулсан билээ.
1996 онд Монголын төр Улс төрийн хэлмэгдэгчдийн ар гэрийнхнээс анх удаа уучлал хүссэн бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан юм. Одоогоос 27 жилийн тэртээ ажиллаж эхэлсэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нь өнөөдрийг хүртэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах нэр төрийг нь сэргээх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг нийтэд тайлбарлан таниулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 19 жилийн хугацаанд уг хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ 18,0 мянга гаруй иргэнд 16.4 тэрбум гаруй төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 208 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, нийт 357 иргэнд 3,4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос 2017 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн цагаатгуулах өргөдөл гаргах хугацааг сунгах, нэмэлт нөхөх олговор олгох асуудлыг тусгасан хуулийн төслийг УИХ-д, өргөн барихад бэлэн болоод байгаа юм байна. Хууль батлагдан гарснаар цагаатгалын тухай хуулийн үзэл санаа бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн 80 дахь жил тохиож байгаатай холбоотойгоор Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Улсын комиссын даргын захирамж гарч тодорхой ажлуудыг улс орон даяар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:
- 2017 оны 08 сарын 20-ноос 30-ны өдрүүдэд 330 сум, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт ярилцлагыг зохион байгуулах,
- 2017 оны 09 сарын 06-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа гандан, хийдэд ном хурах, зул өргөх,Улс төрийн хэлмэгдүүлэлт сэдэвт үзэсгэлэнг Үндэсний Түүхийн Музейд гаргах
- 2017 оны 09 сарын 07-ны өдөр “Улс төрийн хэлмэгдүүлэлт”: шалтгаан, үр дагавар, сургамж олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах,
- 2017 оны 09 сарын 10-ны өдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэн “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө, Сонгинохайрхан уулан дахь хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөх” ёслолын арга хэмжээг зохион байгуулах,
- 2017 оны 09 сарын 11-ний өдөр Хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах.
2017 оны 09 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Герман, ОХУ, Япон болон Шинжлэх ухаан академи, МУИС, МУБИС, БХИС-ийн эрдэмтэн судлаачид, хамтын ажиллагаатай ажилладаг Конрад-Аденауэрийн сан, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, зэрэг байгууллагын хүмүүс илтгэл тавьж оролцох юм байна.
Б.ЭНХ
Холбоотой мэдээ