Монгол Улс, монголчууд хохирох улс төрийг бид дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Монгол Улс, монголчууд хохирох улс төрийг бид дэмжихгүй

Монгол Улс, монголчууд хохирох улс төрийг бид дэмжихгүй

-УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн сонорт хүргэх ил захидал-

Улс төрд цаг эргэж, түүх давтагддаг юм. Ялангуяа урагшаа явдаггүй, байран дээрээ баахан хий эргэдэг Монголын улс төр сүүлийн 20 жилийн амьдрал дотроо л эргэлддэг. Ард түмнээ ой санамж багатай гэж басамжилдаг ч, бодит байдал дээр улстөрчид өөрсдөө загасны ой санамжтай явах юм. МАН-д өнөөдөр ямар асуудал үүсээд байна вэ? Эндээс хэн хожиж, хэн хохирох вэ?

Сүүлийн арав гаруй жил Ардын нам бүх шатандаа үүрч, одоо ч бүрэн ард нь гараагүй их хагаралын түүх давтагдах гэж байна.

2000-2004 оны парламентад МАН одоогийнхоос харьцангуй олон, 72 суудалтай байлаа. 1990-ээд оны сүүлээр эхэлсэн Н.Багабанди, Н.Энхбаяр нарыг дагасан талцал энэ үеийн парламентын өнгөн дээр дээд цэгтээ хүрч билээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн төрийн өндөр албан тушаалаар дамжаад нам доторхи тэдний тэмцэл олон нийтэд төрийн зовлон болж харагдаж байв. Эцэст нь, хоёр хүн дагасан талцлын горыг намаараа амсч 2004 оны УИХ-ын сонгуульд 72 суудлынхаа 35-ыг алдсан билээ. Уг нь тэр үеийн Засгийн газар эдийн засгаа сэргээж, Мянганы замыг эхлүүлж, ОХУ-д төлөх их өрийг тэглэсэн ч ард түмэн эдгээр гавьяаг нь үнэлээгүй юм. Намын зовлонгоо төрийн зовлон болгосон эрх ашгийн буруу эрэмбэд нь таарсан хариу барьсан даа. Ард түмэн дотроо талцаж хуваагдсан эрх баригчдад ийм л “шагнал”, сануулга өгдөг. Хамгийн сүүлд, 2012-2016 онд засагласан АН-ын түүхийг хар даа. Тэднийг ажил хийгээгүй гэж хэн ч хэлэхгүй, харин талцаж хуваагдаж төрөөр тоглосныг нь хэн бүхэн хэлнэ. Харин ч 2000-2004 оны УИХ-ын 72 гишүүн МАН-ын эрх ашгийн төлөө нэгдмэл нэг-бүлэг байж чадсаны хүчинд МАН хамтарсан Засгийн газарт багтах хэмжээний суудалтай үлдсэн дээ.

Үйл явдал ингээд дууссаагүй ээ. 2009 оны Чингэлтэй дүүргийн УИХ-ын нөхөн сонгуулиар дээрх талцал ахин сэдэрч, энэ удаа Н.Энхбаяр нар хаалганы гадна хоцорсон. Чухам эндээс л МАХН шинээр төрөх эхлэл, далим болж, эдийн засгаа 17 хувь өсгөсөн МАН-ын Засгийн газрын гавьяаг ард түмэн 2012 оны сонгуульд 26 суудалтай тэнцүүлсэн. МАН хуваахын хүрд мэт хагарч бутарсан үедээ ямарч гавьяа байгуулсан дандаа ингэж ялагдаж явсныг санах нь чухал.

Түүхийн энэ хоёр тохиолыг эргэн сануулахын учир нь МАН өнөөдөр алдаагаа ахин давтахын ирмэг дээр иржээ. Нам дотроо эхэлж шийдэх ёстой дотоодын зовлонгоо өөрсдийн байгуулсан Засгийн газар дээрээ наан төрийн зовлон болгоод эхэллээ.

Шууд хэлье. Бид өнөөдөр олдохоороо өлдөхийн зовлондоо баригдан хувийн эрх ашгаас цаашхийг харж чадахгүй сууна. Хүрэх газраа сайдын суудал гэж харж явна. МАН-ын дотоодын энэ зовлон дээр шинэ Ерөнхийлөгч илэрхий тоглож эхэллээ. Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурснаар МАН-ын бүлэг эн тэнцүү хоёр хуваагдлаа. Ингэснээр УИХ-д 65 суудалтай МАН-ын байгуулсан Засгийн газрын хувь заяа парламентад 9-хөн суудалтай АН-ын бүлгийн гарт бүрэн орлоо. Өөрөө ороод ирсэн олзонд дургүй хүн гэж хаана байх билээ. Тийм учраас АН-ын бүлгээс огцруулах 30-тай нь ч, огцрохгүй гэж байгаа хэсэгтэй нь ч улс төрийн наймаа хийх зорилго бүхий ажлын хэсгийг Лу.Болдоор ахлуулан байгуулсныг хэвлэлүүд мэдээлж байна. УИХ-ын байтугай, Байнгын хорооны шийдвэрт ч үл нөлөөлөх 9-хөн суудал бүхэл бүтэн Засгийн газрын хувь заяаг шийднэ гэдэг МАН-ын хувьд гутамшиг, АН-ын хувьд гайхамшигт боломж!

Улс төрөө хийж байгаа АН-ын бүлгийг энд буруутгах аргагүй. Хадаг барин очиж байгаа МАН-ынхан л ичгэвтэр болохыг нийгэм маш сайн ойлгоно. Таарсан хариуг нь 2020 оны сонгуулиар өгөхөө ч сайн мэднэ.

2000 оноос өмнө “Өдрийн сонин” АН-ын Засгийн газруудыг өмгөөлж, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийг бараг дугаар бүртээ намнадаг байлаа. Гэтэл Н.Багабанди болон Н.Энхбаярыг дагасан талцлын үед тус сонин ихэнхдээ Н.Энхбаяр нарын эсрэг, Н.Багабандийн талд дуугардаг болов. Үүнийг тухайн үеийн УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж “Өдрийн сонин, Ерөнхийлөгч хоёр хэзээ ийм болчихсон юм бэ” гэж билээ. Үүнтэй нэгэн адил У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хэзээнээс ийм болчихсон юм бэ. Үргэлжид намаар нь, үе үеийн Засгийн газрыг нь намнаж ирсэн Х.Баттулга хэзээнээс МАН-ын шинэчлэлд санаа тавьдаг болчихов оо. Энэ нь хувь хүмүүсийн амин нөхөрлөл үү, улс төрийн ашиг хонжоо хайсан холбоотны түр эвсэл үү. Ялгаж харъя. Үгэндээ ордог Засгийн газрыг хүсч байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга, намын Их хурал, намын даргын сонгуулиа алгасаад шууд Ерөнхий сайд болох гэж яаран бусдын тоглоомонд орж байгаа У.Хүрэлсүх нарын хэн нь энд илүү буруутай вэ. Нам дотроо эхлээд ярилцъя.

Ерөнхийлөгчийн хувьд улс төрөө л хийж байна. Тэр нэгд, МАН-ыг дотор нь талцуулан тамирдуулах улс төрийн сонирхолтой. Үр дүнд нь 2020 оны сонгуульд АН-аа ялуулаад, гавьяагаа үнэлүүлэн 2021 онд Ерөнхийлөгчид ахин нэр дэвших бэлтгэлээ хийж байна. Хоёрт, Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнх нь оролцоотой байгуулах, үгэнд нь ордог шинэ Засгийн газрыг, дохиурын дор нь явах Ерөнхий сайд, сайд нар хэрэгтэй. Тэрбээр У.Хүрэлсүх гэж хувь хүнд нь сайндаа бус, өөртэй нь эвслийн Засгийн газар байгуулах шинэ Ерөнхий сайдыг л хайж байна. Хэрвээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчид хадаг бариад өнөөдөр очвол, маргаашаас түүнд У.Хүрэлсүх хэрэггүй болно. Ерөнхийлөгчид нэр нь МАН-ынх ч, нэдэр дээрээ Ерөнхийлөгчийн халаасны Засгийн газар хэрэгтэй байгааг улс төрийн ангийн оюутан ч түвэггүй ойлгоно, үйл явдлыг уншиж чадна. Гуравт, зөвхөн МАН төдийгүй, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх ашгийг алсуураа хөндсөн нэгэн улс төр явааг анхаарахгүй орхиж болохгүй. Огцруулна, эс огцруулна гэж Засгийн газрын анхаарлыг өөр зүгт хандуулж байгаад он гарангуут төлөх Чингис бондын эхний төлбөрийг төлж чадахгүйд хүргэх, улмаар УИХ-ын нэр хүндийг унагах алсын урхагтай холын улс төр энд явна. Хэрвээ дэлхийн санхүүгийн зах зээл дээр Монгол Улс өрөө төлж чадахгүй дампуурлаа зарлуулбал хариуцлагыг хэн хүлээх вэ? Мэдээж, Засгийн газар. Засгийн газраа ажиллуулж чадаагүйн хариуцлагыг Ерөнхийлөгч, УИХ хоёрын аль нь хүлээх вэ? Маргаангүй УИХ хүлээнэ. Ингэж нэг намын дотоод зодооноор далимдуулж УИХ-ын нэр хүндийг нийтэд нь унагах замаар Ерөнхийлөгчийн засаглал тогтоох холын санаархал энд явааг үгүйсгэх арга алга. МАН түүхэндээ өнөөдрийг хүртэл Монгол Улсад ардчилсан парламентат засаглалыг тогтоох, бэхжүүлэхийн төлөө явж байснаас бус, унагахын төлөө явж байгаагүйг сануулъя. Иймд Монгол Улсад парламентын засаглалыг хадгалж үлдэх түүхэн үүрэг магадгүй энэ УИХ-ын бүрэлдэхүүний өмнө ирж байна. Парламентад 65 суудалтай МАН албан тушаалын төлөө ард түмнийхээ эрх ашгийг золиосолдог жижиг эрх ашгийн нэгдэл мөн үү. Энэ асуултад эхлээд хариулцгаая!

Зарим хэвлэл болж байгаа үйл явдлыг хараад “шинэ МАНАН үүсэх нь, АН-тай хамтарсан Засгийн газар байгуулна” гэх зэргээр мэдээлсэн нь арай худлаа байх. Хэрвээ Засгийн газрыг огцруулбал кнопны дэмжлэг үзүүлснийх нь төлөө АН-ын бүлэгтэй наймаа хийх нь хэнд ч тодорхой. Харин Засгийн газрыг нь барьцаалсан АН-ын бүлэг юу нэхэхийг хэн ч эс мэднэ. Ард түмэн ийм хуйвалдааныг хүсэхгүй,тэвчихгүй, энэ үйл явдлыг муу нэр нь МАН дээр л бууна. Уг нь УИХ-д, АН-ын бүлэгт тулх зангарагтай, улс орны эрх ашгаа зөв дарааллаар эрэмбэлж хардаг олон гишүүн бий дээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг харсан. Намын дотоод асуудал байна лээ, бид оролцохгүй” гэж ярьсан нь МАН-ын бүлгийн өнөөдрийн бодит төрхийг илчилсэн маш товч бөгөөд ончтой хариулт болжээ. Өөрөөр хэлбэл, овоо л босговол очоод суух, улс төр хийх далим л гарвал хийж байх, унагах шалтаг л гарвал кноп дарах үндсэн ажилтай сөрөг хүчин нь Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг “Намын дотоод асуудал” гэж үзэж байгааг манайхан анзаарах л хэрэгтэй.

Иймд одоо болж байгаа үйл явлдын ард МАН хамтаараа л гарах ёстой. Гарын үсэг зурсан 30, зураагүй 35-ын аль нэгнийх нь ялалт энд байх ёсгүй. Өөрийн байгуулсан Засгийн газраа унагасан ямарч нам ард түмнээс сайн үнэлгээ авахгүй. Өрөөлтэй хуйвалдвал бүр ч сайхан харагдахгүй. Хэрвээ одоогийн үйл явдал дээр хүний олноор, хэн нэг нь хүчээр ялбал ялсан талынх нь ажил цааш явахгүй. Магадгүй ялагдсан талд нь улс төрийн хонзон үлдэнэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууулахад өнөөдөр түншилж байгаа Ерөнхийлөгч болон АН-ын бүлэг маргааш тэрхүү хонзон дээр тоглож ахин хуйвалдаад дараагийн Засгийн газрыг огцруулахгүй гэх баталгаагүй. Ийм өш хонзон үлдээхгүй, энэхүү захидлын эхэнд өгүүлсэн талцлын алдааг давтахгүйн тулд асуудлаа нам дотроо эхлээд яръя. Намын асуудлаа Тусгаар тогтнолын ордондоо, төрийн ажлаа Төрийн ордонд шийдье. Төрийн ажлыг Тусгаар тогтнолын ордонд, намын асуудлыг Төрийн ордонд яриад ямарч сайн үр дүн авчрахгүй. Монголын ард түмэн бидэнд засаглах бүтэн эрх мэдэл олгосоор байхад, байгуулсан Засгийн газраа огцруулах, эс огцруулахад бусдаар дасгалжуулагч хийлгээд хэрэггүй. Эрх мэдэлдээ, хүлээх хариуцлагадаа дүйх эзэн нь байя!

МАН бол нэг Монголын төлөөх нэгдмэл улс төрийн хүчин байх ёстой. МАН-ын үнэлэмж нь лидерүүдээ дагаж талцдаг биш, лидерүүдээ тойрч нэгдсэн эрүүл эв нэгдэлд байдаг. МАН-ын үнэт зүйл нь эрх мэдэл, эрх ашгийн нэгдэл бус, Монгол Улсын тусгаар тогтнол, монгол төрийг үл ганхуулах үүрэгтэй тулах багана юм.

Эцэст нь өгүүлэхэд урвалт, талцал, хуваагдлын үр төлөөсөнд нэг нам байтугай нэг улс хүртэл бутарч байсан түүхийг бид мартах эрхгүй. Түүхийн ийм алдааг давтаж намынхнаа талцуулсан улс төр хийж эхэлбэл МАН бол зөвхөн УИХ-ын 65 гишүүн биш гэдгийг хатуу сануулъя. Хэдийгээр намын эрх ашиг чухал ч, МАН хожих байлаа ч, Монгол Улс, Монголын ард түмэн хохирох улс төрийг бид хэзээд дэмжихгүйг энэхүү захидлаар уламжилъя.

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо
2017 оны 8 дугаар сарын 26

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж