Сүхбаатар дүүргийн шүүхэд 15 настай охиныг бүлэглэн амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Ө.Хэрлэнчимэг нарын найман хүний нэг болох шүүгдэгч Н.Сарантуяа өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “2007 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө би Ө.Хэрлэнчимэг нартай хамт байгаагүй. Өмнө нь мөрдөн байцаалтын явцад би худал мэдүүлэг өгсөн. Уг хэрэгт холбогдсон долоон хүнийг гүтгэсэн” гэсэн мэдүүлгийг өгчээ. Олон нийтийн анхаарал татсан уг хэргийг өнөөдөр 9.30 цагаас Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж эхэлсэн бөгөөд даргалагч шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ц.Насанбат, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Г.Тунгаа, З.Хүрэлсүх, Г.Баярцэнгэл, Д.Саруул Г.Хурцбаяр Г.Энхтүвшин, Л.Мөнхтөр Г.Баярбат нар оролцож байна. Уг хэргийг хянан хэлэлцэх үеэр Ө.Хэрлэнчимэгийн өмгөөлөгч нараас улсын яллагч Ц.Насанбатаас татгалзах санал оруулсан ч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Ц.Насанбатыг хуулийн дагуу хэрэгт хяналт тавьж оролцох эрхийг нээлттэй орхисон юм. Шүүх хурал 20 минут завсарлаад үргэлжилнэ.
Н.Түвшин