АНУ-ын дөрөв дэх том хот Хьюстон үерт автаж, олон мянган хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрчээ. Харвэй нэртэй шуурга АНУ-ын Техас муж улсыг дайрч, усархаг аадар бороо дагуулсан байна. Үерийн гамшгийн бүсээс 2000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Аврах ажиллагаанд үндэсний аюулгүй байдлын 3000 гаруй алба хаагчийг дайчилсан байна.
Одоогоор хэдэн хүн амь үрэгдсэн нь тодорхойгүй мэдээлэх боломжгүй байгааг албаныхан мэдээлжээ. “NWS” агентлаг Хьюстон орчимд таван хүн нас барсныг мэдээлсэн байна. Техас муж улсад 250 орчим автозам хаагдаж, Хьюстоны Буш, Хобби нисэх буудлууд бүх нислэгийг цуцалсан аж. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шуурга намжихаар мягмар гаригт (VIII.28) Техас муж улсад айлчилж, нөхцөл байдалтай танилцахаар болжээ.
6.6 сая хүн амтай Хьюстон хотод АНУ-ын хоёр дахь том газрын тосны үйлдвэр байршдаг нь үерийн улмаас хаагджээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА