Монголчуудыг урт дурын хүмүүс гэдэг. Өнгөрүүлсэн түүх, замнал ч түүнийг гэрчлэх болой. Нойр гэгч биеийг тэжээх атлаа унтаж хэтэрвэл өвчин болно. Жаргал гэгч хүний эрэлт атлаа жаргаж хэтэрвэл зовлон ирнэ хэмээн их хаан айлджээ. Төрийн түшээ гээч чухамдаа энэ л үгийг мөрдлөг болгох учиртай буй за. Гэтэл… Хууль цаазыг ор хөнжилдөө засдаг гишүүний эмгэнэл өнөөдөр харин эерэг жишээ болов. Улстөрчдийн ёс зүй гээч шалдаа буух болоогүй байсныг ухаарлаа.
Түрүүчийн түрүүний парламентад хуучин эхнэрээ залуугаар сольсон нэгэн адлагдаж “Насаараа ханилсан ханиа залуухан амрагаар сольж байгаа хүн улсаа бодно гэвэл гонж” гэж авгай, хүүхний амны бай байлаа. Харин түрүүчийн парламентын хүчингийн хэрэгт холбогдсон, туслах нь хүчингийн хэргээр таслагдсан гэх мэт хачин жигтэй “ хурц өнцөг”-үүдийг хараад гайхдаг болов. Тэгвэл энэ удаад унтсан хэвтсэнээ Төрийн ордонд тайлагнадаг, дотоожоо өмссөн эсэхээ ярьдаг түшээтэй болов. “Мэдээж өмсөнө” гээд шүү дээ. Тохиолдол түүгээр дуусахгүй бололтой. Дараагийн “хүчиндэгч”-ийн талаар шуугиад эхэллээ. Няцаалтаа хаана хийх эсэх нь нэг их чухал биш болов.
Түүнээс өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулгад Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас эрүүгийн хэрэг үүсгэснээ зарлав.
УИХ-ын Ёс зүй дэд хорооноос Д.Гантулга гишүүний халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг удахгүй хэлэлцэх нь тодорхой боллоо.
Тухайн гишүүн хэрэг хийсэн эсэх байтугай шөнө, оройгоор саундаж, айлаар хоног төөрүүлнэ гэдэг өөрөө ёс зүйн ноцтой зөрчил. Ер нь тэгээд энд гэр оронгүй, буудлаар хоног төөрүүлж, будилж, бүдэрч явахын хэрэг байна уу, үгүй юу?
УИХ-ын өөр нэгэн гишүүн болох Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “Д.Гантулгын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүй байхгүй” билээ.
Ер нь улстөрчдөд ёс зүй гээч түй ч алга. Албан тушаалын төлөө нөхрөө байтугай амрагаа худалдахад бэлэн явна. Биесээ тагнасан чагнасан, “хутгалсан”, худалдсан, хуйвалдсан, луйвардсан л хүмүүс болжээ. Тэднээс хүн чанар байтугай, хууль ёс нэхээд хэрэггүй болж.
Хулгайчийг бариарай гэж хашгирч байсан У.Хүрэлсүхийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан гэсэн зүйлчлэлээр яллагдагчаар татахаар Нийслэлийн прокурт хандсанаа АТГ-аас мэдэгдээд буй. Дээр нь УИХ-ын даргын бэлтгэл хийж буй бичлэгээр ил болсон нэгэн зүйл нь, улс төрийн намаас ангид байх ёстой СЕХ-ны дэд дарга хэрхэн хүзүү сээрээрээ холбогдсоныг харж болно.
Дээд шатнаасаа эхлээд ийм ялзарсан завхарсан, муу бүхний дуурайл болсон ийм л гажиг нийгэмд бид амьдарч байна. Бүгд л саунд юбкатай уулзаад ажлаа ярьдаг болсон гэдгийн цаана ямар дур сонирхол нуугдаад байна вэ гэдэг анхаарал татна.
Улс орны амин чухал асуудлыг шийдэхийн тулд бие, оюунаа чилээж сууж ёстой төрийн түшээд биесээ чагнаж, тагнах, биеийн жаргалыг эдлэхээс цааш хэтэрдэггүй болсон нь хөөрхийлөлтэй.
Монголын төр уруудан доройтож, бусдад худалдагдаж явсан шигээ тийм цөвүүн циклийг давтахад төрийн түшээдийн бэлтгэл яг хангагджээ гэхэд хилсдэхгүй.
Өнөөдөр мөнгөтэй л бол нэр дэвшүүлдэг, саналаа хэдхэн төгрөгөөр зарж орхидог явцуу байдлаа зогсоож, харин ч горилогчдод тавих босго, шалгуурыг өндөрсгөх шаардлага урган гарч байна. Ар гэрийн асуудлаа байтугай алд биенийхээ сонирхлыг зохицуулж дийлдэггүй этгээдүүд улс орон удирдахаар хөгжлийн төлөө бодох нь байтугай зүүдлээд ч хэрэггүй билээ.
Урт дурын хүмүүс гэгддэг монголчуудын өнөөгийн төр засгийн түшээд үнэндээ богиноос богино, төөнөөс цааш хэтрэхгүй болжээ.
Нийгэм хууль ёс, ёс зүйгээ алдвал хүчирхийлэл, дарангуйлал, хулгай, дээрмээр л бүхнийг шийддэг болно.
Бид харин түүнийг хүлээн зөвшөөрнө гэж үү? Тиймээс л өнөөдөр тэдэнтэй хариуцлага тооцож, ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө ёс зүй шаардах цаг болсон. Өнөөдөр үүнийг хүлцээд өнгөрвөл маргааш маш том хохирлыг бид амсах нь гарцаагүй. Тиймээс л дур сонирхлоо зөв зүйтэй рүү чиглүүлэх болсон. Ёс зүй гээч доошоо орсон цагт монголчууд бусдын эрхшээлд орж, дээшилсэн үед дэлхийд дуурсгаж явсан үүх, түүхтэй ард түмэн гэвэл бид л байна. Урт дурын улстөрчид Монголд үгүйлэгдсээр…
Холбоотой мэдээ