Хориг БНАСАУ-ыг юунд хүргэх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Хориг БНАСАУ-ыг юунд хүргэх вэ?

Хориг БНАСАУ-ыг юунд хүргэх вэ?

БНХАУ-ын Худалдааны яам Хойд Солонгосын эсрэг ээлжит хориг арга хэмжээ авч буйгаа мэдэгдэв.
Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, БНАСАУ-ын бизнес эрхлэгч болон аж ахуй нэгжүүдэд хятадын болон гадаадын оролцоотой шинэ компани байгуулахыг хоригложээ. Мөн өмнө нь байр сууриа олчихсон Хойд Солонгосын компани, аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хориглов.

“South China Morning Post” мэдээлж буйгаар, Хятадын эдийн засагт Хойд Солонгосын хөрөнгө оруулалтын хэмжээ бага бөгөөд цаашид буурах чиг хандлага ажиглагдаж байна гэв. Худалдааны яамны мэдээллээр, 2010 онд Хойд Солонгосын хөрөнгө оруулалт 11.2 сая ам.доллар, 2014 онд 290 мянган ам.доллар байсан бол 2015 онд 70 мянган ам.доллар болтлоо буурчээ.  Хойд солонгосчууд ихэвчлэн зочид буудал болон ресторан, зоогийн газрын бизнест хөрөнгө оруулдаг юм байна. Мөн Хятадын Ляонин мужид аж ахуй нэгж шинээр байгуулдаг ажээ.

Үүний зэрэгцээ, дээрх хоригт дурдсанаар, Хойд Солонгосын ажиллах хүчийг оруулж ирэхийг хориглосон аж. БНАСАУ-ын ажилчдын нэг цагийн хөлс Хятад ажилчидтай харьцуулахад харьцангуй доогуур төвшинд байдаг юм байна. Гэхдээ тэд хэдэн төгрөгийн цалин авдаг нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм.

Хятад улс ийнхүү Хойд Солонгосын эсрэг дахин хориг арга хэмжээ авах болсон нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн энэ сарын 5-нд баталсан шийдвэртэй холбоотой аж. Тухайн үед Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улсууд Хойд Солонгосын эсрэг хоригийг чангатгах асуудлыг нэгэн дуу хоолойтойгоор дэмжсэн билээ.

НҮБ-ын энэ тогтоолын хүрээнд бусад улс орнуудад Хойд Солонгосоос төмөр, төмрийн хүдэр, хар тугалга, нүүрс болон далайн бүтээгдэхүүн импортлохгүй байхыг анхааруулсан. Мөн БНАСАУ-ын гадаад худалдааны банкны дансыг царцаах болон Хойд Солонгосын оролцоотой хамтарсан бизнесийг өргөжүүлэхгүй байхыг зөвлөжээ.

Хамгийн сүүлд НҮБ-ын гишүүн улс орнуудад Хойд Солонгосоос авч буй ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхийг хориглосон юм. Үүнээс гадна, Хойд Солонгосын хөлөг онгоцыг НҮБ-ын гишүүн улс орнуудын боомт руу орохыг хоригложээ.

Харин Хятад улс 2017 оны наймдугаар сарын 15-нд Хойд Солонгосоос нүүрс, төмөр, төмрийн хүдэр, хар тугалга, хар тугалгын хүдэр болон далайн бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ. Энэ нь цаашид Пхеньяны эсрэг Бээжингийн байр суурь чангарах болно гэдгийг харуулсан үйл явдал боллоо гэж судлаачид дүгнэж байна. Мөн энэ нь АНУ Хятад улсад үзүүлж буй дарамттай холбоотой ажээ.

АНУ-ын Санхүүгийн яам энэ сарын 22-ны өдөр БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн үйлдэлд Орос болон Хятадын хэд хэдэн компаниудыг холбон  буруутгаж, улмаар нэмэлт хориг хэмжээ авах тухай мэдэгдэл гаргасан юм.

Шинжээчдийн үзэж буйгаар, Солонгосын хойгт нөхцөл байдал хурцадсан энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн Хятад улсад дарамт үзүүлж, шийдвэрээ танилцуулахыг шаардаж байгаа гэв. Вашингтоны энэ бодлогын хүрээнд Хойд Солонгост хариу цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж буй тухай мэдээлэл цацагдсан юм. Харин АНУ-ын генералууд зөрчилдөөнийг шийдвэрлэхэд цэргийн хүчний оролцоо байхыг үгүйсгээгүй ажээ.

Хятад улс БНАСАУ-ын эсрэг чиглэсэн өмнөх хориг арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлээгүй. Иймээс АНУ Хятадад асуудал ноцтой гэдгийг батлахын тулд дарамт үзүүлсэн гэж Трамп хэлсэн удаатай. Харин одоо Бээжин Трамп зорилгодоо хүрсэн гэдгийг үйлдлээрээ харуулах хэрэгтэй гэж судлаачид дүгнэжээ. Гэхдээ нөгөө талаас харахад, Бээжин хоригийг хэр биелүүлж чадах вэ гэдгээс бүс нутгийн нөхцөл байдал хамаарна. Энэ бол БНХАУ болон АНУ-ын хоорондын улс төрийн хэлэлцээний гол сэдэв байр болно гэж судлаачид хэлж байна.
Үүний зэрэгцээ,Хятад улс дээрх хоригийг 100 хувь биелүүлснээ харуулаагүй цагт  Хойд Солонгос гарах гарцгүй байдалд орсон гэж үзэж болохгүй гэв.

Хятад улс хоёр аргаар БНАСАУ-ыг гарах гарцгүй болгох боломжтой. Тодруулбал, тэд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг зогсоож, улмаар Хойд Солонгосын эрчим хүчний салбарыг уналтад оруулах боломжтой. Харин дараа нь хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хориглож, тус улсын ард иргэдийг өлсгөлөнд хүргэх хэрэгтэй гэв. Гэвч өнөөдөр Бээжин Хойд Солонгосыг өлсгөлөнд хүргэж чадахгүй байгаад асуудал оршиж байгаа юм.

Хязгаарлаагүй хориг

Хятадын шинэ хориг БНАСАУ-ын ээлжит пуужингийн туршилттай давхацсан юм. Пхеньян Өмнөд Солонгосын Пэннёндо болон Ёнпхёндо зэрэг хоёр арлыг эзлэхийн тул цэргийн сургуулилт явуулсан.  Харин дараа нь Зүүн Хойд зүгт бага тусгалтай  гурван баллилстик пуужин харвасан билээ. Пуужин ойролцоогоор 250 километрийг туулж, Японы эдийн засгийн бүсийн хил хүрэлгүй унажээ.
БНАСАУ-ын эсрэг авч буй хориг пуужингийн туршилтыг зогсооход ямар нэгэн үүрэг гүйцэтгэхгүй гэв. Учир нь тэд үргэлж хориг арга хэмжээ дор амьдарч ирсэн түүхтэй.

Олон Улсын хориг Хойд Солонгосын эдийн засгийн өсөлтийг удаашруулах нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь тус улсын эдийн засгийн “саарал салбар”-ын өсөлтийг дэмжих болно гэж судлаачид харж байна.
Түүхээс  ажиглахад, 1990-ээд он болон 2000 оны эхэнд Хойд Солонгос хориг арга хэмжээ дор амьдарч байв. Гэхдээ тэд цөмийн пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлэх мөнгө олж чадсан билээ.
Тэд Хойд Солонгосын оёсон хувцас дээр “Хятадад үйлдвэрлэв” гэсэн бичиг нааж, дараа нь экспортод гаргадаг байсан тухай Рейтерс агентлаг мэдээлж байв.

Магадгүй тэд өнөөдрийн хоригоос болж, хуурамч бараа үйлдвэрлэж, хил давуулахыг үгүйсгэхгүй гэв. Ялангуяа хар тамхины үйлдвэрлэл, тээвэрлэлт хөгжих эрсдэлтэй гэж судлаачид хэлж байна.

Daily NK мэдээлж буйгаар, БНАСАУ хар тамхины түүхий эдийг Хятадаас тээвэрлэж, дараа нь бэлэн бүтээгдэхүүнийг экспортлохоор төлөвлөж байна гэв.

Харин үүнийг судлаачид боломжтой зүйл гэж харж байгаа юм. Учир нь 2000 оны эхэнд Зүүн Хойд Азид хар тамхины тээвэрлэлтээр тус улсын нутаг дэвсгэр хамгийн том төв нь байв. Хожим нь энэ хууль бус үйл ажиллагаанаасаа татгалзсан нь  олон улсын зүгээс үзүүлж буй хоригийг буруулж чадсан билээ.

Иймээс энэ түүх өнөөдөр давтагдах өндөр магадлалтай гэж судлаачид харж байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон улс Хойд Солонгосыг саарал бүс рүү түлхэж байна. Харин тэд үүнээс олсон мөнгө цөмийн зэвсэг хөгжүүлэхэд зарцуулна. Үүнийг хянах маш хэцүү гэж судлаачид анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж