Монакогийн Гүнт Улсад энэ сарын 23-нд зохиогдсон “Madame The Glam Monaco” тэмцээний сүүлийн шатанд Мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл шалгарч, гуравдугаар байранд оржээ. Тэрбээр тэмцээний эцсийн шатны шалгаруулалтад монгол үндэсний бүжгээ бүжиглэж сонирхуулсан байна. Загвар өмсөгч бүсгүй маань энэ сарын 30-нд эх орондоо ирэх гэнэ.
Европийн хамгийн баян тансагт тооцогддог Монакогийн Гүнт Улс өөрийн нэрэмжит гоо сайхны тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ. Энэ жил уг тэмцээний эхний шатанд дэлхийн 3000 гаруй оролцогч материалаа ирүүлснээс сүүлийн шатанд шилдэг зургаан оролцогч өрсөлдсөн байна.
“Madame The Glam Monaco” тэмцээний гол зорилго нь дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдийн нүүр царайг тодруулахад чиглэдэг бөгөөд өнгөрсөн жилийн ялагчаар Украйны супер модель Жулия шалгарч байжээ. Тэрбээр тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн брэндийг бүтэн жилийн турш сурталчилсан байна.
Монголын загварын ертөнцөд “Азийн хатан хаан” хэмээгддэг загвар өмсөгч Г.Оюунгэрэлийн хувьд Ази болон Олон улсын чанартай тэмцээнд оролцож байсан туршлагатай оролцогч юм. Мөн уг тэмцээний үеэр Монакод зураг авалтуудад оролцож, гоёлын даашинзны алдарт дизайнерын шоунд энэ сарын 28-нд оролцох юм байна.
А.Сүрэн
Холбоотой мэдээ